Төрийн шагналт, зохиолч С.Удвалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Утгын чимэг" богино өгүүллэгийн наадмын шилдэг бүтээлээр зохиолч, яруу найрагч, судлаач, шүүмжлэгч, хэл бичгийн ухааны доктор, профессор П.Батхуягийн "Агь нүдэлж байлаа” өгүүллэг шалгарсан билээ. Бид түүнийг зорьж, тэргүүн байранд орсон түүний өгүүллэг хийгээд уран зохиолын талаар ярилцлаа.
-Уншигчид болон утга зохиолын хүрээллийнхэн таныг шүүмжлэгч, судлаач гэдгээр нь илүү сайн мэдэх юм шиг. Хэзээнээс хүүрнэл зохиол бичиж эхэлсэн бэ?
-Миний утга зохиолын амьдралд хийсэн ажлын ихэнх цаг хугацаа утга зохиол судлал шүүмжлэлтэй холбоотой. Гэсэн ч би 10 гаруй наснаасаа яруу найраг, 20 гаруй наснаасаа хүүрнэл зохиол бичиж эхэлсэн. Угтаа бол зохиолч хүн. “Утгын чимэг” наадамд 2005 оноос хойш оролцсон байна. Ингэхдээ дэд байранд таван удаа шалгарсан. Энэ жилийн хувьд, “Агь нүдэлж байлаа” богино өгүүллэгээрээ “Утгын чимэг”-ийн эзэн боллоо. Мэдээж түрүүлсэн хүн дотроо баяртай л байна.
-2005 оноос хойш гэхээр их олон жил оролцсон байна шүү дээ. Жил бүр оролцдог шалтгаан бий юу?
-Уламжлалт өгүүллэгийн дүр, уран сайхан, уран сайхны сэтгэлгээнээс арай ондоо өөр түвшний сэтгэлгээний шинэ хэлбэршил, шинэ агуулгыг илэрхийлсэн өгүүллэгийг Монголын зохиолчид бичиж байгаа шүү гэдгийг тодорхой хэмжээгээр уншигчдад танилцуулах, ойлгуулах зорилготой уралдаанд оролцдог байсан юм. Тиймээс аль болох тогтож хэвшсэн арга барилаар биш шинэ арга барилаар дүрийнхээ сэтгэл зүй, зохиолын орчин, өөр өгүүлэмжийн дунд хүүрнэх гэсэн тийм эрмэлзлийн дагуу “Агь нүдэлж байлаа” өгүүллэгээ бичсэн. Мөн хэвшмэл сэтгэлгээг өөрчлөхийг зорьсон.
-Өгүүллэгийн агуулгыг уншигчдад товч танилцуулбал?
-Эцэг эхчүүд, үр хүүхдээ гэх хайрыг манай уран зохиолд хангалттай бичсэн. Гэтэл эцэг эхийн хайраас дутахааргүй үр хүүхдийн хайр гэж байдаг. Бие биенээсээ эрж байгаа. Эцэг эх, үр хүүхдийн хайрын холбоон дээр, хайрын нандин хэлхээн дээр хүний амьдрал өнгөрдгийг, цаг хугацаа орон зайн хувьд, эцэг эх ба үр хүүхэд гэсэн харилцан хамаарлаар нь үзүүлэхийг бодсон. Хэдийгээр өндөр настай болсон тэр хөгшний хорвоо дээр амьдрах хоногийн тоо дуусч байгаа боловч үр хүүхэд нь хаврын агь нүдэлж, урин цаг ирсэн байхад эхийгээ хуураад, өвлийн хүйтэн тачигнаж байна гэж хэлээд, өнөөх хөгшин хөлдүү газар нүдүүлж хүүхдүүдээ зовоохгүй юм шүү гэсэн үүднээс маш олон хоног сар бие сэтгэл, өвчинтэйгээ тэмцэлдээд байгаа нь хүний бодолд ямар их хүч байдаг вэ гэдгийг нэгдүгээрт харуулах гэсэн. Нөгөө талдаа үр хүүхэд эцэг эхийгээ дэргэдээ нэг хоног, нэг жил, хэсэг хугацаанд ч гэсэн хамт байх гэсэн сэтгэл зүйг харуулах гэсэн нь энэ өгүүллэгийн онцлог, шинэлэг тал байх гэж бодож байна.
-“Агь нүдэлж байлаа” богино хэмжээний өгүүллэг дээр гурван ч удаа анир чимээгүй, ажин түжин байдлыг дүрсэлсэн байсан нь анхаарал татсан. Юуг илэрхийлэх гэсэн юм бэ?
-Тэрхүү анир чимээгүй нөмрөөд байгаа нь хүний амьдрал тасалдах гээд байгааг илэрхийлж байгаа юм. Бидний амьдарч байгаа цаг хугацаа бодол дундуур тасарчих гээд байгаа гэсэн үг. Миний ойлгосноор бодол тасрах үед хүн анир чимээгүйд уусдаг байх. Өөрөөр хэлбэл үхлийг анир чимээгүйтэй зүйрлэсэн. Би зохиолоо бичихдээ үйл явдлыг дэс дараатайгаар, ойлгомжтой өгүүлэхийг зорьдоггүй. Аль болох ээдрээтэй байлгаж, шидэт, ер бусын, зүүд зөн совин, хүний амьдралын огт тайлагдашгүй зэрэгцээ ертөнц, сүнс сүүдэр, хувь тавилангийн оноолт, үйлийн үр гэсэн сэдвүүдийг хөндөж бичдэг. Энэ нь миний өгүүллэгүүдийн онцлог болдог. Үүнийгээ ч “Агь нүдэлж байлаа” өгүүллэгтээ харуулахын зорьсон. Бидний амьдрал зэрэгцээ ертөнцийн дунд болж өнгөрдөг гэх үзэл санаагаа шингээсэн.
-Таны ажигласнаар энэ удаагийн “Утгын чимэг”-т оролцож буй уран бүтээлчийн сэтгэхүй, ур чадвар хэр дэвшилттэй байна вэ?
-Мэдээж хөгждөггүй уран зохиол гэж үгүй. Аль ч цаг үед тодорхой хэмжээний төлөөллүүд бий болж байдаг. Зохиолчдын сэтгэлгээний өнгө, хандлага харилцан адилгүй. Зүйрлэбэлээс, нугад түмэн өнгийн цэцэгс ургасан байгаатай адил. Тиймдээ ч уран зохиол сэтгэлгээний олон төрлийн хэлбэршил, тэс өөр өнцгүүд, хэл найруулга, дүрийн орчин зэргийн нэгдэл байх ёстой. Уран зохиолын зайлсхийж явах ёстой зүйл бол улиглан давтахгүй байх л явдал. Ингэхгүйн төлөө өнөөгийн бүхий л зохиолчид хичээж байгаа. Эрж хайж байгаа. Тэр байдал энэ жилийн “Утгын чимэг”-ээс анзаарагдаж байсан.
Сүүлийн аравт шалгарсан тэдгээр өгүүллэгүүд сэдвийн хувьд ондоо. Илэрхийлэл, дүр дүрслэлийн хувьд зохиолчийн арга барил шингэсэн нь тодорхой. Богино өгүүллэгийн нэг амьсгал байна. Хэлбэр, зохиомж, цаг хугацааны багтаамжийн хувьд ч гэсэн онцлог байдаг. Тэр нь хүний амьдралын зурвасхан агшин, хэдхэн цагийн үйл явдлыг өгүүлдэг. Урт удаан хугацааны амьдралыг товч байдлаар илэрхийлдэг. Нэг талдаа хэлбэр нь зохиолчоосоо тийм ур чадвар шаарддаг гэсэн үг.
-Таны хувьд ном болгон хэвлүүлсэн бүтээлээсээ дурдвал?
-Миний гаргасан “Нохой далайн зомгол” гэх түүвэр бий. Үүнд багтсан 19 өгүүллэгээс хоёр нь гурван улсын хэлээр орчуулагдсан. “Ганцаардлын пянз” гэх өгүүллэг нь Франц, Англи хэл дээр орчуулагдаад буй. Энэ өгүүллэгээр Франц,Шведийн уран бүтээлчид кино хийсэн. Нэр хүнд бүхий кино наадмуудад өрсөлдүүлж байгаа юм билээ.
Ингэж зохиол бүтээлээ гадны хэл дээр хэвлүүлэх нь монгол зохиолыг унших дэлхийн уншигчдад гүүр болохын сацуу сонирхлыг нь татна. Миний хувьд ингэж хэвлүүлснээр гадны уран бүтээлчдийн анхааралд өртөх боломжийг бий болгосон гэж үзэж байна. Зохиолчдын бүтээлийг гадагшаа сурталчлан таниулах тал дээр төр засгаас дэмждэггүй. Бодлого байдаггүй. Хайхардаггүй гэсэн үг. Тэгэхээр уран зохиол дур зоргоороо л явж байна. Хэдий тийм боловч манай зохиолууд олон улсын хэл дээр орчуулагдаж байгаа. Тэр тусмаа барууны орнуудын хэл дээр хэвлэгдэж байна. Энэ нь юуг хэлж байна гэхээр манай уран зохиол дэмжлэгтэй, тодорхой бодлоготой бол дэлхийд тэргүүлэх уран зохиолын хэмжээнд яригдах тийм их өв сантай, арвин сэтгэлгээтэй, зохиолчдын бүрэлдэхүүнтэй юм.
-Уран зохиолын зарим төрөл зүйл төдийлөн сайн хөгжихгүй байгаа харагддаг. Судлаач, шүүмжлэгч хүний хувьд юу гэж хардаг вэ?
-Уран зохиолын залаа авьяастнууд төрөн гарч байна. Энэ салбар хүнээр тасрах ёсгүй. Нөгөө талдаа төрөл зүйлүүд жигд бус хөгжиж байгаа нь үнэн. Хүүхдийн зохиол, жүжгийн зохиол, судлал шинжлэлийн салбарт залуучууд хүч сорихгүй байна. Миний хувьд багшлах цаг хугацаандаа утга зохиол судлаачдыг бэлтгэхээр зорьдог. Өмнөх үеүдийг бодвол манай залуучууд хүүрнэл зохиолын төрөл рүү орж байна. Зарим нь дан жүжгийн зохиол дагнаж бичих боллоо. Тэгэхээр мөдхөн утга зохиолын төрөл зүйлүүд жигд хөгжиж, хөндүүр сэдэв биш болно гэж үзэж байна.
-Уран зохиол хүнийг соён гэгээрүүлэх, дотоод хүн сэтгэл рүүгээ өнгийх боломжийг бий болгож, хүнийг танихад сургадаг гэж боддог. Судлаач уншигчдын зүгээс мэргэжлийн бус хүмүүс сул бүтээл туурвичхаад хэвлүүлж буйд шүүмжлэлтэй ханддаг. Таны хувьд?
-Хүн номоо хэвлүүлнэ гэдэг оюуны эрх. Оюун санааны эрх чөлөөтэй байх гэж л ардчиллыг бий болгосон шүү дээ. Уран сайхны мэргэжлийн үнэлэмжийн тогтолцоог бид бий болгоод шинэ бүтээлүүд дээр шаардлага тавьдаг байвал сайн. Хэмжүүр тогтоох хэцүү. Гэхдээ ямар ч улс үндэстэнд оюун санааны хэмжүүр байх ёстой юм. Тэр нь сэтгэлгээний хувьд ч тэр, дүр дүрслэлийн хувьд ч тэр, хэл найруулгын хувьд ч тэр тодорхой хэмжүүр байх ёстой. Үүнийг бий болгосон цагт сайн муу бүтээлийг унших, уншихгүй тухай ярьж болно. Магадгүй хэвлэлийн компанид уран сайхны зөвлөл ажилладаг. Судлаач шүүмжлэгчид байдаг бол бүтээлийг муу сайнаар нь ялгаж болох. Ингэж байж утга зохиолд дур зоргоороо хүссэн болгон нь орж чадахгүй болно. Уран зохиол зөвхөн авьяастай хүмүүсийн өрсөлдөх оюуны талбар байх ёстой. Сайн уншигчийн зэрэгт ч хүрэхээргүй хүн номоо олон мянга хэвлэж энэ тэнд сурталчлаад буй нь тодорхой тогтолцоогүйн улмаас үүдсэн асуудал. Үүнийг шийдэж байж утга уран зохиол сая нэг эмх замбараатай болно.