Шуудхан хэлэхэд найруулагч М.Батболд “Гэм зэм” жүжгийн хэлбэрт бүхий л хүч, оюунаа зарцуулжээ. Аливаа бүтээл агуулга хэлбэрийн нэгдлээс бүрддэг. Аль нэг нь хүчээ алдах аваас тухайн бүтээлийн сүнслэг чанар хазайх нь бий. Үнэндээ жүжгээс барьцтай агуулга бүхий санааг харсангүй. Эх зохиол нь өөрөө хүнд ухааруулж аливааг ойлгуулах гэхээс илүү мэдрэмжин дээр тулгуурладаг сэтгэл зүйн бүтээл. Ийм байхад элдэв зүйлс ойлгуулах гэж оролдсон сцени бүр жүжгийн эрчмийг сулруулж байлаа. Үүнээс илүүг шүүхээс цааргалж буйгаа мөн л шуудхан хэлье.
Молхи бичээч би бээр эх зохиолыг оюутан ахуй цагтаа уншиж байсан юм. Романы дүр, дүрслэл битгий хэл үйл явдлыг бүүр түүрхэн санаж байснаа хэлэх нь зүй. Гэсэн ч аливаа бүтээлээс авсан мэдрэмж мартагддаггүй. Гурван цаг үргэлжлэх энэхүү жүжгийг үзэн суухдаа өнөө айдас бүчсэн бачим мэдрэмжийг зүрх дэлсэн хүлээж суусан. Мэдэрсэн. Гэхдээ дутуу мэдэрсэн. Үүний шалтгаан нь дээр дурдсанчлан хэлбэрт хэт их ачаалал өгснийх болов уу хэмээн бодно.
Хэлбэрт анхаарсныг нь шүүмжилж, доош татах гэсэнгүй. Угаас удаан хугацаанд үргэлжилсэн эл бүтээл үзэгчдээ ямхын төдий уйдаагаагүй. Хүн бүрийн хүлээлтийг давна гэдэг амаргүй даваа. Уран бүтээлчдийн энэ их зориг, хүч хөдөлмөр, сэтгэлгээ, бүтээж буй хэлбэрийг хараад баяр бахдал цээжинд бялхаж ядан омогшиж, хүндэлж сууснаа нуух юун.
Жүжгийг найруулагчийн шийдлээс гадна жүжигчдийн уран чадвар тун бахдалтайяа харуулжээ. Ахмад үеийн уран бүтээлчдийн чадварыг ярих нь илүүц биз. Харин залуу уран бүтээлчдийн шавхагдашгүй энерги, өөр өөрийн онцлогоо гайхуулсан чимэг хэсгүүд жүжгийн нэг онцлог байлаа.
Эхлээд гол дүрээс нь. Раскольниковын дүрийг бүтээхдээ жүжигчин Д.Лхагва маш том золиос хийгээд зүтгэл гаргажээ. Манай редакцын Хөрөг нэвтрүүлэгт орохдоо өнгө зүсээр гялалзаж байсан тэр лавтай хориод килограмм хассан. Ядуу зүдүү амьдралдаа багтарч ядан тарчлах, адын бодол шүгэлсэн эрийн дүрийг биеийнхээ эс бүхнээр мэдэрсний баталгаа энэ. Жүжгийн туршид тэрбээр нэг ч удаа дүрээсээ гараагүй. Харин ч дүрийн дотор гүн орж, бүр илүү гүн шингэсээр үзэгчдээс ур чадварын тухай шүүмж сонсохооргүй болтлоо дүрээ чадамгай авч гарсан. Эл хүнд адармаатай дүрийг бүтээж чадах эсэхэд би бээр зохиолын туршид эргэлзэж, алдаа гаргах эсэхийг анан хүлээж байсандаа ичих шиг. Нөгөөтэйгүүр 20 гарч яваа залуу эмэгтэй болох миний л нүдэнд жүжигчин Д.Лхагва алдарт "Титаник"-ийн Жак шиг л тусаж байв. Дотоод болон гадаад гоо зүйн үнэлэмжээс улбаалан түүнийг өөлөх зүйл олдоогүй юм.
Биеэ үнэлэгч Соня. "Сайхан сэтгэл шунал хоёр нэг дор багтдаггүй" гэх үгийг хаанаас ч билээ сонсож байлаа. Үүний адилаар "Авьяас заль хоёр нэг дор багтдаггүй" хэмээн залуу шүүмжлэгч Х.Чойдогжамц бичсэн нь бий. Тэгвэл ямар ч зан авир, үйлдэл нэгэн биед багтаж болохыг жүжигчин Г. Золзаяа бүтээж буй дүрээрээ батлав. Биеэ худалдсан бусармаг эмийн дотор хичнээн өр зөөлөн сэтгэл, ялдам ааль багтаа вэ. Үүнийг жүжигчин Г.Золзаяа ур чадвар гэхээс илүү өгөгдлөөрөө бүтээж буй нь тун сайшаалтай. Нүд баясгам үзэсгэлэн гоо "Гэм зэм"-ийг бурхны өршөөлөөр нэгүүлсэж, бас чимэж байсан юм.
Онцолж жүжигчин Д.Одгэрэлийн тухайд. Порфирий Петровичийн дүр дээр ажилласан түүнийг "Хунгийн сүүлчийн дуулал" УСК-нд бүтээсэн дүрээр нь нүдэлсэн юм. Манайхан дотортой жүжигчин гэж ярьдаг даа. Энэ үг түүнд яв цав таарна. Хурц ширүүн гэмээр түүний жүжиглэлт амттай. Басхүү сонирхол татам. Дээр нь нэмээд дахиад л гоо үзэсгэлэн. Ерөөс энэ жүжиг дотоод болон гадаад гоо үзэсгэлэнгээр амжилтынхаа чамгүй хэсгийг бүтээжээ.
Эцэст нь жүжигчин Д.Ганцэцэг. Түүний чадвар, жүжиглэлт ахмад үеийн аугаа жүжигчдийн хэмжээнд дүйцэхүйц гарамгай аж. Жүжигчин гэдэг авьяас мэдрэмжийн хажуугаар "толгой сайтай" байхыг шаарддаг болтой. Нүд дүүргэж, сэтгэл ханах тоглолтыг тэр бүтээв. "Дүрээ чадамгай авч гарлаа" гэх тодотгол түүнд жижигдэнэ. Дүр бүтээх биш дүрээрээ амьдарсан эл эмэгтэйн үзэгдэл жүжгийн эхний хэсгийг авч гарсан гэхэд нэг их зөрөхгүй. Театр урлаг түүнээр дутна.
Энэ мэтээр жүжигчдийн авьяас билгийг бахдан магтаад байвал үүр цайх нь. Ямар ч л байсан манай урлагийг хошуучлан түүчээлэх, үргэлжлүүлэх уран бүтээлч хийгээд залгамж халаа дундрашгүйг харлаа.
Үзэгчдийн нүдийг нээж, сэрэл мэдрэхүйг чимчигнүүлсэн "Гэм зэм" пост-драмын жүжгийн тухай эмээн байж хэдэн өгүүлбэр хэлхсэн маань энэ.
Нийт уран бүтээлчдэд халуун баяр хүргэхийн сацуу хүндэтгэн ёсолъё.