Төв банкны бие даасан хараат бус байдал, эрх зүйн зохицуулалтын талаар хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн үеэр салбарын эрдэмтэн, судлаачид төв банкны хараат бус байдлыг сайжруулах эрх зүйн орчны талаарх судалгаа, дүгнэлтээ танилцуулсан юм. Төв банк бие даасан, хараат бус болсноор мөнгө, санхүүгийн тогтвортой байдал хангагдах урьдач нөхцөл болж, урт хугацааны эдийн засгийн хөгжлийн дэмжлэг болохыг онцоллоо.
Энэ талаар Монгол банкны хууль, эрх зүйн газрын Төв банкны эрх зүйн хэлтсийн захирал Б.Эрдэнэхуяг "Банкны бие даасан хараат бус байдал өөрөө харьцангуй ойлголт. Өнөөдөр дэлхий дээр 100 хувь бие даасан хараат бус байдалтай Төв банк нэг ч байхгүй гэдэг судалгааны үр дүн байгаа. Гэхдээ үүнийг ямар байдлаар сайжруулах вэ гэдэг асуудал дээр өнөөдрийн хэлэлцүүлэг, онол практикийн хурал болж байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар төв банкан дээр ковидийн цар тахал уламжлалт онолынхоо хувьд тодорхой хэмжээний эрсдэл үүссэн байна гэдэг зүйлүүдийг ярьж байгаа. Жишээлбэл Засгийн газраас хараат бус байх, дээрээс нь үнийн тогтвортой байдалд тууштай байна уу? Инфляцыг богино нам дор түвшинд тууштай барьж чадаж байна уу зэрэг асуудлыг та бүхэн харж байгаа байх. Ковид эхлэх үед инфляц доошоо хоёр хувьд байсан бол өнөөдөр 10 орчим хувьтай байна. Тэгэхээр энэ инфляц савлагаатай байна гэдэг нь Төв банкны хараат бус байдлаас хамаарч байна уу, үгүй юу гэдэг дээр л өнөөдөр судалгааны хэлэлцүүлэг маань өрнөж байна гэсэн үг. Энэ ковидын цар тахлын нөлөө цаашид яах нь тодорхойгүй. Ер нь Монголд ч биш дэлхий даяараа тодорхойгүй байна. Тэгэхээр эхлээд бодитой үр дүнг нь харж, судалгаан дээрээ үндэслээд үүнийг цаашаа хэрхэн сайжруулах арга хэмжээнүүдийг авах шаардлагатай" гэж хэлэв.
Төв банк үйл ажиллагааныхаа үндсэн зорилт болох үнийн түвшний тогтвортой байдлыг хангах үндэслэл нь бие даасан хараат бус байдлыг хангана гэдгийг хэлэлцүүлгийн үеэр судлаачид онцолсон юм.
"Төв банк гэдэг нь төрөөс эдийн засгийг зохицуулах Үндсэн хуульд заасан байгууллагуудын нэг. Хэдийгээр Төв банкийг шууд Үндсэн хуульд заагаагүй боловч төрөөс эдийн засгийг удирдан зохион байгуулна гэсэн чиг үүргийг тодорхой хэмжээгээр хэрэгжүүлдэг ийм байгууллагын баг. Өнөөдрийн Төв банкны эрх зүйн байдал, бие даасан хараат бус байдлын асуудал бол өнөөдрийн энэ эдийн засгийн болоод ковид-19-н нөхцөл байдлын хувьд эргэж харах, сайжруулах, тодорхой болгох шаардлагатай байгаа гэдэг нь харагдаж байгаа юм.
Ковидын өмнөх нөхцөл байдлыг аваад үзэх юм бол мэдээж удирдлагын тогтвортой байдал хангалттай хэмжээнд байсан уу гэвэл байгаагүй гэдэг нь илтгэлүүдийг харахад тодорхой байна. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагаа маш богино хугацаанд ойр ойрхон солигддог байсантай холбоотойгоор Монгол банкны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хуульд зааснаасаа богино байсан ийм үр дүн харагдаж байгаа. Эдийн засаг хоёр, гурван жилээр ковидийн нөхцөл байдалд саармагжих, эдийн засгийн үйл ажиллагаа удаашрах ийм нөхцөл байдлыг манай эрх зүйн тогтолцоо, ер нь дэлхий даяар төдийлөн тооцоогүй. Тэгэхээр энэ хүрээнд Засгийн газрын чиг үүрэг, эдийн засгийг удирдах чиг үүрэг дэлхий даяар нэмэгдэж байна. Энэ утгаараа мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг, тодорхойлдог байгууллагын эрх зүйн байдал ч гэсэн тодорхой хэмжээгээр эргэж харах, тодорхой болгох ийм шаардлага гараад байгаа юм" гэж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүгч, МУИС-ийн хууль зүйн сургуулийн багш Т.Мөнх-эрдэнэ ярилаа.
Судалгаанаас харахад улс орнууд төв банкны бие даасан, хараат бус байдлын ач холбогдлыг өндөрт авч үзэж, бие даасан байдлыг Үндсэн хууль болон нарийвчилсан органик хуульд тусган баталгаажуулдаг байна.