Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Сономын Удвалын зуун жилийн ойн хүрээнд энэ жилийн наадмыг зохион байгуулсан юм. Энэхүү наадамд шилдэг арван богино өгүүллэгийн нэгээр шалгарсан зохиолч, яруу найрагч Г.Болормаагийн “Сэтгэлийн амь” өгүүллэгийг уншигч танд хүргэе.
“ … Нэгийг идэхээр мянгад ам хүрнэ”. Хангайн амьтан яагаад ингэж ховдоглож боддог лүд вэ гэж Цэдэнбалжир гэнэт хэлээд хад хад инээж, нүдээрээ цоргин харж, ур дүй муутай гараараа амаа арчин, уруулаа мурилзуулан авирлаж эхэлсэн өдрөөс хүн дүрст араатан болж хувирсныг нутаг усныхан нь мэдэн, жийрхэж хөндийрөөд уджээ.
Дуугаа хураан бодлогоширч, татсан тамхины сүүмэлзэн замхрах утааг харж сууж сууж “Алхам тутамд шунал, өшөө авалт, хорсолт санаатан болжээ дээ. Нэг нэг рүүгээ жийлцэж, ач тач үзэлцэж, ёстой л алаагүй баавгайн арьсыг хувааж авах гэж шүлэнгэтэж байх шив. Балбар ахын хүү нь өнгөрсөн жилийн малын ноос, ноолуур аваад чилийсэн. Энэ жил сумын дарга гуйж гувшсаар байгаад тавин хонь тууж аваад ариллаа. Тугалтай үнээ, тулам тосыг авах энүүхэнд болоо шив дээ. Хүний шуналд хязгаар байна уу…” гэж өөрөөсөө хэдэнтэй асууж, эцэст нь нэг л өдөр хар хорын санааны эсрэг хагас галзуурч, тэмцэх болсныг хавийнхнаас нь хэн ч ойлгосонгүй…“Нулимс унагахаар нударга зангид” гэж эцгийн сургаж ирсэн аргыг хэрэглээд хурж хурж дийлэхгүй болсонд “ахынхаа хэдэн төгрөгийг өгчхөөч” гэж гуйж гувшаад аргаа барлаа. Одоо бүр урдаас элдвээр доромжилж байх шив…Аль гурван жилийн өмнөх адууны арилжааны өртөг өгөөч гэхэд юу юу гэнэв. Ерөөсөө “сөргөө мэх хийе” гэж боджээ.
Эхнэр Дэжид нь эхэндээ “Энэ минь галзуурчих нь уу… Одоо яадаг билээ. Хүн амьтан мэдчих вий дээ. Сэтгэлийг нь тогтуун байлгавал төрөлхийн биш юм чинь тайвширч, эдгэрэх байх” гэж бодовч Цэдэнбалжир эхнэрийн арга үгэнд нь эс орох болжээ.
Нэг өглөө тайранхай калибр буу авч, сумын төвийг зорин “утаат хүлэг”-ээр хаазлан оджээ. Сураг нь сумын засаг даргын өрөөнд орж хэрэг мандуулж, тавин хонины өртгийг бүтэн жил өгөөгүй хүн, ширээнийхээ шургуулгаас гаргаад шидэлтэл нь сүр бадруулаад ирсэн шөнө хангайн амьтан хотонд нь ороод хонийг нь талын нэг тараагаад, хагасыг нь тастаж хөөгөөд арилсан байв. Урагдаж, тастуулсан, унжиж санжсан үзэшгүй улаа үзсэн Цэдэнбалжир хэдэн хөтөл даван цуурайттал бахирч, шүдээ хавиран “ингэх тусам шуналд автах минь, ээ халаг гэж” хэмээн толгойгоо шаан бохирон унажээ. Дэжид авгай “Энэ хүн өөрийгөө алчихгүй байгаа даа” гэж зүрхээ дэлбэртэл дэнслүүлээд:
-Яанав чи. Тайвшир. Хангай авлагатай байгаа биз. Хүн нь эрүүл байж гэмээнэ болох л биз. Ямар хүүхэд юм уу чи…Тэгээд ч хэрүүл уруултай авчирсан юм хоол болохгүй байгааг харж байна уу… гэж ширүүхэн хэдэн үг хэлэв. Цэдэнбалжир гэнэт уужуухан амьсгаа аваад, босож, гэртээ ороод тамхи татаж суутал урд голын Дашхүү ирээд үймүүлчүүлж орхив.Түүнийг үзээд Цэдэнбалжир зэвхий хөх царайлж, хөмхий зуув.
-Ах чинь ноолуурын өртөг, бас гунын өртөг өгөхгүй бол би чамайг өөрийн гараар үгүй хийхэд бэлэн байна гээд заамдан авч, тонгорч унагахад гэрийн баруун талаарх эд хогшил тарж бутарч, дээлийн захыг хумьж захадсан гарын атгалт улам чангарч, Дашхүүгийн амнаас хөөс цахарч, хоолой нь хоржигноход Дэжид Цэдэнбалжирын гарыг арайхийн тавиулжээ.
-Ах нь баяжина аа. Хавийн хүний хэрэглэдэг алт, мөнгөн эдлэлийг хормын төдийд авдарлаж авах минь. Чиний ахаас өртгийг гурав нугалж авна…Бос чи. Одоо миний утсаар тэр ах руугаа ярь. Эсвэл чамайг арын хаданд аваачиж, буудан алчихад чи надаас амиа эргүүлж авах уу, айн гээд гараа салгануулан буу руугаа явуулахад Дашхүү ухаан самардан босож,”тэгье, одоохон залгая” гэв.
-Ах аа.Та Цэдэн ахын өртгийг өгөхгүй бол, намайг алах гээд байна….Тиймээ, алах гээд байна. Энэ ах галзуурчихсан юм ш тээ…Тиймээ, та дуулсан юм уу. Одоо явуулах…тийм үү…Үгүй ээ, гурав нугалж авна гэнэ…Шуналын дэв бишээ, ах минь. Дуугай л нэхэж байгааг нь өгөхгүй бол…намайг гээд дүү нь ээрэн уйлахад утасны цаанаас:
-Хотын бид чинь хэцүү байна. Өргөн хэрэглээний бараа үнэд ороод…Авгай хүүхдээ тэжээх гэж ах нь зовж явна… гэх дууг Цэдэнбалжир тас цохин:
-Илжиг минь, одоо надад дөчин сая төгрөг өгөхгүй бол дүүтэйгээ чи эргэж уулзахгүй л байх шүү… гэв.
-Юун дөчин сая…гэхэд Цэдэнбалжир муухай орилон, буугаа онилох гэхэд Дэжид бархирч байхуйд утасны цаанаас сандарсан дуугаар:
-За, за дансаа өгөө…гэв.
-За Дэжид ярь гээд Цэдэнбалжир арагш суусан юм. Энэ явдал болоод удаагүй байсан цаг.
Цэдэнбалжирын гэрийн авдар, орны завсрын ширгүүд хургаж сунасан цагаан эрээн могой цочирдож бачимдсан эмийн дуунаас жийрхэв үү гулсан зүүний сүвэгчээс сугарсан утас шиг алга болчхов. Дэжид авгай “Өвгөөн гэрт хайрхан зочилсон байна. Одоо яанав” гээд сөөгнөтсөн цахир дуугаар хэлэхэд Цэдэнбалжир хагас бохирон хэвтэж байснаа ухасхийн босов. Орны хөндий доогуур тонгойн цагаа цэцгийтэй түмпэн сав, хойш урагш болгон тор торхийн дуугаргаад эс олов бололтой эргэж гарч ирэхдээ Цэдэнбалжир:
– Шуулттай хаяагаар гараад явчих шиг боллоо гэв. Дэжид гудасхийн гэрээс гүйн гарч эргэн тойрноо ажаад эс юм олж харав. Цэдэнбалжир орны доогуур эргэн орсноо гэнэт “Галын хайч аваад аль” гэв. Удсангүй могойн хүзүү биеэс нь галын хайчаар хавчиж гаргаж ирэхдээ:
-За хө. Толгойд нь сүү дусаачих гэв. Дэжид авгай ч төдөлгүй толгойд нь сүү дусаахад цагаан эрээн могой хайчны аманд эрчлэн суналзах нь эр эм хоёрт тийм ч олигтой санагдсангүй.
-Ээ, хайрхан минь гэж амандаа бүвтнэн үүдээр гарахад эхнэр араас нь дагаж гараад уул хангайдаа сүү өргөв. Манай энэ галзуу хангайн амьтан тастаж хаях бий дээ гэж Дэжид орох гарах газраа олж ядаж байлаа. Удсангүй Цэдэнбалжир эргэн ирэхдээ:
-Одоо яав л гэж дээ. Хулганы нүх рүү өөрөө гулсаад орчихлоо. Манайд ирж сүү амтлах авлагатай байгаа л биз гээд Цэдэнбалжир инээмсэглэхэд Дэжид авгай сая л тайвшрав.
Хүүхдүүд нь хот хороонд суудаг Цэдэнбалжир, Дэжид хоёрыг зорин машинтай хэдэн залуу ирсэн нь мөрийтэй тоглогчид байжээ. “Ахын бэл хүрвэл үзье” гээд том хар машиныхаа хүчтэй, даацтайг шагшиж, дансандаа хэдэн саяар тоологдох мөнгөтэйгээ гайхуулахад Цэдэнбалжирын омог дахин дэгдэж, ам гарчхав. ”Дөчин саяыг дөрвөн зуун сая болгоноо. Та нарын бэл цайчихгүй бол ах нь буцашгүй” гэв. Бүтэн өдрийн турш морь харах ч завгүй суусан Цэдэнбалжир шуналт залуусын гарт хэдэн төгрөгөө сул тавьж туучихаад ганцаараа уулын энгэрт очоод бархирч суухыг Дэжид эхнээсээ тааварлаж л байсан аж.
-Цэдэнбалжир аа? Гэртээ харья. Харанхуй боллоо… гэх тайван дуунаар тэрээр өндийн жаахан хүүхэд шиг гэнэнээр орчноо харснаа, инээмсэглэн Дэжидийн өөдөөс өндийн, гүн санаа алдав:
-“Нэгийг идэхээр мянгад ам хүрнэ…” гэдэг чинь Чонын санаа л юм байна. Би хүн шүү дээ…Биеийн бөхөөр нэгийг давж, ухааны цараагаар удаан амьдрах ёстой юм байна. Миний сөргөө шунал дийлсэнгүй, хоосрох нь байна гэв. Дэжид:
-Охин сая ярилаа. Амаржиж гэнэ. Хүүтэй болжээ…Чи бид хоёр өвөө, эмээ болов шив… гэж айлгүйхэн инээмсэглэхэд Цэдэнбалжир үсрэн босож:
– Лусын амьтан гэрт зочлоод байсан. Ийм том олз авчирсан байна. Ээ хайрхан минь…Би өнөө муу бууг аль эрт хадны хонгилд чулуудчихсан…Энэ ороо бусгаа цаг хүнийг галзууруулж мэдэхээр жирэлзэж байна шүү…
-Яахав дээ хө. Гэм нүгэлд гэсгээл гэж байдаг юм гэнэ билээ.Нүгэлтнүүдийг орхисон нь дээр.
– Тийм байх…Одоо санаа амарлаа… Ухаан минь эрүүл шүү… Миний сэтгэлийн амь бөхөөгүй ээ…Одоо чамайгаа тайван байлгана аа гээд Дэжидийнхээ буурал хяруу сэмхэн шургасан юм шиг шанхыг нь илж, зурвас үрчлээ татсан духыг нь удаан гэгч нь үнэрлэв.