Хүүхдүүдийн хувьд өсвөр насандаа бие даан шийдвэр гаргах, өөрийгөө хувь хүн гэж мэдрэх, чөлөөтэй сонголт хийх зэрэг үнэлэмж нь өөрчлөгддөн. Өөрөө бие даан шийдвэр гаргахыг хүсэхээс эхлээд зан аашийн хувьд ч өөрчлөгддөг. Иймээс та өсвөр насны хүүхэдтэй бол хүүхэддээ цаг зав гаргаж ярилцах, тэдний үзэл бодлыг хүндэтэж хоёр талын харилцаанд тулгуурлах нь зүйтэй гэж сэтгэл зүйч зөвлөлөө.
ХҮҮХДИЙГ ЯМАР Ч ҮЕД НӨХЦӨЛГҮЙГЭЭР ХАЙРЛА
Энэ талаар сэтгэл зүйч Г.Хулан "Эцэг эхчүүдийн хувьд хүүхэддээ хамгийн сайн сэтгэл судлаач болох боломжтой байдаг. Яагаад гэвэл ээж, аавууд маань хүүхдийнхээ онцлог бүх зүйлийг нь багаас нь мэддэг. Тусгайлан долоо хоногтоо ядаж 10 минутыг би бол чиний сэтгэл судлаачийг хийнэ гэдэг өдөр, цаг гаргаж болно.
Нууцыг чандлан хадгална. Өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр хэн нэгэнд дамжуулахгүй. Хүүхдийн хэлсэн ярьсан болгоныг нь хүлээн зөвшөөрч дэмжиж, ойлгоно. Тэгэхээр хүүхэд маань тэр 10 минутынхаа хугацаанд өөрт нь юу болоод, юу болохгүй байгаагаа илэрхийлэх боломжтой болж байгаа юм. Ярьж байгаа зүйлсээс нь ээж, аавууд маань харин дүгнэлт хийж болно. Тэгвэл би хүүхдийнхээ ямар чадварыг хөгжүүлбэл миний хүүхэд энэ байдлыг арай хялбараар даван туулж чадах вэ? Сэтгэл зүйч дээр аваачих ч юм уу, үнэхээр өөрсдөө эцэг эх нь чадахгүй бол яаж тухайн зүйлийг даван туулж болох вэ гэдэг дээр нь төвлөрнө гэсэн үг" гэлээ.
ЗӨВХӨН ӨНГӨРСӨНТЭЙ НЬ, ӨӨРТӨӨ НЬ ХАРЬЦУУЛ
Мөн тэрбээр үргэлжлүүлэн "Эцэг эхчүүд маань хүүхэддээ хамгийн сайн сайхныг хүсдэг болохоороо харьцуулж эхэлдэг. Гэтэл тэр харьцуулалт нь хүүхдэд яаж тусдаг вэ гэхээр би бол хангалттай сайн биш юм байна гэдгээр хүлээж авдаг. Багаас нь хүүхдийг харьцуулаад эхлэхээр хүүхэд насан туршдаа өөрийгөө хэн нэгэнтэй харьцуулдаг. Насанд хүрсэн хойноо ч гэсэн харьцуулсаар л байдаг. Нөгөө талаасаа багаас нь ээж, аав нь өөрийнх нь давуу талыг хэлж өгдөг, бусадтай харьцуулдаггүй байсан бол өөрийгөө хүлээн зөвшөөрдөг, хайрладаг. Ямар ч тохиолдолд өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэсэн үг.
Хүүхэд маань буруу зүйл хийх ч юм уу буруу сонголт хийгээд эхлэхээр дандаа өмнүүр нь ороод шийддэг эсвэл үргэлж тулгадаг. Чи үүнийг ингэх ёстой. Энэ чинь чамд хамгийн сайн зэрэг тулгах хандлага ажиглагддаг. Тэгээд ирэхээр харилцаа маань нэг талын харилцаа болоод хувирчихдаг. Гэтэл харилцаа гэдэг маань хоёр талын харилцаа байх ёстой. Нөгөө хүнийхээ ч гэсэн үзэл бодлыг сонсоно. Мэдээж хүүхэд маань тархиныхаа хөгжлийн хувьд ч гэсэн 25 нас хүртэл бидний төлөвлөдөг, зөв шийдвэр гаргадаг, боддог ухамсартай тархи маань 25 нас хүрэх үед бүрэн гүйцэд хөгждөг гэж үздэг" хэмээн зөвлөлөө.
"Эцэг эхчүүдийн хувьд өөрөө мэд гэдэг үгийг маш их ашигладаг. Өөрөө мэд буюу чи өөрийнхөөрөө шийдэж болно гэдгийг хэлчхээд хүүхэд өөрөө мэдээд эхлэхээр чи өөрөө мэдэж болохгүй гээд эсэргүүцэл үзүүлдэг. Тэгэхээр хүүхдүүд буцаад л ээж, аав намайг ойлгодоггүй, хүндэлдэггүй. Хүүхэд өөрөө мэдчихсэн байхад эцэг, эхчүүд ойлгохгүй байгаа юм чинь. Чи үүнийг тэг, наадах чинь болохгүй гээд байхаар хэнд ч ямар ч хүнд таалагдахгүй. Тэгээд ирэхээр буцаад зөрчилдөөн нь нэмэгдээд эхэлнэ. Өөрөө мэд гэж хэлэхийн оронд хүүхдэдээ сонголтгүй сонголт олгож болдог. Таны хувьд хүүхдэдээ цамц өмсгөх хүсэлтэй байна. Цамцных нь өнгө нь улаан, ногоон, шар байна уу хамаагүй. Цамц л өмсөн байвал болоо. Тэгэхээр та анхнаасаа хүүхдэдээ өөрөө мэд гэж хэлэхийн оронд чи улаан цамц өмсөхийг хүсэж байна уу, ногоон цамц өмсөхийг хүсэж байна уу гэдгийг нь сонголтгүй сонголт болгоно гэсэн үг. Эцсийн байдлаар хүүхэд цамцаа сонгоно. Хамгийн гол нь хүүхэд өөрөө юу өмсөхөө шийдэж байгаа учраас эсэргүүцэл үзүүлэхгүй. Өөрөө би улаан цамц өмсөхийг шийдсэн. Тулгаагүй учраас хүүхдийнхээ үзэл бодлыг сонсчихсон хүүхэд өөрөө шийдвэр гаргачихсан, өөрийг нь хүндэлж байгааг мэдэрсэн болохоор эсэргүүцэл байхгүй. Өөрөө мэд гэдэг үүсдэг зөрчилдөөн маань байхгүй болох боломжтой гэсэн үг" гэж сэтгэл зүйч Г.Хулан онцгойлон хэлсэн юм.