Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн театрын түүхт 90 жилийн ой эдгээр өдрүүдэд тохиож байгаа билээ. Бид энэ удаад ойн баяраараа энгэртээ Алтангадас одон гялалзуулсан УДЭТ-ын менежер, Соёлын тэргүүний ажилтан Б.Гэрэлтэй урлагийн менежерийн замнал, театрын нэн чухал арын албаны ажлынх нь талаар ярилцлаа.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Урлагийн замналаа хэрхэн эхлүүлж байсан бэ?
-Би гэдэг хүмүүн 1971 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд эх Өөдөсийн Долгороос мэндэлж, бага балчираасаа өвөө эмээгийн хүмүүжлээр өсч хүмүүжсэн. Миний өвөө Цэргийн явдлын Яамны дарга нарын газрын даргаар олон жил ажилласан, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Чойбалсангийн зам нэгдлийг үүсгэн байгуулалцсан, хурандаа цолтой мөн алтан гадас одонт,оюунлаг сэхээтэн сайхан хүн байсаан. 1987 онд наймдугаар ангиа онцсайн дүнтэй төгсөж,алдарт Багшийн сургуульд 300 гаруй авъяаслаг хүүхдүүдээс шалгаран элсэнорж 1991 онд амжилттай дүүргээд, ажил амьдралын гараагаа Арын сайхан хангайгаас ардын багшийн ажлаар эхлүүлж өөрөөр соён гэгээрүүлэх урлаг уран сайхны замнал руу орсоноор төрд ажилласан 30 жилийн эхлэл маань тавигдаж түүхтэй. Товчхондоо бол Хангай говь хосолсон Халхын сайхан хонгор нутгийн бүсгүй Арын сайхан хангайн айлын дархан бэр, алдарт эх, түмний үрсийг сургагч Тэргүүлэх зэрэгтэй багш, Түмэн олныг соён гэгээрүүлэгч Соёл урлагийн шилдэг маркетер хийгээд магистр, соёлын болон спортын Тэргүүний ажилтан. Ийм л нэгөөрийн ажил мэргэжилдээ хайртай эгэл жирийн төрийн албан хаагч театрын менежер хүн дээ би.
-Урлагийн менежерээр хэзээнээс ажиллаж эхлэв?
-СИУС-ийн менежментийн ангийг 2003 онд амжилттай дүүргээд 2004 онд Улсын Драмын эрдмийн театр хэмээх энэ их айлын өндөр босгоор орж байж билээ. Оюутан байхдаа балетийн урлагаас төрөн гарсан гавьяат Д.Алтанхуяг нарын "HABL Dance" анхны хамтлагийн “Great Jazz Ballet” модерн балетын тоглолтыг Монгол анх удаа ДБЭТ-т амжилттай зохион байгуулж, соёл урлагийн менежер мэргэжлийнхээ анхны ажлын гараагаа эхэлсэн гэгээн түүхтэй.
-Анх УДЭТ-т хэрхэн орж байв. Театр уран бүтээлчид, арын албаныхан гээд л хэний ч хувьд босго өндөртэй гэдэг шүү дээ?
-2004 оны эхээр Монре инпекс компанийн Орчин үеийн бүжгийн сургалт мэдээллийн төвийн ерөнхий менежерээр ажиллахын сацуу МҮХАҮТ-ын гишүүн байгууллага “Хотула трейд” ХХК гадаад зах зээлд Монголоо сурталчлан таниулах Монголын анхны үйлчилгээний “Guide” ном гаргах ажлын соёл урлагийн байгууллагуудыг хариуцсан менежерээр нь ажиллаж байхдаа тухайн албан ажлаараа УДЭТ руу орж Д.Цэрэнсамбуу захиралтай анх нүүр тулан уулзаж билээ.
Тэгээд Д.Цэрэнсамбуу захиралтай орж уулзан тухайн ажлынхаа ПР-ийг гайгүй сайн хийж, тэрхүү номонд театрын бүтээлийг оруулахаар тохиролцож театртай гэрээ хийн ажиллахаар болсон юм. Тэгэхэд захирал миний ярихыг нилээн ажиж суунгаа "Чи ер нь ямар мэргэжилтэй хүн бэ" гэхэд би өөрийгөө товч танилцуулснаа санаж байна. Тэрээр "За Гэрлээ чи гарахдаа манай нарийн бичигт утасны дугаараа үлдээгээд яваарай" гэсэн юм. Тэр зун нь би хөдөө нутагтаа амраад утас холбогдохгүй байсан юм, намар нь иртэл Төрөө захирал маань УДЭТ-аас чамайг асуугаад байсан ирэнгүүтээ холбогдоорой гэсэн шүү, арай манайхсайн менежерээ алдах гэж байгаа юм биш байгаа гэж байсансан. Тэгээд театр руу холбогдож Д.Цэрэнсамбуу захиралтай утсаар ярихад манайх шинэ менежер авах бодолтой байгаа, ирж захирлын зөвлөлийн хурлаар ороотох гэдэг байгаа. Маркетингийн Н.Борхүү багш маань Драмын Д.Цэрэнсамбуу захирал танай менежментийн ангиас сайн төгсөгч байвал манайх авна шүү гэж байсан чи очоод уулз гэж зөвлөсөн ньсанагдаад театр руу зориг шулуудан алхсан даа. Захирлын зөвлөлийн хурлаар яваад ороход урлагийн том одод болох уран бүтээл хэлтсийн дарга Ардын жүжигчин Л.Жамсранжав гуай, Ардын жүжигчин агуу найруулагч Б.Мөнхдорж гуай, Төрийн соёрхолт Н.Сувд гуай гээд л бишрэмээр сүрдмээр мундаг хүмүүс сууж байхыг хараад жаахан тэвдэх мэдрэмж төрж байсан. Тэр хурлаар ярилцлаганд оруулан хэлэлцвээ.. АЖ Б.Мөнхдорж найруулагч “Энэ хүүхдийн нүднээс оч гялалзаж байна, хөгжмийн багшаар ажиллаж байсан улсад ажилласан туршлагатай учраас энэ хүүхдийг туршилтаар биш шууд авья” гээд, гишүүд бүгд дэмжин театрт үндсэн орон тоон дээр авахаар болсонд туйлаас баярлан догдолж билээ. Ийнхүү хүссэн болгон ороод байдаггүй ариун сүмийн өндөр босгыг анх айдастайхан алхан орж энэ их театрын эд эс болон удирдлагын багт менежерээр нь ажиллах аз завшаан таарсан нь миний хувьд том хувь тохиол гэж би үздэг дээ.
-Том театрын менежер байх амаргүй байв уу?
-Хөшигний урд ил олны танил жүжигчид байдаг. Хөшигний ард далд зөвхөн менежер ч биш хэн ч таньж мэдэхгүй маш олон хүмүүс болох жижүүрээс авхуулаад захирлаа хүртэл уран бүтээл бүрийг бүтээлцэхэд гар бие оролцон, сэтгэл зүтгэлээ зориулан ажилладаг баг хамт олон байдаг. Театрын урлаг бол нийлж хийдэг нэгдмэл нийлмэл урлаг юм. Аливаа уран бүтээлийн Маркетингийг хийнэ гэдэг тийм ч амар ажил биш. Тиймдээ ч манай маркетингийн албанд маш олон хүн орж гарсан байдаг. Миний хувьд анх театрт маркетингийн менежерээр ажилд орох үеэр мэргэжлийн урлагийн байгуулагуудаас дундаас хамгийн анхлан Маркетингийн алба байгуулсан байгууллага нь манай театр байсан юм. Тэр үед чинь одоогийнх шиг нэг шинэ уран бүтээлийн маркетингийг дөрвөн менежер хувааж,албаараа хийдэггүй байлаа шүү дээ, чухамдаа ганц менежер юм болгоноо амжуулдаг байлаа шүү дээ. Тоглолтуудын үзэгч орлого, тасалбар борлуулалт, реклам сурталчилгаа, олон нийтийн харилцаа , сургалт судалгаа гээд л тархи байнга ажиллана, тасралтгүй ажиллана.. Маш их ачааллана, амсхийх завдалгүй, заримдаа ч халгах үе байсан хэдий ч урваж шарваагүй өнөөдрийг хүртэл мэргэжилдээ дуртай, театртаа хайртай болохоор тууштай үнэнчээр зүтгэсээр энэ сайхан цаг үетэй золгосон доо.
Тэр цаг үеэс өнөөдрийг хүртэл дэргэд минь түшиг тулгуур болон ташуур өгч “Хүн мэргэжилдээ дуртай тууштай байх сайхан” хэмээн урам зориг өгч байсан миний маркетинг менежментийн анхны дадлагажуулагчбагш гэж хэлж болох театр урлагийн нэрт зүтгэлтэн УГЗ Д.Цэрэнсамбуу захирлаасаа ихийг сурч өнөөдрийн маркетер болсон доо. Энэ дашрамд эрдмийн театраа 30 гаран жил амжилттай удирдаж ирсэн эрхэм энэ хүндталархсанаа илэрхийлж, таныхаа нүүрийг улайлгаагүй байх гэдэгт итгэл дүүрэн байгаадаа таатай байна.
-Ганцаараа ажиллаж байсан үе л амаргүй байсан байх?
-Тийм шүү. Нэг жишээ л хэлэхэд, нэг удаа өрөөндөө ганцаараа маргаашийн ажлаа төлөвлөн бодлошронгуй яах билээ гээд бодоод сууж байхад, манай театрын маань жүжигчин Д.Бямбацогт буюу олон түмэнд Ноён солиот, Салхи Дамбий нэрээрээ танигдсан тэрээр хаалга цохингоо шагайгаад: “Өө уучлаарай, маркетингийн алба хурлаа хийж байсныг мэдсэнгүй” гэж байж билээ. Тиймдээ, алба гээд хэнтэйгээ хуралдах уу? өөрөө өөртэйгээ ярилцаж байсан минь тэр. Их тайзны тоглолтуудаас гадна гэрээт уран бүтээлүүд, уран бүтээлийн цэнгүүн, ОУ-ын фестиваль, орон нутгийн аялан тоглолтууд, цаг үеийн шинжтэй театрын дотоод ажлууд гээд л маш их ачаалалтай ажилладаг байлаа. Өглөө 08:00 цагт ажилдаа ирээд л орой 20:00 цаг гээд хүмүүс гэртээ амарч байхад ажил тараагүй л тоглолтоо оруулаад тарахаар нь судалгаагаа авна гээд л байж л байдаг байлаа. Ингэлээ гээд ялархаж байсангүй энэ миний хийх ажил тул амжуулах л ёстой хэмээн зүтгэж хүсэл сонирхолдоо хөтлөгдөн хичнээн цаг нар өнгөрсөнийг ч ажралгүй явсаар энэхүү хоёр дахь гэртээ 20 орчим жилийн нүүрийг үзээд өнөөдөр төрдөө 2 дахь удаагаа үнсүүлээд сууж байгаадаа баяртай бахархам сайхан байнаа.
-Театрт ажилласан анхны бүтээлийнхээ тухай эргэн дурсвал?
-Ардын жүжигчин Б.Мөнхдорж ерөнхий найруулагчийн найруулан тавьсан Догшин ноён хутагт Данзанравжаагийн “Саран хөхөө” үндэсний туульсын жүжгийн менежерээр ажлын гараагаа анх театртаа эхэлсэндээ бэлэгшээн бахархал дүүрэн явдаг хүн дээ би. Энэхүү үндэсний томоохон бүтээлийг бүтээхэд оролцсон, уншсан, сонссон хүн бүрийн буян заяа дэлгэрдэг хэмээн түүхэн сударт өгүүлсэн байдаг юм билээ. Жүжигчид маань хүртэл баринтгалсан зохиолоо адислан авч байсансан. Тэр том найруулагчийн итгэлийг дааж ажилласандаа туйлаас баяртай байдаг. Тухайн жүжиг маань элитүүдийн биширсэн жүжиг боллоо хэмээн хэвлэл мэдээллээр синсаациүүсч тухайн жилдээ “Гэгээн муза” наадмын Гранпри шагнал хүртэж билээ. Тэр агуу найруулагчаас авахуулаад энэ цаг үеийг эзэлсэн ТС Н.Наранбаатар найруулагчийг хүртэлх бүх л найруулагч нарын бүтээлүүд бүр дээр хамтран ажиллаж ирсэндээ, төрийн соёрхолт найруулагчтайгаа хамтран хамгийн анхны Төрийн их наадмын туслах продюсероор ажиллаж, “Монгол наадам” дуунд урлагийн бүх оддыг хамруулан, клипийг хийн анхны контентийг гарган DVD хэвлүүлэн олны хүртээл болгондоо бахардаг.
-Энэ хугацаанд хэчнээн уран бүтээл дээр хөрөнгө оруулалт босгов? Менежер хүн юу хийх ёстой байдгийн, таны ажиллаж байх тэр үеийн танай хамт олны ололт амжилтаас товч дурдвал?
-Өнөөгийн төр засаг бодлогын түвшинд урлагийн байгууллагуудыг өөрийн олсон орлогоо өөрсдөө захиран зарцуулах хууль эрх зүйг нээж өгсөн нь театр урлаг илүү ихээр хөгжин дэвжих сайхан үүд хаалга нээгдэж байгаа нь талархууштай. Тэртээх миний ажиллаж эхэлсэн 2000-д оны үед бид чинь олсон орлогоо захиран зарцуулах эрхгүй байсан учраас дараагийн уран бүтээлээ хийх зардал мөнгөө олох шаардлагатай тулгарч Төсөл бичиж санхүүжилт босгох шаардлагатай байдаг байсан. Тийм болохоор менежер хүн Пандрэйзинг хийдэг байлаа. Миний хувьд Б.Мөнхдорж найруулагчтайгаа ажилласан дараагийн бүтээл бол төслөөр хэрэгжүүлсэн “Шар тэнгисийн тарчлаан” жүжиг байсан. Манай уран бүтээлийн багынхан Швейцарын хөгжлийн агентлагт төсөл бичиж, түүнийгээ хамгаалж шалгараад, тухайн үеийн 60 сая төгрөгний ивээн тэтгэлэг авч уран бүтээлээ хийж байлаа. Мөн миний хувьд Б.Хишигзаяа найруулагчтайгаа шинэ санаа сэдэн БСШУЯ-нд хамгийн анхны хүүхдийн уран бүтээлийн төсөл болох“Онцчууд” төсөл бичин олон төслөөс шалгарч, “Онц сурлагтнууд орохыг хориглоно” хүүхдийн жүжигт 7 сая төгрөгний хөрөнгө оруулалт босгон театртаа гэрээт хэлбэрээр тухайн бүтээлээ тавьж үзэгч багачуудын хүртээл болгож хожим нь театртаа хүлээлгэн өгсөн байдаг. Дараа нь бид хүүхдийн олон бүтээлд хамтран ажилласан даа. Багш байсан болоод ч тэр үү хүүхдийн уран бүтээлд хүүхэдтэй ажиллах хамгийн гэгээлэг сайхан байдаг. Хувийн маркетингдаа ч анхаарч Монголын урлагийн зөвлөлд театрын удирдлагын чиглэлээр манлайллын төсөл бичин шалгарч Магистрын сургалтын төлбөрөө ч мөн ивээн тэтгүүлсэн дээ.
Ер нь менежер хүний хувьд зөвхөн ивээн тэтгэлэг хөөцөлдөн бүтээлийн санхүүжилтээ босгоод зогсохгүй,найруулагчтайгаа нягт хамтран ажиллаж уран бүтээлээ сонгонтэр бүтээлээ хийх багаа бүрдүүлнэ. Тэгээд түүнийгээ ямар хэлбэрээр олон нийтэд сурталчлах уу, сурталчилсны үр дүнд хэрхэн үзэгчдэд хүргэн ашиг орлого олох уу гээд л сэтгэж, судлаж, төлөвлөж, зохион байгуулах зэрэг эхлэхээс дуусах хүртэлх бүхий л ажил хамаатай байдаг.Менежерийн ажил энэ жүжгийг тайзнаа тавина гэж зохиолоо сонгосон үеэс эхлээд л жүжигчидтэй адилхан судлаач байдаг. Тэгээд бүх хүнтэйгээ баг болж ажиллана. Угтаа бол жүжиг тавигдаж эхэлсэн цаг үеэс жүжиг тайзнаа тоглон дууссаны дараа тайлангаа гарган захирлын зөвлөлд тайлагнан дүгнүүлэх хүртэл нэг бүтээлийн маркетинг тасралгүй үргэлжилдэг. Театр жилдээ 3-4 шинэ уран бүтээл хийдэг. Шинэ уран бүтээл бүр дээр шинээр сэтгэх шаардлагатай гардаг. Менежер хүн байнгын шинээр түрүүлж сэтгэгч байх ёстой. Овсгоо, самбаатай, юм болгоныг түрүүлж хардаг бас алсын хараатай байх ёстой. Тэгж байж л амжилтанд хүрнэ.
Миний хувьд театрынхаа урын сан дахь 500 гаруй уран бүтээлийн 50 гаруй шинэ уран бүтээлийн менежерээо бие даан ажилласан байна. Намайг маркетингийн албаны дарга, менежерээр ажиллаж байх тэртээх 2007 онд манай маркетингийн алба “Шилдэг маркетингтай байгууллага” болж, манай байгууллага “Хэрэглэгчдийг хаанд өргөмжилсөн хамт олон”, “Хүүхдэд ээлтэй байгууллага” болж анхлан Стратеги төлөвлөгөө боловсруулан ажиллаж, суудлын зэрэглэл, үнийн ялгаварт бодлогыг анх гаргаж, үзэгчдийг дуудах уриа үгтэй болж, сургууль хамт олноор соён гэгээрүүлэх уулзалтуудыг хийн ирээдүйн үзэгчээ бэлтгэж ирсэн уламжлалт сайхан ажлууд маань өнөөдөр ч түүчээлэн үргэлжилсээр байна.
-Мэргэжлээрээ бахархах сэдэл хэзээ төрж байв, таны ажил мэргэжлийн сайхан агшин?
-Мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж, амжилт гаргах бахархам сайхан шүү дээ. Соёл урлагийн менежер гэхээр л дан ганц билет зардаг ажил хийдэг хүнгэж хүмүүс өрөөсгөл ойлгоод байдаг талтай. Огт үгүй юм гэдгийг миний ярьсан дээрх жишээнүүдээс ойлгосон байхаа уншигчид маань.Өнөөдрийг хүртэл би соёл урлагийн байгууллагуудын менежерүүд хийгээд менежер болохоор бэлтгэгдэж байгаа СУИС-ийн менежментийн ангийн оюутнуудыг дадлага хийхээр ирэхэд нь хамгийн түрүүн найрсагаар угтан авч, энэ мэргэжилд дурлуулах, энэ ажил мэргэжил ямар сайхан бэ гэдгийг өөрөө үлгэр дуурайлал болонманлайлж харуулахыг хичээн, тэдэнд туслан зааж сургахад туршлага хийгээд сэтгэлээ харамгүй зориулан, бусдад тустай явахад надад таатай сайхан байдаг. Өнөөдөр төрд тэр тусмаа театрын урлагт зориулсан 30 жилийн ажлын туршлагаа би өөрөө хав дараад явахгүй дараа дараагийн хүмүүсээ бэлтгэх юмсан гэсэндээ тэдэндээ сургалт үнэ төлбөргүй өгч, сайн менежер болох талаас нь их туслахыг хичээдэг дээ.
Соёл урлагийн менежер миний хувьд мэргэжлийн урлагийн том байгууллагын менежер болон Драмын Гэрэл хэмээн театраараа овоглогдон, агуу хүмүүсийн нэгэн эд эс нь болоод,том театрын томоохон бүтээлүүдийг, тэнгэрлэг уран бүтээлчдийгээ сурталчлан таниулж явахдаа бахархдаг. Хийхэд амаргүй маркетингийн их ажлынхаа ард гарчихаад сайхан бүтээлээ сэтгэлд хүртэл гаргаж байгаа уран бүтээлчдээ хараад, их танхим дүүрэн үзэгчдийнхээ халуун алга ташилт хийгээд сэтгэл хөдлөлийг зэрийтлийн хамгийн арын суудлаас хамт догдлон үзэж суух мэдрэмж л миний мэргэжлийн хамгийн аз жаргалтай сайхан агшин даа.
-Зөвхөн нийслэлд гэлтгүй орон нутгийн үзэгчдэд уран бүтээлээ хүргэдэг шүү дээ?
-Бид зөвхөн нийслэлчүүддээ уран бүтээлээ хүргээд зогсохгүй орон нутгийн үзэгчиддээ бүтээлээ хүргэж, соён гэгээрүүлэх ажлуудыг тасралтгүй жил бүр хийдэг. 2002 оноос аялан тоглолтыг ахин сэргээж, миний хувьд 16 жил тасралтгүй 21 аймгаар эх орноо гурван удаа нар зөв тойрон аялан тоглолт хийж, орон нутгийн үзэгч түмнээс бид бүхэн өндөр үнэлгээ авсан байдаг юм. Театрынхан бид дан ганц жүжиг тоглоод л явдаггүй, соён гэгээрүүлэх сургалт лекц, нийгмийг төлөвшүүлэх олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажилладаг. Орон нутагт аялан тоглолтоор явахад менежер хүн бүгдийг удирдан зохион байгуулаад явдаг нь өндөр хариуцлагаас гадна өөрөө бие даан ажиллах ур чадварт сурахад их ач тустай, давуу талтай байдаг. Хичнээн хүний бүрэлдхүүнтэй хэдэн уран бүтээлээр хаана, хэд хоног хэдэн удаа тоглон, хэрхэн ашиг орлого олж, хаана уран бүтээлчдээ байрлуулж хэрхэн тэднийгээ холын замд ядраалгүй тав тухтай байлгах уу гээд л ажлын хувиарлалтаа зөв төлөвлөж, богино хугацаанд шахуу программтай ажилласнаар аялан тоглолт болгон маань амжилттай болдог байсныг бахдан санахад таатай сайхан байна. Орон нутгийнхны дэмжлэгийг авч тэдэнтэй хамтран ажиллаж чаддаг байсан. Бас нэг миний мэргэжлийн сайхан нь менежер хүн олон нийттэй тасралтгүй харилцдаг болохоор олонтой болдог нь олзуурхууштай сайхан. Хаана ч хэзээ ч очсон танихгүй мэдэхгүй хүнгүй, бүтэхгүй ажил гэж үгүй шүү. Жишээлэхэд л театраа төлөөлөөд хэвлэл мэдээллийнхэн та нартайгаа хүртэл хамтран ажилладаг шүү дээ. Театрынхаа нэрийн хуудас болон энгийн байгууллагын даргын хаалгыг татахаас авхуулаад л их хурлын гишүүний үүдийг хүртэл татажтеатрынхаа л төлөө борви бохисхийх завгүйгүйж болгож бүтээж явахад ч сайхан шүү.