Төв банкны бие даасан, хараат бус байдал, эрх зүйн зохицуулалтын талаарх хэлэлцүүлэгт СЭЗИС-ийн бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор, доктор, дэд профессор Б.Мөнхзаяа оролцсон юм. Тэрбээр санхүүгийн тогтвортой байдлын талаар илтгэл танилцуулсан. Илтгэлийн үеэр дотоодын нийт бүтээгдэхүүн, гадаад өрийн тэнцэл болон санхүүгийн тогвортой байдлын тайланд дурдагдаагүй асуудлуудыг ярилаа.
Тэрбээр "Хятадын Засгийн газрын өр дотоодын бүтээгдэхүүнээсээ 300 орчим хувь байгаа юм. Манай Монгол улсын хувьд 70 орчим хувь гэдэг бол хэтэрхий бага байна. Бараг нэмэгдүүлж болох юм бишүү гэсэн иймэрхүү мэдээллүүд хүмүүсийн дунд нэлээн явж байсан. Гэхдээ хөгжлийн түвшин ямар билээ, орлогоо бид нар хаанаас олж байгаа билээ, эргэж юугаар төлөх билээ гэдэг нөхцөл байдалтайгаа уялдуулж харах хэрэгтэй. Засгийн газрын гадаад өр, дотоодын бүтээгдэхүүний харьцаа 68 хувь орчим байсан. Ойролцоогоор 70 хувь. Гэтэл манайх шиг хөгжиж байгаа улс орнуудын хувьд Засгийн газрын гадаад өр, дотоодын бүтээгдэхүүний харьцаа бол 45 орчим хувь байхад хангалттай. Тэрнээс давах юм бол өрийн дарамтад орно гэсэн байдаг. Гэтэл өрийн дарамт, Засгийн газрын өрийн удирдлагын бодлоготой холбоотойгоор санал, дүгнэлт тогтвортой байдлын тайланд дурдагдаагүй байна. Тэгэхээр өрийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа Засгийн газар энэ дээр ямар эрсдэлүүд байгаа вэ гэдэг дээр дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй байна" гэсэн юм.
Сүүлийн үед эрчээ аваад буй крипто зах зээлийн тухай ч мөн ярьсан юм. "Виртуал хөрөнгө, крипто, койн зэрэгтэй холбоотой эрсдэлүүд тогтвортой байдлын тайланд дурдагдаагүй байна. 2021 оны эхний хагас жилийн байдлаар гэхэд 1,9 их наядын гүйлгээ хийгдсэн. Давтагдсан тоогоор 800 орчим мянган хэрэглэгч энэ арилжаанд оролцсон байгаа. Тэгэхээр хэн зохицуулах нь тодорхойгүй энэхүү нөхцөл байдалд санхүүгийн мэдлэг дутмаг хүмүүсийн хувьд луйврын эрсдэлд орох нөхцөл бүрдээд байна. Олон улсын жишгээр крипто валютыг Төв банк биш санхүүгийн зохицуулах хороотой ижил чиг үүрэг бүхий байгууллага зохицуулж байгаа. Тэгэхээр энэ дээр ямархуу зохицуулалтууд байх юм, юуг зөвшөөрөх вэ, юуг хязгаарлах вэ гэдэг дээр олон нийтэд маш хурдан шуурхай, үнэн зөв мэдээлэл хүргэх асуудал чухал байна гэж харж байна" гэлээ.
Тэрбээр үргэжлүүлэн "Судалгааныхаа ажилдаа би Харвардын эдийн засагчдын "Хямралын дараах төв банкны шинэ дүр төрх" гэсэн нэртэй судалгааны ажлын арга зүйг ашигласан. Үүн дээр юу гэж дурдаж байгаа вэ гэхээр Төв банкнаас Засгийн газрын хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээнүүд дээр хязгаар тавих эрх мэдэл байдаг уу? гэсэн асуулт байгаа юм. Тэгэхээр одоогийн эрх зүйн зохицуулалтаар бол байхгүй байна. Ипотекийн зээл нь Төв банкны бодлогын хүүгээс доогуур түвшинд байсныг бүгд мэдэж байгаа. 15 хувь байхад 8 хувийн хүү болгож зөрүү 7 хувийг Төв банкны тайлан тэнцэл дээр алдагдал гэж бүртгэгдсэн байгаа. 2020 оны жилийн эцсийн тайланг харахад Төв банкны үйл ажиллагаа, баланс, тайлан тэнцэл сүүлийн таван жилийн хугацаанд ойролцоогоор 2,5 дахин өссөн байсан. Энэ алдагдлын хэмжээ дөрвөн тэрбум төгрөгтэй дүйцэхүйц байгаа. Энэ алдагдлыг дотор нь нарийвчлаад задлавал ипотекийн зээлийн зөрүү хүүний алдагдлыг энд оруулж тооцож байна. Хэдийгээр төв банкны хараат бус байдал, эрх зүйн хувьд зарим талаараа хангагдсан байна гэдэг дүгнэлтүүд гарч байгаа боловч бодит гүйцэтгэл дээрээ харвал санхүүгийн алдагдлууд, банкны тайлан тэнцэл өргөжиж байгаа энэ байдал ямар үр дүнтэй байгааг харуулж байгаа гэж бодож байна" гэж онцолсон юм.