Тусгаар тогтносон улсын нэгэн том тодотгол бол үндэстэн, өв соёл байдаг билээ. Хэл соёл, өв уламжлалаараа бахархах тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин Б.Батцэцэглэнг урьж үндэсний өв соёл болсон дээл хувцасны тухай ярилцлаа.
Тэрбээр, “Монголчууд маань дээл, хувцас сайн цуглуулах юм бол буян их хураадаг гэж ярьдаг. Та бүхэндээ ч гэсэн хэлэхэд гэртээ сайхан өөрийн гэсэн дээлтэй болцгоогоорой. Дээлээ хадгалж, буянаа сайхан хурааж байгаарай гэж хэлмээр байна. Энэ бол миний хамгийн сүүлд хийлгэсэн дээл. Миний төрсөн эгч их сайхан оёдог хүн байдаг. Энэ дээлийг торгоор нь өөрөөр нь эмжээд, өөрөөр нь сампин зангидсан. Би тийм арга хэмжээнд очиход ямар дээлээ өмсөх вэ ч гэдэг юм уу, би их том, гэрэл ихтэй тайзан дээр гарах нь. Тэгэхэд би ямар дээлээ өмсөх вэ гэдэг чинь олон дээлтэй болох шалтгааны нэг байгаа.
Энэ дээл болохоор би “Үлэмжийн чанар” дуун дээрээ өмсдөг дээл. Энэ дээлийг би өөрөө оёж байсан. Энэ богино эсгүүр бол өдөр тутамд өмсөхөд их эвтэйхэн байдаг. Энэ дээлийн эмжээрийн тухай ярьж гэж бодож байна. Эмжээр нь бол сүүлийн үед контур буюу хавчуурга гэж хэлээд байгаа. Дан пүүсүүгээр эмжсэнээс хавчуурга хийх юм бол илүү нарийн ур хийц харагддаг.
Одоо миний өөрийн өмссөн дээл маань “Дөрвөн арвайт” гээд брэндийнхэн надад урлаж өгсөн. Энэ хээний тухай ярья гэж бодож байна. Энэ дугуй хээ бол дөрвөн арвай гэдэг хээ. Дөрвөн арвайт гэдэг хээг зогсолтгүйгээр үргэлжлүүлж, дугуйлж хийсэн. Үүнийг бас таван нүдэн гэж нэрлэдэг юм билээ. Дөрвөн арвай тавихаар яг дөрвөн арвай болдог. Доторх дөрвөлжинг нь оруулахаар таван нүдэн гэж нэрлэдэг. Энэ нь дөрвөн зүг, найман зовхист сайн сайхан байх. Шар өнгө бол амжилт бүтээлтэй байх. Ер нь нударга бол цайвар бөгөөд тэнгэрийн өнгөтэй байдаг. Энэ болохоор хүмүүс ярьдаг шүү дээ нударга анх Манжийн засгийн үед анх орж ирж байсан байгаа юм. Тэгэхээр тэр үед доошоо нударга орж ирсэн гэнэ ээ. Үүнийг Занабазар гуай монголчилж, ер нь гаднын соёлыг монголд хөрвүүлж өөрийн болгож нутагшуулж авсан. Дэлхийн улс орнууд бусад орны соёлыг өөртөө шингээж, өөрийнхөө хөрсөн дээр буулгаж, өөрийн болгож авдаг түүхүүд маш их байдаг. Үүний нэг илрэл бол энэ нударга. Нударгыг дээш нь эргүүлж тэнгэрийн өнгөтэй болгож, хоёр нударга нийлэхэд ембүүний хэлбэртэй, энэ нь эд баялгаар элбэг дэлбэг, тэнгэрийн хийморьтой золбоотой байх гэдэг ухааныг ингэж оруулж ирсэн гэж надад хүн тайлбарлаж хэлсэн. Энэ удвал цэцэг. Удвал цэцэг арвин сайхны бэлгэдэл. Энэ дээлийг бэлгэдлийг агуулж хийлгэсэн. Энэ дээлийн хормой өргөн дэлбэгэр. Ер нь дээр үеэсээ монголчууд морь унадаг, эрчүүд нь ихэвчлэн газар завилж суудаг энэ ахуйн бүх хэрэгцээнд дэрвэгэр хормой их хэрэглэгддэг байсан. Сүүлийн үед төв суурин болоод ирэхээр хормой нэлээд нарийвтар болж хувирч байгаа.
Энд ерөнхийдөө ард дээлүүдийг авчирсан байна. Монголчууд олон төрлийн дээлтэй. Олон төрлийн зах, нударга, эмжээрийн маш арвин сан хөмрөгтэй. Би энд зөвхөн өдөр тутамдаа хэрэглэдэг өмсдөг, дээлүүдээ авчирч сонирхуулж байна. Эхнэр дээл гэхэд мөртэй байх жишээтэй. Хатан дээл гэхэд захны хувьд 13 дугаар зууны үеийн зах гээд яригдаад байгаа хажуу захтай байх жишээтэй.
Миний эмээ, ээж хоёр их сайхан оёдог хүмүүс. Би эмээ дээрээ өссөн учраас цагаан сар дөхөхөөр манайх чинь үйлдвэрийн цех болж хувирдаг. Бид сампинг нь зангидаж өгдөг. Хамгийн анхны минь багш бол манай эмээ байсан. Сүүлд би эгчтэйгээ хамтдаа “Чухал амжилт” сургалтын төвд сурсан. Ер нь өөрөө би үүнийгээ чадахгүй байгаа гэдгээ мэдэж байдаг хүн болохоор багшаасаа асуугаад яваад байдаг юм билээ. Манай эмээгийн хэлдэг нэг үг байдаг юм. “Юу ч хийгээд сурсан тэр чинь эрдэм. Хүн яаж ч амьдарч болно” гээд. Энэ бүхэн нь л одоо хэрэг болж байна шүү дээ.
Нутгаасаа холдоод нүүгээд явж байгаа хамаатан садан, ахан дүүс, ээж аав, хараахан гэр бүл, айл өрх болж амжаагүй амраг хосууд салаад явж байсан. Түүнийг нь хараад
“Нүүгээд нүүгээд явахад нь
Нүүдлийн бараа тодорно
Нүүсэн буурийг нь харахаар
Нүдний минь нулимс бөмбөрнө…” гэж “Говийн өндөр” гэж дуугаа говийн түмэн маань нутгаа орхиод нүүж явсан энэ хүмүүсийнхээ хойноос харамсаж зохиож байсан. Урагшаа хил гарч нүүж байсан тохиолдол. Хил тогтоохдоо цаана нь, наана нь хил тогтоогоод хил тогтоож байсан шалтгаанаас болж хилийн наана, цаана болдог бас хэцүү цаг үе байсан монгол төрд. Одоо бид амар тайван аз жаргалтай амьдарч байна.
“Говийн өндөр модондоо
Голио нөмрөг донгодно…” гэж дуулдаг байсан байгаа юм. Сүүлийн үед уран бүтээлчид
“Говийн өндөр ууланд
Голио намраар донгодно…” гэж дуулаад байгаа. Голио намраар донгодно биш голио нөмрөг гэж шувууны тухай
“Говийн өндөр модондоо
Голио нөмрөг донгодно
Голын хайртай хүүтэйгээ
Горьгүй ч гэсэн уулзана даа хөө”
Энэ их өв уламжлал, баялаг, соёлыг үлдээж өгсөн өвөг дээдэстээ баярлалаа гэж хэлье.
Энэ өдөр та бүхний минь цусаа урсгаж олсон эд эсээ шингээж олсон тусгаар тогтнолыг чинь үр хойч бид авч явах үүрэгтэй байх гэж бодож байна.