Хил хаагдсантай холбогдуулан бараа бүтээгдэхүүний хомсдолд орж худалдаа, бизнес эрхлэгчид хүнд байдалд ороод байгаа юм. Хүйтний улирал эхэлж багагүй хугацаа өнгөрлөө. Өвлийн хувцас хайсан хүмүүс зах худалдааны төвөөр их байгаа ч ямар ч сонголт, размер байхгүй байгааг худалдагчид тайлбарлан хэлж байгаа харагдана. Бидний орсон "Алтжин Бөмбөгөр" худадааны төвийн гутлын эрэгтэй тасагт 42-45 размерын л өвлийн гутал байсан бол бэлэн хувцсанд өвлийн куртик өмнө жилийн загварууд зарагдаад дуусаж байлаа. Шинэ жил дөхөж байхад бялууны гол материал болох крем 8000-аас 22 мянган төгрөг болтлоо өссөн байв. Зарим бялууны газрын хувьд сав боглоо боодол нь тасарснаас болж нэрийн бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүйд хүрээд байна гэж хэлсэн юм.
МУИС-ийн ойролцоо байрлах бялууны кафед орж тортны захиалга авч байгаа эсэхийг асуухад үйл ажиллагаа хариусан менежер, ахлах бариста М.Нандинцэцэг "Том том байгууллагууд кремээ татаж аваад, жижиглэн аж ахуй нэгжүүд кремгүй хоцорсон байгаа. Анх дөнгөж нээж байхад нэг крем 8000 төгрөгөөр авч байсан бол одоо 22 мянган төгрөг болтлоо нэмэгдсэн байна. Захиалга авахад хэцүү болсон. Манай нэрийн бүтээгдэхүүн болох “Вox cake” гэж байдаг. Хайрцаг нь тасарсан учраас гарахаа больсон. Хайрцагуудаа ерөөсөө татаж авч чадахгүй байна. Нэг удаагийн хэрэгсэл сэрээ, салфетка, соруул зэргийг мөн татаж авч чадахгүй байгаа. Крем зөвхөн Оросоос орж ирж байна. Олон тоогоор орж ирэхгүй байгаа. Цөөн тоогоор л нөөцөллөө" гэж хариулсан юм.
Хүмүүс өргөнөөр үйлчлүүлдэг төв болох "Алтжин бөмбөгөр" худалдааны төвөөр ороход хүмүүсийн хөл их байсан ч худалдан авалт муу байгааг худалдаачид хэлж байлаа. Сар сардаа бараагаа татдаг байсан ч гэнэт хил хаагдаж байсан бараануудаа зараад ямар сонголт, размергүй болоод удаж байна гэв.
Эрэгтэй гутлын тасгийн худалдагч "Сонголтгүй болоод нэлээн удаж байгаа.Бараа татаагүй бараг хоёр сар болчихсон шүү. Гуталууд ер нь дандаа том размер байгаа. 42, 43, 44 үүнээс доош размер ер нь байхгүй. Алдагдал их хүлээж байна. Хилээр ачаа бараа ирлээ ч гэсэн тээврийн зардал нэлээн өндөр байх шиг байна. Тэгэхээр дагаад гутлынхаа үнийг нэмэхээс өөр арга байхгүй. Өмнө нь тээврийн зардал гайгүй 200, 300 мянган төгрөг байсан бол одоо бараг 600-700, 800-1,000,000 бараг энэ хавьцаа байна. Бараа орж ирээгүй удаж байгаа болохоор яг баттай сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бараа явуулж байгаа Хятадын худалдаачид тээврийн зардал нэлээд нэмэгдсэн гэж хэлсэн" гэлээ.
Бэлэн хувцасны лангуун дээр очход хэдэн куртик, цамц эгнүүлэн өрж, өлгөсөн байлаа. Өвлийн тоотой хэдэн куртик байгаа ч размер, өнгөний сонголтгүй болон байв. "Өмнөх жилийн бараа байгаа. Өмнө жил бас 11 сард хаагдчихсан. Тэр куртикнүүдийнхээ байсан размерын сая зараад дууссан. Одоо бараг размергүй болчихсон. Хүмүүс өвлийн хувцас их асууж ирж байгаа. Размер байна уу, сонголтгүй болчихсон байна, лангуунууд хоосон байна шүү дээ гээд л яваад байна. Бараагаа захиалах нь захиалчихсан. Одоо ирээгүй байгаа. Тээвэрлэлтийн үнэ нэлээн нэмэгдсэн гэж яриад л байна. Одоо бараа ирэхээр л мэдэгдэнэ. Орлого муудчихсан гэхдээ сар болгон түрээс төлж байгаа шүү дээ. Зарах бараагүй болчихсон хүнд байгаа. Тэгээд байгаа бололцоогоороо цамц, янз бүрийн бараа тавиад сууж байна. Өвлийн улирлынхаа размертай бараа зарж чадахгүй байгаа. Орж ирэх гэсээр байтал улирал нь дуусах нь ойлгомжтой. Тэгээд хаврын бараатай золгоно" гэж хэлсэн юм.
Иргэдийн хувьд өдөржин яваад ч таарах хувцас олдохгүй, өвлийн бараа дууссан. байгаа хэдэн бараа нь "тэнгэрт хадсан" үнэтэй байгаад бухимдалтай байлаа.
"Ер нь муу ч бай сайн ч бай хувцас, хоол хүнс бүгд жигд үнэтэй болгочихсон байналээ. Өмнө нь авдаг байсан юмаа авахаар үнэ нь бараг хоёр дахин нэмэгдчихсэн" гэв.
"Байгаа ганц нэг юм нь нэлээн үнэтэй. Арай л дэндүү үнэтэй байна. Ер нь маш ховор байна. Сонголтгүй. Би одоо хүртэл куртик авч өмсөж чадахгүй явж байна. Гутал хайгаад олдохгүй байна. Өвлийн гутал ялангуяа бүр олдохгүй байна. Нарантуул захаар явсан. Одоо энэ Бөмбөгөрөөр ингээд явж байна. Гутал куртик авах гээд л яваад байна. Ер нь үнэтэй, сонголтгүй, размергүй байна" гэлээ.
БНХАУ-ын талаас хилээ хаахад дотооддоо сав баглаа боодлоо ч үйлдвэрлэдэггүй манай улсын хувьд бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа үргэжлүүлэхийн тулд арай ядан "амь зогоон" дараагийн бараа иртэл торж үлдэхийн тулд байдгаа барж байна. Өмнө нь ч мөн адил нарийн ногоогоор тасарч байсан иргэд, худалдаачид өнөөдөр бараа бүтээгдэхүүний хомсдолд орж байна. Хил хаасанд гол асуудал биш. Дотоодоо хангах ганц ч үйлдвэргүй байгаа нь өнөөдөр өөрөө асуудал юм. Тиймээс төр засаг үүнийг ойлгож, алсын хараатай арга хэмжээ авч, цаашид үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх шаардлагатай болсон нь хоосорсон лангуу, иргэдийн бухимдлаас харахад тодорхой байна.