“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын зочноор СУИС-ийн оюутан байхдаа “Мөрөөдлийн театр”-аас уран бүтээлийн гараагаа эхэлсэн “OI” энтертайнментийн жүжигчин Б.Болорчулууныг урьж ярилцлаа. Тэрбээр “No Rules” кинонд анх удаа эсрэг талын дүр бүтээн ажилласан юм.
-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
-Намайг Будын Болорчулуун гэдэг. OI энтертайнментын жүжигчин. СУИС-ийг 2012 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг багштай 4б курсийг төгссөн. 2015 онд Бээжин film академид ороод 2020 онд магистрын зэрэг хамгаалаад төгсөөд, ирсэн.
-Урлагтай анх хэрхэн холбогдож байв?
-Би Дорнодын хүүхэд. Дорнод аймагт Хүүхдийн театр гэж байдаг байсан. Драм ангийн дугуйланд явдаг байлаа. Ер нь дөрөвдүгээр ангиа төгсөөд бүжгийн хамтлаг, дууны хамтлаг гээд явсан. Төгсдөг жилээ КУДС-ийг нэг ах маань төгсөж ирээд би тэнд кино хийнэ гээд, ах бас Улаанбаатар хотоос кино хийнэ гэж ирээд “Аз жаргалын эрэлд” Дорнодын анхны бүрэн хэмжээний уран сайхны кино хийж байсан. Гол дүрд нь өөрөө тоглосон.
-Мөрөөдлийн театраас анхны уран бүтээлийн гараагаа эхэлсэн шүү дээ. Тэр үед урлагийн чиглэлээр сурч байв уу?
-СУИС-ийн гуравдугаар курсийн оюутан байхдаа "Мөрөөдлийн театр"-т анх орж байсан. Оросын алдарт зохиолч Ванпиловын “Миний нууц хүү” жүжгийн хамгийн бага эрэгтэй дүүгийнх нь дүр. Ер нь би өөрийгөө их азтай гэж боддог. Төгсөөд олон жил болоод мэргэжлээрээ ажилласан хүмүүс гараагүй тэр бүх тайзан дээр гарч, жүжигтээ тоглосон. "Миний нууц хүү" жүжгээ бид драмын театр, Соёлын төв өргөө, МҮЭСТО зэрэг том тайзан дээр тоглосон. Мөн Ардын жүжигчин Г.Мягмарнаран ах, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь эгч гээд мундаг хүмүүстэй оюутан ахуйдаа жүжигт тоглосондоо баярладаг.
-OI энтертайнментын “Ааваа зарна” гэсэн киноны реклам сошиалаар их явж та нар торгууль хүртэл төлж байсан. Яагаад заавал маркетингаа тэгж хийсэн юм бэ?
-Манай OI-ынхан СУИС-иа төгсөөд хоёр жилийн дараа “Хөтөч” гээд олон ангит киног Рояал телевизтэй хамтран хийж байлаа. Дараа нь 2015 онд манай OI энтертайнмент анхны бүрэн хэмжээний “Хүсэл” гээд киногоо хийж байсан. Хамгийн сүүлийн уран бүтээл маань “Гайхамшигт ертөнц” гээд бүрэн хэмжээний кино маань байна. "Аргаа ядсан арчаагүй маркетинг хийдэг юм бэ та нар залуу хүмүүс байж" гээд нэлээн шүүмжлүүлсэн. Харин үзэгчид маань кино үзээд буцаад нөгөө “Ааваа зарна” кино маань байна шүү дээ гэж үзээд бодол, сэтгэгдлүүд нь өөрчлөгдсөн. Ер нь бидний өгөх гээд байсан мэссэжийг үзсэнийхээ араас л ойлгосон байгаа юм. Яах вэ, “Ааваа хайрла” гэдэг юм фэйсбүүк дээр явж байх юм бол гүйлгээд л хүмүүс тоож, уншихгүй. Тиймээс бид яаж аавыг яаж хайрлуулах уу, аав гэдэг хүнийг яаж нийгэмд ахиад сэргээх үү гэдэг л маркетинг хийсэн юм. Тэгээд ШӨХТГ-т бид таван сая төгрөгөөр торгуулсан.
Удахгүй “Гайхамшигт ертөнц” кино маань гадаадад байгаа хүмүүст зориулаад IPTV-д байршина. Одоо гарч байгаа “No Rules” буюу “Дүрэмгүй” гэсэн кино маань Боловсрол телевиз VOO апплийкейшнээр 10 анги нь гарсан. Төгсгөлийн бүрэн хэмжээний “No Rules” кино маань яг одоо кино театруудад гарч байгаа. Миний дүр бол маш их ажиллагаатай, жүжигчин хүнд хувь хүний ажиллагаа тал дээр нь илүү их мэргэжлийн зүйлс шаарддаг, ажиллахад мэдээж амар байгаагүй. Гэхдээ өөрийнхөөрөө их хичээсэн.
-“No Rules” киноны талаар сонирхуулахгүй юу? Юугаараа онцлог бүтээл вэ?
Сүүлийн “No Rules” кино бол монголд болж байсан бодит кейсүүд шүү дээ. Болж байсан гэмт хэргүүд, болж байсан буруу үйлдлүүд. Дүрэм, журамтай болоод түүнийгээ дагаад илүү их соёлтой, мэдлэгтэй болоосой гэсэн дээр “No Rules”-ыг бид хийсэн. “No Rules” кино олон ангит уран сайхны кино гэдгээрээ онцлогтой. Олон ангит кино биш, олон ангит уран сайхны кино. Нэг ангийг нь нэг ангит кино шиг хийхийг зорьсон. Монголын олон ангит киноны цензурыг нэг шатаар ахиулах зорилготой.
Ямар нэгэн уран бүтээлээрээ OI энтертайнмент нийгэмдээ маш хүчтэй, зоригтой дуугарна. Салбар салбартаа л нийгэм рүүгээ чиглэдэг. Бид кино хийдэг хүмүүс кино уран бүтээлээрээ дамжуулж, дуугарна.
-Бээжинд урлагийн чиглэлээр сурсан. Суралцах хугацаанд бэрхшээлтэй болоод авууштай зүйлс нь юу байв?
Би англи, хятад хэлийг 10 жилдээ, оюутан байхдаа хэзээ ч өөрийгөө сурч, чадахгүй гэж боддог байсан. Ер нь чадахгүй юмаа чадах гээд хичээгээд үзвэл яадаг юм бэ гэж бодож үзээд хятад хэл сурахаар болсон. Хэлний бэлтгэлээ эхлээд зургаан сар Хятадын Наньжин хотод хийгээд дараа нь бүтэн жил ахиад Бээжинд хийгээд жил зургаан сар суугаад ер нь хоёр жил болсны дараа бусад орны залуучуудтай хятад хэлээр нь ярьж эхэлсэн.
Залуус ер нь юу бодож явдаг юм, юу санадаг, ямар зорилготой явдаг юм гэж Бээжин дэх бүх орны залуучуудтай ярилцаж, санаа бодлоо хуваалцдаг байлаа. Маш олон орны найзуудтай болсон. Ойлголцоод ирэхэд би нэг л юм бодсон.
Монгол залуучууд их сэргэлэн, юмыг хурдан сурдаг, хор шар нь цагаан зөв. Үнэхээр номер нэг байгаа англи хэл, хятад хэлийг сураад олон улсын зах зээлд бид өөрсдийнхөө салбарт явах юм бол хэнээс ч дутахгүй юм байна гэдгийг огшиж мэдэрсэн.
Бээжин фильм академид би жил хагас болоод Бээжингийн Хэл соёлын их сургуульд магистрынхаа ангийг сонгосон. Кино академид сурч байхдаа олон орны найзуудтайгаа олон улсын богино хэмжээний кино наадам, Бээжинд болж байгаа кино фестиваль, оюутны наадмуудад их оролцож байсан.
Сурсан зүйлс надад маш их ач тусаа өгч байгаа. Үзэж байгаа дүү нар байх юм бол ямар нэг орон руу явахыг бодож байгаа бол түүнийгээ шууд хэрэгжүүл. Би хятадын засгийн газрын магистрын тэтгэлэг авч явсан. Хувийн зардлаараа явж гадагшаа сурна гэдэг хэцүү. Бээжин, хятадын залуусаас их зүйл "олж авсан". Олон дунд байгаа хүн алалцаж байж л гарч ирдэг юм билээ. Бид сайхан тал, уудам нутагтаа тайван байгаад юм шиг.
Хэл сурна гэдэг чинь миний хамгийн чадахгүй юм шүү дээ. Тэрийгээ л ялан дийлэх гэж явсан.