“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тээвэр, ложистикийн төвийн дарга Х.Олзбаатартай уулзаж ажлынх нь ололт, амжилт, зарим асуудлын талаар тодрууллаа.
-Манай цехийн хувьд оны эхний 10 сарын байдлаар хөдөлмөрийн аюулгүй байдал, галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнд гологдол зөрчилгүй ажиллалаа. Цехийн ажлын үзүүлэлтээс дурдвал, төмөр замын нийт ачаа тээвэрлэлтийн төлөвлөгөөг 122 хувиар, зэс, молибдены баяжмал ачилтын төлөвлөгөөг 124.5 хувиар тус тус давуулан биелүүлж, төв агуулах 724 тэрбум төгрөгийн бараа эргэлттэй ажиллаж байна.
-Танай цех нэмэлт орлого олох, үргүй зардлыг багасгах, ашиглалтын зардал бууруулах зорилт тавин ажилласан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Манай үйлдвэрт агуулах нөхцөлөөр нийлүүлэгдэж буй бараа материалуудыг Эрдэнэт өртөөнөөс үйлдвэрийн төв агуулах хүртэлх сэлгээний таталт, тавилтын тарифыг шинэчлэн батлуулж мөрдөн ажиллаж байна. Шинэчилсэн үнэ тарифыг Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор батлуулан өнгөрсөн оны 6-р сараас мөрдөн ажилласан. Шинэчилсэн тариф мөрдсөнөөр өнгөрсөн онд 225 сая төгрөг, энэ оны эхний 11сарын байдлаар 373 сая төгрөг, жил хагасын хугацаанд 600 орчим сая төгрөгийн нэмэлт орлого үйлдвэрийн дансанд төвлөрүүлсэн. Өмнө нь энэ төрлийн үйлчилгээний үнэ тариф бага, зөвхөн Ачит-Ихт, Эрдмин компанид илгээсэн болон хүлээн авсан ачаатай вагоны таталт тавилт, зам арчилгааны хөлсөнд жилд 40 орчим сая төгрөгийн нэмэлт орлого олдог байсан.
-Манай цехийн материалын зардлын 42 орчим хувийг сэлгээний илчит тэрэгний ашиглалт, засвар үйлчилгээний зардал эзэлдэгт дүн шинжилгээ хийж, жилээс жилд бууруулах шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна. Манай цехийн үйл ажиллагааны үүрэг чиглэлийн нэг нь зэсийн баяжмалын ачилтыг хоосон вагоноор жигд, тасралтгүй хангах явдал бөгөөд ачилтад ихэвчлэн нүүрс шохой гэх мэт нурмаг ачааны буулгалтаас суларсан вагоныг ашигладаг.
Ингэхдээ, буулгалтаас суларсан хоосон вагон бүрийг Эрдэнэт өртөөнд буцаан оруулж техникийн болон ачаа коммерын үзлэгт оруулан дараачийн ачилтад тэнцэх эсэхийг шалгуулан зөвшөөрөл авч, буцаан авчирч, зэсийн баяжмалаа ачдаг байсан. Энэ нь хоногт дунджаар 4-өөс 5 удаа Эрдэнэт өртөө рүү явах шаардлага гардаг гэсэн үг. Манай цехэд анхнаасаа л вагон үзэгчийн орон тоо байдаггүй, хэрвээ байсан бол бид өөрсдөө вагоноо үзлэгт оруулаад ачилтад тэнцэх эсэхийг нь тодорхойлох боломжтой. Гэхдээ бид энэ асуудлыг Эрдэнэт өртөө болон техник үйлчилгээний газрын удирдлагуудтай зөвшилцөн хоёрчилсон үзлэгийн аргачлалыг нэвтрүүлэхээр тохиролцон, улмаар хоосон вагоноо нааш цааш авч явдаг илүү үйлдлийг зогсоож асуудлыг шийдвэрлэсэн. Ингэснээр, буулгалтын дараачаар хоосон вагоноо авч Эрдэнэт өртөө явдаг байсан ажил зогсож, илчит тэрэгний ашиглалт сайжран түлш, масло, тосны зардлыг 20-25 хувиар багасган бодит хэмнэлттэй ажиллаж байна.
Жил бүрийн оны сүүлчээр хийгддэг үйлдвэрийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийн тооллогын ажил явагдаж байна. Хэдийгээр тооллоготой байгаа ч үйлдвэрийн чухал шаардлагатай бараа материалуудыг тооллогын ажлын хэсгийн даргын зөвшөөрлөөр олгож байгаа. Мөн манай цех дээр УБТЗ-ын вагон, ачаа тээвэр, хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан байцаагчид ажиллаж байна. Манай цехийн хөдөлгөөнтэй холбоотой ажилчид жил бүр УБТЗ-д мөрдөгдөж буй хууль, нийтлэг багц дүрэм, журмуудын мэдлэгээр шалгалт өгч ажиллах зөвшөөрлөө авдаг. Энэ жил цар тахлаас шалтгаалаад энэ шалгалт хойшилж өнгөрсөн долоо хоногт манай ажилтнууд шалгалтдаа амжилттай хамрагдлаа.
-Хөрөнгө оруулалтын чиглэлээр ямар ажил хийгээд байна вэ?
-Дэлхий нийтийг хамраад байгаа цар тахлын улмаас тээврийн салбарт үүсээд буй хүндрэлтэй байдлын улмаас бараа материалын нийлүүлэлт тасалдах, саатах байдал их байна. Үүнээс улбаатайгаар хөрөнгө оруулалт, их барилгын ажил удаашрах, цаг хугацаанаасаа оройтох явдал гарч байгаа. Манай цехийн хувьд их барилгын чиглэлээр төлөвлөсөн ажлуудыг ондоо багтааж дуусгана. Өнөө жилийн урт сайхан намар барилгын салбарт сайхан боломж олголоо. Энэ онд хийхээр төлөвлөсөн ажлуудаас хоёр ажил нь 100 хувь биелсэн. Тухайлбал, Зүтгүүрийн депогийн цахилгаан хангамжийн дэд бүтэц тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажил байсан. Байгуулагдсан цагаасаа хойш засвар шинэчлэл хийгдээгүй, цахилгааны кабель муудсан, олон залгаа мүфттэй гэх мэт. Иймээс шинэ трансформатор тавьж, цахилгааны кабель утсыг нь шинэчлэлээ. Одоогийн байдлаар хөрөнгө оруулалтын ажил 70 орчим хувийн биелэлттэй явж байна.
-Вагоны хүрэлцээ хэр байгаа вэ?
-Энэ жил өмнөд хөршид эрчим хүчний хомсдол үүссэнтэй холбоотойгоор нүүрсний үнэ эрс өсөж, улмаар Монголоос экспортлох нүүрсний ачилтад вагоны эрэлт хэрэгцээ маш их байгаа. Гэвч УБТЗ-тай байгуулдаг төлөвлөгөөт гэрээний дагуу сар бүрийн ачилтыг тогтмол жигд хангаснаар үйлдвэрийн үйл ажиллагаа доголдохгүй явж байна. Төлөвлөгөөт гэрээ гэдэг нь хоёр тал хоёулаа хариуцлага хүлээнэ гэсэн үг. Бид захиалсан вагоноо ачиж чадахгүй, УБТЗ вагоноор хангаж чадахгүй бол буруутай тал нь торгууль хүлээдэг. Өнөөдрийг хүртэл аль аль тал нь гэрээний хэрэгжилтээ хангаад ямар нэгэн асуудалгүй явж байна. Төмөр замын тээврийн тариф 2013 оноос хойш өөрчлөгдөөгүй тогтвортой байсан. 11-р сарын нэгнээс экспортын нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдрийн тээврийн тариф 10 хувиар нэмэгдсэн. Нэг вагон зэсийн баяжмалыг 3046300 төгрөгөөр тээвэрлэж байна.
-Бараа материал татан авахад хүндрэл бэрхшээл хэр гарч байна вэ?
-Дэлхий нийтийг хамраад буй цар тахлын нөлөөнд магадгүй хамгийн их өртөж буй салбар нь тээврийн салбар байх шиг байна. Энэ нь зөвхөн монгол биш урд хойд хөрш ялгаагүй л тээврийнх нь салбарын нөхцөл байдал хүндрэлтэй, зардал өсөхөөр дагаад бараа материалын үнэ өсдөг. Ялангуяа өмнөд хилийн ачаа бараа солилцоо их хүндрэлтэй байна. Манай үйлдвэрийн хувьд технологийн чухал шаардлагатай материалууд болон үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлийн томоохон төслийн ажлуудад шаардлагатай бараа бүтээгдэхүүнүүд хил дээр саатах, цаанаасаа ачигдахгүй удах тохиолдол их гарч байна. Аль болохоор түргэн шуурхай татан авах талаар УБТЗ-тай хамтран ажиллаж байгаа. Цаашид аль болох хүний оролцоо багатай, шилжүүлэн ачилт хийгддэг тээврийн хэрэгсэл болох чингэлэг, “опен топ” буюу задгай чингэлэг рүү шилжих хандлага гарч байна. Зайлшгүй шаардлага ч гэж хэлж болно.
-Манай цехийн нэг онцлог нь өдөр бүр гаднын байгууллага болох гааль, төмөр замтай ажил төрлийн уялдаатай байж, өдөр шөнө, амралт, баяр ёслолын өдөр үл харгалзан тус үйлдвэрт авто замаар болон төмөр замаар нийлүүлж буй бараа материалуудыг хүлээн авах ажлыг шуурхай зохион байгуулж ажилладаг. Энэ нь цар тахлын халдварын эрсдэлтэй цаг үед биднээс илүү их хариуцлагатай байхыг шаардаж байна. Манай хамт олон энэ хүнд цаг үед үйлдвэрийнхээ тасралтгүй үйл ажиллагааг хангах, төлөвлөгөө нормоо биелүүлэх, өртөг зардлаа хэмнэн нэмэлт орлого олж, осол зөрчилгүй ажиллахад илүү анхаарал тавин ажиллаж байна.