Энэ сарын 2-ны өдөр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс “Бидний дуу хоолой” даван туулагч эмэгтэйчүүдийн бага хурал боллоо. Энэ үеэр гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан таван эмэгтэй өөрт тохиолдсон гашуун түүхээ ярьж, хэрхэн даван туулсан талаараа илтгэл тавьсан юм. Хуралд бага насны хүүхэд хүртэл зочноор сууж байсан нь хүчирхийллийг тэвчдэггүй нэг ч болов иргэнийг бүтээж буй сайшаалтай үйл явдал байлаа. Мөн сонсгол хэл ярианы бэрхшээлтэй иргэн хэлмэрчийн хамтаар илтгэл тавьсан юм. Энэ үеэр бид илтгэгчдийн нэг болох иргэн М-тэй ярилцлаа.
-Таны хувьд хэзээнээс хүчирхийлэлд өртөж эхлэв ээ?
-Нөхөртэйгээ танилцаж анхны хүүхдээ гаргаад л үл хайхрах хүчирхийлэлд өртөж эхэлсэн. Дөнгөж төрсөн намайг гэртээ ирэхэд, “Модоо хагалж галаа түл. Надаас халамж хүсэх хэрэггүй. Би та хоёрыг тэжээх гэж зовж байна” гэх зэргээр дарамталж эхэлсэн юм. Би төрөөд долоохон хонож байхдаа хүйтэн сүх бариад мод нүүрсээ хагалдаг байлаа. Энэ байдал үргэлжилсээр надад гар хүрч эхэлсэн. Энэ хооронд хүүхэд уйлна. Хүүхдээ авъя гэхээр, уйлж байж хүн, майлж байж мал болдог. Хүүхдээ яахыг би өөрөө мэднэ гэдэг байв. Энэ бүх хүчирхийллийг тэсэхээ байж салах шийдэлд хүрсэн. Тэгэхэд би хоёр хүүхэдтэй болсон байсан.
-Одоо тэгэхээр та ганц бие гэсэн үг үү?
-Миний хувьд хоёр дахь амьдралаа зохиосон. Хоёр дахь нөхөртэйгээ суугаад бие махбодийн хүчирхийлэлд илүү өртсөн гэж болно. Тэр хүн зүүн гарыг маань хугалж, хөлийг маань бас хугалсан. Хоолойг минь шилээр зүссэн. Согтуу агсам тавьж байхдаа шүү дээ. Тэр үед миний хүүхдүүд хажууд байсан гэж бодохоор өр эмтэрдэг. Би хүүхдүүдээ аваад Туул голд живээд үхмээр л санагдаж байлаа. Би гарч гүйгээд хажуу айлдаа нуугдаж байж амь аврагдсан даа.
-Хүний гар хөлийг хугартал зодож байдаг. Яг юу болсон юм бэ?
-Халуун тогооны тагаар толгой руугаа цохиулахад нөгөөх таг нь бутарчихсан. “Болиоч ээ, чи намайг аллаа шүү дээ” гэхэд, “би чамайг алчихъя л даа” гээд бутарсан тогооныхоо тагаар миний хоолойг зүсч байсан. Хүн л юм чинь би алдаа гаргана. Үүн дээр манай хадмууд их “ажилладаг”. Ар урдуур муу ярина. Дагавар хүүхэдтэй хүнтэй суусан эмэгтэйчүүд илүү их зовлон үздэг юм болов уу гэж боддог. Хүүхдээ хамгаална, өөрийгөө хамгаална. Эх хүн хүүхдээ хүнд муу хэлүүлж байхаар би муу яриулъя гэж боддог юм билээ. Ингээд өөрөө хүүхдээ зодох болсон. Хүүхдээ хамгаалах гэсэн дээ шүү дээ. Өөрөө хүчирхийлэгч болчих гээд байдаг. Ингэж байж тэр хүн намайг муу хэлж байгаа юм. Миний хүүхэд тэнд хохирогч болоод ядаж хүнд нүд үзүүрлэгдэхгүй.
-Таны хүүхдүүдийг гадуурхах явдал гардаг байв уу?
-Мэдээж гарна. Манайх нэг өдөр хоолгүй, хоосон хонолоо. Тэгэхэд манай хадам ээж ганцхан ширхэг ааруул авчраад манай нөхрийн охинд өгчихсөн. Миний охинд өгөөгүй. Хүүхдүүд л юм хойно надаас нэхэж байгаа юм. Ээж ээ би юм идье л дээ гээд. Тэгэхэд тэр ааруулыг гурав хуваачихсан бол маргаан гарахгүй. Үүнээс болоод нөхөр рүүгээ уцаарлана. Мэдээж хүний хүн өөрийнхөө талыг өмгөөлнө. Ингээд л хохирогч нь би бас миний хүүхдүүд л байдаг.
-Таны хувьд хүчирхийллийг даван туулаад энд илтгэл тавьж байгаа шүү дээ. Хүчирхийлэлд өртсөөр байгаа хүмүүст юу хэлмээр байна вэ?
-Хүчирхийлэлтэй эвлэрч, тэвчих хэрэггүй. Өнөөдөр өөрийнхөө амь нас, хүүхдийнхээ ирээдүйг бодож л байгаа бол хандах газартаа хандах хэрэгтэй. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 70119949 гэсэн дугаар байна. Та өөрөө өөрчлөгдөж, алхам хийхгүй бол хэн ч таны өмнөөс хөдлөхгүй.
“Бид яах вэ ингээд дуусах хүмүүс” гэж бодохын өөрийгөө хамгаалж, хүүхдээ хажуунаас нь чиглүүлэх ёстой. Тиймээс хүчирхийллийг хэзээ ч битгий тэвч. Хүчирхийлэл бол амьдралд огтоос байх ёсгүй зүйл. Битгий хүлээж ав. Хүүхдэдээ хожим, аав ээжийг зодоод болоод л байсан. Нөхөртөө зодуулаад болоод л байна. Хүүхдээ зодож болдог гэх ойлголт үлдээж ерөөс болохгүй. Зарим эцэг эхчүүд ярьдаг шүү дээ. Суран тэлээ амсаж зодуур үзсэнээр сайхан амьдарч байна гээд л. Энэ маш буруу. Үгээр, эвээр хүнийг ойлгуулдаг болсон үе шүү.