Хүүхдийн нойрны хэмнэл том хүнийхээс ялгаатай байдаг. Бага насны хүүхдүүд таван нас хүрч байж том хүний нойрны хэмнэлд ордог. Мөн бага насны хүүхдийг зөв унтуулахгүй бол нойрны өрөнд орох эрсдэлтэй байдаг юм байна. Тэгэхээр хүүхдээ хэрхэн зөв унтуулах вэ? Нойрны эрүүл ахуй гэж юу вэ гэдэг талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэхээр хүүхдийн нойрны арга зүйч Э.Номинзултай ярилцаж дараах мэдээллийг бэлтгэлээ.
Энэ талаар хүүхдийн нойрны арга зүйч Э.Номинузл "Нойрны эрүүл ахуй нь дөрвөн хэсэгт хуваагддаг. Нэгдүгээрт хүүхдийнхээ унтах зөв орон зайг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хүүхдээ зөв цагаар унтуулах шаардлагатай. Унтах ёстой хугацаануудыг нь мэдэх хэрэгтэй. Сэрүүн байх цагуудыг нь ойлгосон байх шаардлагатай. Тэгж хангалттай нойроо авсны эцэст чанартай нойр гэдэг төвшин руу очно. Чанартай нойр хүүхэд авснаар эрүүл өсөж бойжно. Унтахдаа өсөж байдаг учраас маш олон төрлийн эд эсийн холбоосууд явагддаг. Тархиндаа шинэ мэдээллээ боловсруулдаг. Бие махбодын хөгжил нь явагддаг" гэв.
Хүүхдийг унтуулахад чимээ аниргүй байх нь чухал уу эсвэл энэ нь буруу юу?
1. "White noise" буюу цагаан чимээг нэгэн хэмнэлтэй долгионт чимээ гэж хэлж болно. Дотроо олон төрөл байдаг. Байгалийн чимээ, бүүвэйн дуу гээд янз янз байдаг. Хүүхэд эхийн хэвлийд байхдаа есөн сарын турш маш чанга орчинд бойжиж өсөж байдаг. Энэ нь мэдээж ээжийн зүрхний цохилт, судсаар нь цус гүйж байгаа чимээ, хоол боловсорч байгаа чимээ зэрэг чанга чимээтэй орчинд бойждог. Хүүхэд төрсний дараа чимээгүй орчинд орохоороо тавгүйтэж эвгүйрхдэг. Харин энэ "White noise" гэдэг чимээг тавьчхаар ихэнх хүүхдүүд тайвширч нүд нь анилдаад унтах боломжтой болдог. Том сартай хүүхдүүд яадаг вэ гэхээр чимээнд тайвширдаггүй юмаа гэхэд энэ нь эргэн тойрны дуу чимээг нь сайн хааж өгдөг. Хүүхэд нь ямар чимээнд тайвширч байна гэдгийг нь олох их чухал.
2. Хүүхдийн унтах орон зайд юу чухал вэ гэхээр өрөөний гэрэл унтарсан, харанхуй байх шаардлагатай. Өдрийн цагаар ч гэсэн хөшгөө заавал хаах хэрэгтэй. Тэгээд чимээ асаана. Шөнө бүдэг гэрэл асаадаг бол хүүхдээ унтсаны дараа заавал гэрлээ унтраах шаардлагатай. Маш олон ээжүүд шөнө гэрлээ асаалттай унтдаг. Хүүхдүүд нь харанхуйгаас айгаад байна гэх зэргээр хэлдэг. Ерөөсөө тийм зүйл байдаггүй. Хүүхдийн харанхуйгаас айх айдас ой зургаан сараас нь боловсорч эхэлдэг. Харанхуй байх тусмаа хүнийг тайвшруулдаг мелатонин гэдэг гормон нь сайн ялгарч өгдөг. Гэрэл байгаад байхаар тэр гормон нь сайн ялгарахгүй. Хүүхэд маш их сэрвэлзээд байдаг.
3. Хүүхэд унтаж байхдаа өсдөг учраас бие махбодын болон оюун ухааны хөгжил хурдтай явагдаж байдаг. Хангалттай, чанартай нойроо авахгүй хүүхэд яадаг бэ гэхээр дутуу нойртой яваад байхаар нойрны өрөнд орох эрсдэл байдаг. Энэ сөрөг нөлөөнүүд нь шууд илэрдэггүй. Урт удаан хугацааны турш юм уу дутуу унтаж явсаар байгаад буруу хэмнэлтэй яваад хангалттай нойроо авч чадахгүй байсаар байгаад сургуулийн насан дээрээ хүрэхээр анхаарал нь төвлөрч чаддаггүй, ой тогтоолтод нь сөргөөр нөлөөлдөг. Иймэрхүү үр дагавар гардаг гэдэг нь батлагдсан байдаг.