/Гэрэл зургийн эх сурвалж: NYT/
Сүүлийн үед нийгмийн сүлжээний цахим орчинд Монгол улсад сүргийн дархлаа үүссэн гэх таамаглал харагдах болсон учраас доорх мэдээллийг хүргэхээр зорилоо. Юуны өмнө сүргийн дархлаа гэж юу вэ? Ямар нөхцөлд үүсэх боломжтой вэ? Халдварт өвчин бүрд сүргийн дархлаа үүсэх үү гэх мэт асуултыг шинжлэх ухааны онолын хүрээнд ойлгох нь зүйтэй. Мөн Ковид-19 өвчний хувьд сүргийн дархлаа үүсэх боломжтой юу? Олон улсад судлаачид юу гэж үзэж байгаа талаарх мэдээллийг хүргэж байна.
Сүргийн дархлаа гэж юу вэ?
“Herd immunity” буюу Монгол хэлэнд сүргийн дархлаа, нийтийн хамгаалалт гэх мэтээр орчуулаад байгаа энэхүү шинжлэх ухааны ойлголт нь нийт хүн ам ямар нэгэн халдварт өвчний эсрэг вакцинжуулалтад хамрагдах, тодорхой хувь нь халдварт өртөж өвчлөх эсвэл өвчлөхгүйгээр эсрэг бие үүсэж дархлаатай болохыг хэлдэг. Хүн амын дийлэнх хэсэг буюу 60-80 хувьд нь эмгэг үүсгэгч бичил биетийн эсрэг дархлаатай болсноор дархлал султай цөөнх хэсэг нь тухайн өвчнөөс хамгаалагдах боломжтой нөхцөл байдал үүснэ. Халдварт өвчин нь
·халдварт өртөх бие махбод
·халдвар дамжих зам
·халдварын эх уурхай
гэх гинжин хэлхээнд оршиж, уг хэлхээ тасраагүй тохиолдолд тухайн халдвар үргэлжилсээр байдаг. Харин хүн амын дийлэнх тухайн халдварт өвчний эсрэг дархлаатай болоход халдварт өртсөн ч өвчлөхгүй байснаар тус гинжин хэлхээ үргэлжлэх нөхцөлгүй болж халдвар тархалт зогсож, вакцинаар хамгаалагдах боломжгүй хүн амыг ч тухайн өвчнөөс хамгаалах боломж олгодог нь сүргийн дархлааны гол ач холбогдол юм.
Гэхдээ ямарваа нэг халдварт өвчний эсрэг сүргийн дархлаа үүсэхэд хэд хэдэн нөхцөлийг хангасан байх шаардлага тулгардаг. Үүнд: Тодорхой нэг хүн халдварын эсрэг дархлаатай болоод олон нийтийн дунд өвчилсны дараах хүчтэй бат бөх дархлаа тогтдог байх зэрэг нь чухал юм.
Халдварын эсрэг дархлаа хүн амын хэдэн хувийг хамрахад сүргийн дархлаа үүсдэг вэ?
Энэхүү ойлголт нь өвчин бүрийн үүсгэгчийн шинж чанараас хамаарч харилцан адилгүй байдаг. Үүсгэгчийн халдварлуулах чадавх, мутацид хэр орж байгаа болон өвчилсний дараа үүсэж байгаа дархлаа, мөн тухайн хүний өөрийн дархлаа тогтолцооны чадавх зэрэг олон зүйлээс хамаарна. Жишээлбэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага улаан бурхан өвчний хувьд хүн амын 95%-ийг хамарч дархлал тогтсон үед үлдсэн 5%-ийг хамгаалах боломжтой гэж үздэг. Учир нь улаан бурхны үүсгэгч нь халдварлах чадвар маш өндөртэй. Тухайн халдвар үүсгэгчийн дамжих чадамжаас хамаарч ихэвчлэн хүн амын дунд 50-90% нь дархлаатай болсны дараа өвчлөл буурах хандлага ажиглагддаг. Гэхдээ энэхүү хувь нь алтан босго биш юмаа, учир нь хүн амын хоорондын хамаарал, вирусийн хувьсан өөрчлөгдөх чадвар зэргээс хамаарч дээш доош хэлбэлзэх боломжтой. Сүргийн дархлааны босго үзүүлэлтэд хүрээгүй ч эерэг нөлөө үзүүлж болно, босго давсан ч халдвар тархалт ажиглагдсаар байх боломжтой. Жишээ нь улаан бурхан, гахайн хавдар, салхин цэцэг зэрэг өвчний жишээгээр ойлгож болно. Эдгээр өвчин элбэг тохиолдож байсан боловч сүүлийн үед ховор тохиолддог өвчин болсон нь нийт хүн амын төвшинд дархлаа үүссэнтэй холбож ойлгож болно. Гэтэл томуу мэт байнга мутацид ордог вирусийн халдварын хувьд тухайн үүсгэгчийн эсрэг үүссэн эсрэг бие богино хугацаанд хамгаалж байгаагаас шалтгаалан хамгаалалт нь богино хугацаатай байна.
SARS-Co-V2-ийн үүсгэгчийн эсрэг сүргийн дархлаа үүсэх үү?
Бусад халдварт өвчний нэгэн адилаар онолын хувьд олон тооны хүн халдвар авч өвчлөх эсвэл өвчний эсрэг вакцин хийлгэж дархлаа үүсгэх замаар сүргийн дархлаанд хүрэх хэдий ч сүүлийн үед үнэхээр сүргийн дархлаа үүсэх үү эсвэл ханиад томуу шиг байнга өвчлөх үү гэдэг асуулт гараад байна.
Уг цар тахлын эхэн үед хүн амын 70% дор хаяж тухайн өвчинд дархлаатай болсон үед л бид хэвийн байдалдаа эргэн орох боломжтой гэж олон судлаачид тооцоолж байсан. Вирусийн хувьсах чадвар, хүн хоорондын харилцан хамаарал зэрэг хүчин зүйлс нь сүргийн дархлаа тогтоход нөлөөлдгийг ч сануулж байсан. Жишээ нь хүн ам зай барих, маск зүүх зэргээр хоорондын харилцааг бууруулахад вирусийн тархалт буурна, гэвч олон нийтийг хамарсан арга хэмжээ нээгдэхэд вирус мутацид орж, илүү халдварлах чадвартай болж халдварын тархалт ахин нэмэгдэнэ. Дельта хувилбарын тархалт идэвхжиж хүн амыг олноор хамарснаар дээрх 70% хүрэхэд сүргийн дархлаа үүсэх тухай таамаглал боломжгүй гэдэг нь харагдсан. Тэгвэл ковид-19 өвчний эсрэг сүргийн дархлаа үүсэхэд хүндрэл үүсгэхэд нөлөөлж болох дараах хүчин зүйлс ажиглагдаж байна.
1. Халдварын эсрэг дархлааны чадамж, үргэлжлэх хугацаа:
Дахин халдвар авах : Одоогоор өвчлөөд эдгэрсэн болон вакцинаар үүссэн олдмол дархлаа нь хүн амд хэр удаан хадгалагдах нь бүрэн тодорхойгүй, зарим судалгаагаар нэг хувилбараар өвчилсөн хүн өөр хувилбараар өвчлөх эрсдэл хэвээр байгааг мэдээлсээр байна. Гэвч нөгөө талаар нэг хувилбараар дахин дахин халдвар авах эрсдэл багатайг харуулсан нотолгоонууд ч бий болжээ. Жишээлбэл Лансет сэтгүүлийн 11 сарын 8-ны дугаарт гарсан нийтлэлд өмнө SARS-CoV2-р халдвар авч өвчлөөд дахин дельта хувилбарын халдвар авсан тохиолдлууд дунд давтан халдвар авах эрсдэл маш бага буюу АНУ-д хийсэн судалгаагаар 9,119 хүнд 0.7%, Австри улсад хийсэн судалгаанд оролцсон 14,840 тохиолдолд 0.03% нь байсан тухай дурджээ. Мөн Хансен зэрэг судлаачдын тархварзүйн судалгаагаар судалгаанд оролцсон өмнө халдвар авсан тохиолдлын давтан халдвараас хамгаалах нь 85%-тай байсан гэжээ. Мөн тус нийтлэлд тухайн дахин халдварласан тохиолдлуудыг 10 сар дагаж судлахад халдвараас хамгаалах чадавх нь хадгалагдаж байсан байна. Дээрхээс ямар дүгнэлт хийх боломжтой вэ гэхээр хэрэв вирус нь хэт их мутацид орж өөрчлөгдөөгүй тохиолдолд БАЙГАЛИЙН ДАРХЛААНЫ хамгаалалт тодорхой хугацаанд хангалттай байх боломжтойг харуулж байна. Дээрх судалгаануудаас урган гарсан дараагийн асуулт нь хайбрид дархлаа буюу байгалийн дархлаа+вакцин (хайбрид дархлаа) илүү хүчтэй хамгаалалт үүсгэж чадах уу?
2. Вакцинаар үүссэн өвөрмөц дархлааны үргэлжлэх хугацаа богино байх
Олон улсад вакцинаар үүссэн дархлааны хамгаалах чадавх нь тухайн тархаж буй хувилбарын эсрэг янз бүр байгаа тухай судалгааны үр дүнгүүд мэдээлэгдсэн. Жишээлбэл дельта хувилбарын эсрэг BNT162b2 mRNA вакцины дархлаа 6-8 сар үргэлжилж байгааг судлаачид мэдээлсэн. Жон Хопкинсийн их сургуулиас хийсэн 1,960 эрүүл мэндийн ажилтныг хамруулсан судалгаагаар вакцины дараах эсрэг бие 90 хоногт хамгийн өндөр байснаа аажим буурч, 6 сарын дараа гэхэд 2 дахин бага тодорхойлогдсон байна. Харин өмнө халдвар аваад дараа нь вакцины 2 тун хийлгэсэн хайбрид дархлаатай судалгаанд оролцогчдын дунд эсрэг бие 6 сарын дараа ч зөвхөн вакцин хийлгэсэн оролцогчидтой харьцуулахад өндөр хэвээр байсан байна. Дээрх мэдээллээс харахад вакцинаар үүссэн дархлалын хамгаалах чадавх нь тодорхой хугацаатай байх магадлал өндөр байна. Харин Катар улсад хийсэн зөвхөн BNT162b2 mRNA вакцин хийлгэсэн болон өвчилсний дараа BNT162b2 mRNA вакцин хийлгэсэн 2 бүлгийг харьцуулсан когорт судалгаагаар хайбрид дархлаатай бүлэгт дахин халдвар авах эрсдэл дан вакцин хийлгэсэн бүлэгтэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий бага байсан гэжээ.
3. Бүх насны хүн амыг вакцинжуулж өвөрмөц дархлаа үүсгэхэд хүндрэлтэй байгаагаас олон тооны өвчлөл, нас баралт бүртгэгдэх эрсдэл хэвээр байх
Монгол улс 2020 оны 2 сараас нийт хүн амын дунд ковид-19-н эсрэг вакцинжуулалтыг эхэлсэн. Нийт хүн амын 70% хүрэхэд сүргийн дархлаа үүснэ хэмээн тооцож байсан боловч өнөөгийн байдлаар нийт хүн амын 66.1% нь 2 тундаа бүрэн хамрагдсан, ҮСХ-ны мэдээгээр 670,381 (нийт хүн амын ~20%) хүн халдвар авсан нь хэмээн бүртгэгдэж, түүнээс вакцингүй насны бүлэг болох 0-14 насны хүүхэд халдвар авсан тохиолдол дотор эзлэх хувь 20.3% буюу ойролцоогоор 134,076 байна. Энэ нь нийт хүн амын 4% буюу вакцинтай болон өвчилж дархлал тогтсон гэж үзэх хүн ам 70%-д хүрсэн ч өнөөгийн байдлаар халдварын тархалт үргэлжилсээр байна.
Дээрх бидэнд мэдэгдэж буй нотолгоонд тулгуурлан дүгнэхэд байгалийн дархлаа тодорхой нэг мутацийн хувьд хамгаалах чадавх вакцинаар үүссэн дархлаатай харьцуулахад харьцангуй удаан үргэлжлэх боломжтой. Хүн амын дийлэнх хэсэг байгалийн дархлаатай болох хүртэл нас баралт маш ихээр нэмэгдэх, эдийн засгийн хямрал гүнзгийрэх эрсдэлтэй. Вакцинжуулалтыг давхар үр дүнтэй хэрэгжүүлж дархлаажсан хүн амын тоог зорилтот төвшинд хүргэх бодлого давхар баримтлах нь үр дүнтэй боловч вакцин нь нас баралт, хүндрэлээс сэргийлэх чадавх сайн хэдий ч халдвараас хамгаалах, халдвар дамжуулалтыг бууруулах үр нөлөө маргаантай хэвээр. Мөн үүсэж буй олдмол дархлааны хугацаа хязгаарлагдмал байгаа зэргээс шалтгаалан сүргийн дархлаанд вакцинаар дамжуулан хүрэх асуудал маргаантай хэвээр байна.
Сүүлийн үед Омикрон гэж нэрлэгдэх анхаарал татах шинэ хувилбар үүссэнийг ДЭМБ-с анхааруулж, тухайн хувилбар нь өмнө өвчилсөн хүнийг ч дахин халдварлуулах чадавх нь халдвар аваагүй хүнтэй ижил төвшинд байгааг мэдээлснээр сүргийн дархлаа, түүнд хүрэх тухай ойлголтыг улам алсруулж байна.
Иймээс сүргийн дархлаанд хүрсэн хэмээн итгэж анхаарлаа сулруулах бус вирус мутаци үүсгэн хувьсан өөрчлөгдөхөөс сэргийлэхэд шийдвэр гаргагчдын шинжлэх ухаанч шийдвэр чухал. Хувь хүн бүр зайгаа барих, маскаа зүүх, гараа угаах, дотоод орчинд олноор цугларахгүй байх зэргээр халдварын тархалтыг бууруулахад өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулах нь чухал. Дархлаа сул эсвэл вакцинд хамрагдах боломжгүй хүн амыг хамгаалахад оролцож буй хувь хүн бүрийн оролцоо, чармайлт чухал.
Нийтлэлийг бичсэн:
Д.Мөнхжаргал, Нийтийн Эрүүл Мэндийн мэргэжилтэн
Н.Одонгуа, АУ-ны доктор, дэд профессор, Нийтийн Эрүүл Мэндийн мэргэжилтэн
Ашигласан материал
David D. Celentano “Gordis Epidemiology”
Laith J Abu-Raddad et al. Association of Prior SARS-CoV-2 Infection with Risk of Breakthrough Infection Following mRNA Vaccination in Qatar. JAMA. 2021
Diana Zhong et al. Durability of Antibody Levels after Vaccination with mRNA SARS-CoV-2 Vaccine in Individuals With or Without Prior Infection. JAMA. 2021
https://www.hopkinsmedicine.org
The false promise of herd immunity for COVID-19 – PubMed (nih.gov)
https://www.thelancet.com/journals/lanrhe/article/PIIS2665-9913(21)00356-8/fulltext