Хил хаагдаж бараа бүтээгдэхүүн орж ирэхээ больсноос хойш нэлээн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд үнийн хөөрөгдөл болж хүнс, хувцас, барилгын материал гээд бүх бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Энэ нь өндөр татвар төлдөг, цалин багатай иргэдийн хувьд хүнд тусаж байна. Баянхошуу, Дарь-Эхийн захын дэлгүүрүүдээр явахад иргэд хоногийн хоолны мах, ногоогоо граммлан, зээлээр авч байгаа юм. Өмнө цалингаа буухаар өрөө өгдөг байсан бол одоо өрөө өгөөд маргааш нь дахиад зээлээр хүнсээ авч байна гэж худалдагчид хэллээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зардаг дэлгүүрүүд гялгар уутгүй болсон, зарим нэр төрлийн бараа огт ирэхээ больсон, бүх бараа бүтээгдэхүүн цаанаасаа нэмэгдэлтэй ирж байна. Худалдан авагчид цөөрч, өдрөөс өдөрт орлого буурч байна гэсэн юм.
Худалдагч Б “Бараанууд хамгийн багадаа 300-400 тэгээд үүнээс дээш нэмэгдэлтэй орж ирж байна. Будаа, элсэн чихэр нэмэгдэж орж ирж байгаа. Гаднаас ирдэг чихрийн үнэ ч их нэмэгдэж байна. Печень гэхэд хамгийн багадаа 1000 төгрөгийн нэмэгдэлтэй. Хүн орж ирэх нь цөөрсөн. Ерөөсөө юм авахгүй байна. Ургамлын тос гэхэд л 7000 төгрөгөөр зарагддаг байсан бол 8300-9000 болтлоо өссөн. Нэмэхгүй байя гэхээр өдөр, шөнөгүй дэлгүүртээ сууж байгаа бидэнд ямар ч ашиггүй. Хүмүүс бичүүлсээр байгаад өрийн дэвтэрт 2-3 сая төгрөгийн өр байна. Өмнө өрөө дараад дараагийн цалин хүртлээ болгодог байсан хүмүүс маргааш нь дахиад шууд зээлээр хоолныхоо материалыг авч байна шүү дээ. Том хэмжээтэй мах авахгүй.
Жижиглэнгээр ирсэн махнууд маш сайн зарагддаг. Хүмүүс орж ирээд үнэ нэмэгдсэн байна л гэдэг юм. Би ямар нэмчихсэн биш дээ гээд л сууж байна. 11 сарын дунд үеэс хойш ер нь л худалдан авалт илт багасчихсан. Манай дэлгүүр л ганцхан ийм муу байгаад байгаа юм уу мэдэх юм алга. Архи, лаазтай ундааны сав баглаа боодол гаднаас орж ирдэг байсан учраас бүр огт ирэхгүй тасарчихсан байгаа. Би өмнө нь хэдийг нөөцөлсөн тулдаа л арай гайгүй бараатай байна. Манайх сард сая 500 мянган төгрөгийн түрээс төлдөг. Одоо он гараад цахилгааны мөнгөө төлж эхэлнэ. Олон хөргөгч ажиллуулдаг, орлого муутай л байна” гэсэн юм.
Дарь-Эхийн дэлгүүрүүдээр ороход үйлчлүүлэгч цөөн, зарим дэлгүүрийн хувьд бараа материал бага байсан бол эсрэгээрээ огт зарагдаагүй гологдол бүтээгдэхүүнээ ялгаж байгаа ч худалдаа эрхлэгчидтэй таарлаа. Иргэд чихэр, жигнэмгээс илүүтэй боов, талх, төмс, лууван, гурил, будаа, мах илүүтэй авч байгаа харагдана. Төмс, луувангаа жижиг гялгар уутанд хийх гэхээр тасарчихсан учраас том торонд хийж өгч байна гэж худалдагчид хэлж байлаа.
“Бүх барааны үнэ л нэмэгдсэн дээ. Уут торноос авахуулаад зарим бараа бүтээгдэхүүн тасарчихсан. Жишээ нь энэ жижиг шилтэй архи ирээгүй гурван долоо хоног болж байна. Саяхан будаа нэг хэсэг ирээгүй. 2600 төгрөгөөр зарагддаг байсан нэг килограмм будаа 3800 болтлоо өслөө. Одоо харин эргээд буучихсан. Авъя гэсэн чихэр нь үнэтэй болчихсон байвал арай хямд чихэр хайна. Тоо, ширхгийг нь багасгана. Өдөр болгон л орж ирж өдөр, өдрийнхөө хүнсийг авдаг хүмүүс олон байна. Зарим хүмүүс ногоогоо 100-200 граммаар эсвэл бүр нэг ширхэг лууван ч авч байна” гэж худалдагч Н хэлэв.
ЦАЛИНДАА ТААРУУЛААД НАРИЙН НОГОО Ч АВАХАА БАЙСАН
Иргэдийн хувьд ч гэсэн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, цалин огт нэмэгдэхгүй, өндөр татвар төлж цалингаас цалингийн хооронд амьдрах хүнд байна. Хүнсэндээ ногоо хэрэглэхээ болиод удаж байна. Боломждоо тааруулаад л амьдарч байна даа гэсэн юм.
"Нэмэгдээд байгаа бараа бүтээгдэхүүний үнэд төр засаг нь хяналт тавих ёстой биз дээ. Ямар шалтгаантай яагаад ингээд байгааг ард иргэд бид мэдэхгүй. Бид хариултаа авч чадахгүй байна. Хүндрэлтэй байна. Сүүлдээ тавилантайгаа эвлэрнэ гэдэг шиг байгаа цалиндаа тааруулаад нарийн ногоо ч авахаа байсан. Ковид дуусахаар сайхан болох байхдаа гэсэн харанхуй, хий хоосон бодол тээсэн л хүмүүс байна. Хүн ямар ганцхан идэхийн төлөө амьдардаг биш. Гарч орох, үзвэр үйлчилгээ үзэх зэрэг бусад хэрэгцээгээ автоматаар таслан зогсоож байна шүү дээ. Хэзээ ч цалин нэмэгдэх юм. Миний хувьд яах вэ тодорхой хэмжээнд өөрийгөө бариад л байж байна. Маш хүнд хэцүү амьдралтай хүмүүсийн тухай ярихаас ч айж байна” гэж ярьсан юм.
Ингээд Баянхошууны эцэст байрлах хүнсний дэлгүүрээр орлоо. Худалдагч Б-ын дэлгүүрийн хувьд гурван өрийн дэвтэртэй. Нэг иргэний өр гэхэд сард 200 гаруй мянган төгрөг болсон байв. Худалдан авагч бага, зээлээр бүтээгдэхүүн авах хүмүүсийн тоо нэмэгдсэн гэлээ.
ХҮМҮҮСИЙН АВДАГ ЦАЛИН БАГА, ТӨЛДӨГ ТАТВАР ИХ
“Өмнө нь зээлээр авсан бүтээгдэхүүнийхээ төлбөрийг нэг дор бөөнөөр нь өгдөг байсан бол одоо хоёр, гурав хувааж төлж байна. Энэ хавийнхаа хүмүүс таньдаг болчихсон болохоор зээл өгнө. Гялгар уут тасарчихсан болохоор уутанд хийх шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ хийж өгч чадахгүй хүндрэлтэй л байна” гэв.
Харин зэргэлдээх дэлгүүрийн эзэн “Өдрөөс өдөрт өдрийн орлого буурсаар л байна. Өнгөрсөн жил 11 сард хил гааль хаагдахад төрөөс татвараас бол энд ондоо ямар нэгэн асуудалгүй гэсэн. Тэгснээ өмнө жил 12 дугаар сард шинэ жилийн үеэр манай дэлгүүрт татварын шалгалт орж ирсэн. Тэгснээ манай дэлгүүр дээр 60 сая төгрөгийн өр бичнэ гэлээ. 2016 оноос хойш таван жил тайлангаа буруу илгээсэн гэнэ. Тэгвэл яагаад тэр үед нь буруу байна гээд хэлчхэж болоогүй юм бэ? 2015 оны сүүлээс л НӨАТ гэж бий болсон. Хүн бүр сайн мэддэггүй байсан. Илгээгдлээ гээд ногоон бичиг гарч ирэхээр нь л зөв гэж бодож байгаа шүү дээ. Тайланг буруу илгээхээр жилээрээ явчихдаг юм билээ. Тэгээд 2016 оноос хойших бүх тайлангаа нягтлан сая 500 мянган төгрөгөөр хөлсөлж байж хамт шөнөжин өдөржин гурван өдөр сууж байж дахиж бичээд 10 сая төгрөг төлөхөөр болсон. Одоо нэгдүгээр сарын 10-нд жилийн эцсийн тайлантай гээд байнга нэхэж байна. Орлогогүй ийм нөхцөлд 10 сая төгрөгийг яаж төлөх үү? Миний компанийн дансыг хүртэл хаачихсан. Компанийн дансаар ямар ч орлого, зарлага хийх боломжгүй болчихсон. Ер нь ийм хүнд үед энэ өндөр татвар үнэхээр хэцүү байна. Биднийг яг яаж амьдар гээд байгаа юм бэ? Дээрээс нь ногоо, жимс нь байхгүй. Хүмүүс хүүхдүүддээ жимс өгье дөө гэхээр үнэ нь тэнгэрт хадчихсан. Хүмүүсийн авдаг цалин бага, төлдөг татвар их. Өдөр тутам л хүмүүс зээлээр тэр өдрийнхөө хоолны хүнсийг авч байна. Жижигхэн 200 грамм мах хиллэхэд 4000 төгрөг болж байгаа. Хүмүүс тэгээд бага багаар нь л авч байна. Зарим нь ч бүр утсаа ч авахгүй алга болчихдог. Амьдрал ийм л байна” гэж учирласан юм.
Хил хаагдаад маргааш нь шууд барааны үнээ нэмдэг худалдаа эрхлэгчид бусдыгаа бодохгүй байна гэж уурласан иргэдтэй ч таарав.
Иргэн Х: Хил хаахаар л маргааш нь шууд бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдчих юм. Уг нь хуучин бараа нь л байгаа биз дээ. Хил хаагдчихсан үнэ нь нэмэгдэж орж ирнэ гэснээ бараа нь орж ирээгүй Худалдаа эрхлэгчид бусад хүмүүсээ огтхон ч бодохгүй юмаа. Жишээлбэл би 30 мянган төгрөгөөр панер авна гэж бодоод 10 ширхэг панер 300 мянган төгрөгөөр авах гэж байсан өдөр хил хаачихсан. Юу ч гэсэн маргааш нь 100 айл дээр очоод үзье гэтэл нэг ширхэг нь 90 мянган төгрөг болтлоо нэмэгдчихсэн. Тэгээд 900 мянган төгрөгөөр 10 ширхгийг авч байгаа юм чинь. Хувьдаа ажил хийдэг хүмүүс гэхээс биш цалингаас цалингийн хооронд ажил хийдэг хүмүүсийн амьдрал хэцүү байна.
Иргэн С: Манай гэр бүлийн хувьд сардаа сая төгрөгийн орлоготой. Би өөрөө хөдөөний хүн. Хөдөө юмны үнэ хотоос илүү л нэмэгдэж байна. Юмнууд нь ховордож байна. Гутал хувцас үнэтэй болчихсон. Ажлын байр насны хязгаарлалттай гээд олдохгүй хүндрэлтэй л байна. Гэхдээ болгож бүтэх талаас нь хараад л амьдарч байна даа.
Иргэн З: Сард сая төгрөгийн цалин авдаг. Хоёр хувааж ордог. Эхний цалингаасаа байрны түрээсээ төлдөг. Ковид гайгүй үед ЭМД, НДШ-ийг багасгаж байснаа хэцүү үед нь улам нэмээд тэгээд гар дээрээ 800 мянган төгрөг авдаг. Түрээсээ өгчхөөд үлдсэнээр нь хүнс, бусад хэрэгцээгээ хангана. Ганц бие надад ийм байхад гэр бүлтэй хүмүүст бүр хэцүү байгаа байх.
Үнийн өсөлт, өрийн дарамтад иргэдийн нуруу бөхийсөөр л байна. Ард иргэд зээлээс зээлийн хооронд гинжин хэлхээ шиг л амьдарсаар. Ийм нөхцөлд өвдөх ч эрхгүй, идэхээсээ илүү гарахгүй амьдарч байна гэх олон хүмүүстэй таарсан юм. Энэ маягаар иргэд цаашид хэрхэн амьдрах вэ?