Монгол Улсад орчин цагийн хууль зүйн алба үүсэж хөгжсөний 110 жилийн ойн хүрээнд өчигдөр "Монгол Улс дахь хувийн эрх зүйн шинэтгэлийн явц, тулгамдаж буй асуудал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо.
Тус хуралд Хууль зүйн сайд Х.Нямбаатар болон хувийн эрх зүйгээр дагнасан мэргэжлийн багш, эрдэмтэн судлаачид, олон улсын төлөөлөгчид оролцсон юм.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Иргэдийн амьдрал яаж сайжрах вэ гэвэл тухайн улс орны эдийн засаг хүчтэй, хурдацтай хөгжиж, тэлж байж, цалин амьжиргаа социалын бүх асуудлууд зэрэгцэж шийдэгддэг цогц зүй тогтолтой. Бидний өмнө тулгамдаж байгаа зүйл бол эдийн засаг эрчимжүүлэх, эдийн засгийг эрчимжихэд эрх зүйн хөгжлийг түргэтгэж шинэтгэлийг хийх ийм шаардлагууд тулгамдаж байгаа нь маш тодорхой. Тэр ч утгаараа хууль зүй, дотоод хэргийн яам цаашид хувийн эрх зүйн салбарын хөгжлийг түргэтгэхэд, бид ямар төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ, ямар хууль тогтоомжуудад шинэчилсэн найруулгууд хийх вэ гэдэг бодлогуудаа, өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал дээр танилцуулж, дүгнэн ярилцах зорилгоор хурлыг зохион байгуулж байгаа.
Он гараад бид нар эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг оруулж ирэхээр төлөвлөж байна. Үүний нэг нь авилга, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгах, цахим болон санхүүгийн сүлжээн дэх залилан мэхлэх, зохиомлоор үнэ хөөрөгдөх энэ төрлийн гэмт хэргүүд бас амьдралд ихээхэн гарч байгаа. Эдгээрийг нарийвчлан зохицуулах, эрүүгийн хуульд зүйлчлэх шаардлагууд бий болсон. Энэ утгаараа эдийн засгийн гэмт хэргүүд дээр томоохон нэмэлт тодорхой өөрчлөлтүүдийг оруулахаар бас төлөвлөж байгаа.
Дээр нь хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр, зарим төрлийн ял шийтгэлийн бодлогыг чангатгах энэ чиглэл рүү арга хэмжээ авна. Тухайлбал, хүчингийн гэмт хэрэг. Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргүүдэд оногдуулах ял шийтгэлийн бодлогыг чангатгахаар төлөвлөөд хууль боловсруулах ажил эцсийн боловсруулалтынхаа шатанд явагдаж байгаа. Тодорхой төрлийн гэмт хэрэгтэй зөвхөн ял шийтгэлийн бодлогыг чангатгах замаар тэмцэл явуулснаар үр дүнд хүрнэ гэж өрөөсгөлөөр ойлгож болохгүй. Соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх гэмт хэрэг гарч байгаа нөхцөл шалтгаануудыг криминологи талаас нь тогтоож, түүнтэй хийх тэмцлийг давхар явуулж байж тухайн төрлийн гэмт хэргүүдийн гаралт, нийгэмд үзүүлж байгаа хор нөлөөллийг бууруулах чиглэлээр цогц арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байгаа. Хамгийн гол дэвшүүлэн тавьж байгаа зорилт бол хувийн эрх зүйн салбар.
Бизнесийн эрх зүйн орчныг цэвэр тунгалаг болгох, дүрмийг нь тодорхой болгож өгөх, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулах ийм шаардлага байгаа. Иргэн бизнестэй харилцахдаа ямар гэрээ хэлцэл байгуулах вэ? Бизнес, том бизнесүүд өөр хоорондоо гэрээ хэлцэл хийхэд ямар эрх зүйн эх сурвалжуудыг бий болгох вэ гэдгийг өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал дээр бид бүхэн яамны барьж байгаа бодлогыг нэлээн дэлгэрэнгүй илтгэхээр бэлдсэн гэдгийг та бүхэнд хэлье" гэв.