Сурталчилгаа
Монгол Улсын Их Сургууль жил болгон түр болон байнгын ажлын байрны өдөрлөгийг зохион байгуулдаг. Түр ажлын байрны өдөрлөгт оюутнууд хамрагдсанаар ажлын байран дээр гарахад шаардлагатай ур чадваруудыг суралцах, орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.
Энэ талаар МУИС-ийн оюутан төгсөгчийн хэлтсийн дарга, доктор М.Эрдэнэчимэг "МУИС-ийн оюутан төгсөгчийн хэлтэс сургуулийнхаа 20 гаруй мянган оюутанд сургалтаас гадна бусад төрлийн үйлчилгээ хүргэх үүрэг гүйцэтгэдэг. Орлоготой оюутан үндэсний хөтөлбөр дээр тулгуурлаад ажлын түр байрны өдөрлөг гэж хийдэг. Хаврын улиралд ажлын байнгын байрны өдөрлөгийг зохион байгуулж байгаа. Энэ өдөрлөгийн зохион байгуулахын тулд бид ажил олгогч шилдэг 100 байгууллагуудаас сонголтууд хийдэг. Ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгаан дээр тулгуурлаж хичээлийнхээ хөтөлбөрт тусгаж болох ямар ур чадваруудыг хөтөлбөрт тулгуурлаад хичээлтэй нь цуг ороод явж болох уу, хичээлийн хөтөлбөрт багтахгүй өөр бусад ур чадварууд байвал түүнийг хичээлийн бус цагаар хэрхэн яаж олгох вэ гэсэн энэ асуудал гарч ирдэг учраас манай хэлтэс хичээлийн бус байдлаар оюутнууд суралцангаа нэмэгдэл болон зөөлөн ур чадваруудыг олгох тэр нөхцөлийг бүрдүүлэхийн тулд энэ өдөрлөгүүдийг хийдэг" гэж хэллээ.
Энэ хөтөлбөрт тогтмол хамрагдагддаг МУИС-ийн II-р курсийн оюутан Г.Саранцэцэг "Нэгдүгээр курст орсон цагаасаа эхлэн түр ажлын байрны өдөрлөгт хамрагдаж байгаа. Энэ өдөрлөг жил болгон гурван үе шаттайгаар явагддаг. Энэ хүрээнд компаниудтай түр хугацаанд гэрээ хийх байдлаар бусад туслах ажилд оролцох, ажилд зуучлуулж орсноороо орлоготой болсон. Цагийн менежменттэй болж байна. Хоёрдугаарт хөдөлмөрийн зах зээл дээр цаашдаа гарахад би ямар байх вэ гэдэг чиг баримжаагаа олж авч байгаа гэсэн үг" гэж хэлэв.
Оюутан төгсөгчийн хэлтсээс суралцагчдадаа зориулан олон хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. "МУИС дотроо ажлын түр байрны тоог нэмэгдүүлэх гэсэн зорилтыг стратегийн төлөвлөгөөндөө тавьсан байдаг. Ийм учраас бид дотооддоо хэлтэс, нэгж, газрууд бүрэлдэхүүн сургуулиудаасаа ажлын түр байрны саналыг аваад оюутнууддаа санал болгоод цагаар ажиллах нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ ажлын хүрээнд тогтмол байнга оюутан авч ажиллуулж байгаа газар бол манай номын сан. Номын сан, брэнд дэлгүүр хоёр дан оюутнуудыг цагийн ажлаар ханган ажиллаж байдаг. Оюутны карьер хөгжлийн төвийг цаашид улам гүнзгий хөгжүүлэхийг зориод хэд хэдэн сорил тестүүдийг бэлтгэж эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл орж ирж буй оюутан маань өнөөдөр ямар авьяастай, ур чадвартай, хандлагатай ийм оюутан байна вэ? Тэгвэл энэ оюутан шинжлэх ухааны аль салбараар явбал амжилтад хүрэх вэ? Ямар ажлыг хийвэл авьяас чадвар, хандлага нь зохицох вэ гэдэг энэ тест, сорил авсныхаа үндсэн дээр тухайн бүлэг оюутнуудад зориулсан ажил мэргэжилд бэлтгэх сургалтуудыг зохион байгуулахаар бид төлөвлөөд эхний сорилуудаа бэлтгээд явж байгаа" гэж МУИС-ийн оюутан төгсөгчийн хэлтсийн дарга, доктор М.Эрдэнэчимэг хэллээ.
Оюутнууд хичээлийн бус цагаар ажилласнаар өөрийгөө нээх, бусадтай харилцах, цагийн менежмент, хувийн зохион байгуулалт сайжрах туршлагажих зэрэг ажлын байранд шаардлагатай ур чадваруудыг эзэмших боломжтой.
МУИС-ийн европ судлалын танхимын доктор, профессор Б.Алтангүл "МУИС бол оюутанд зөвхөн мэргэжил эзэмшүүлээд диплом гардуулаад явуулах биш ажлын байранд бэлтгэх зөөлөн ур чадвар олгох, багаар ажиллуулах, цаашид ажлын байранд ажил олгогчдын байнгын хүсэж шаарддаг, мөрөөдөж байдаг тэр чадваруудыг олгох тал дээр их сургуулийн зүгээс онцгой ач холбогдол өгч энэ сургалтуудыг зохион байгуулж байгаа. Мөн ажлын байранд гараад амжилттай ажиллаж байгаа төгсөгчдөдөө бусдад танилцуулах, тэдний туршлагаас хуваалцах мөн хамтарч ажиллах гэх зэрэг олон талын ач холбогдолтой. Өндөр хөгжилтэй орны оюутнууд ямар байна вэ гэхээр ажил олгогч болон бусад оюутан байх хугацаандаа олон төрлийн клуб, олон нийтийн үйл ажиллагаанд байнга оролцож байдаг. Холбоонд гишүүнээр элсээгүй оюутан гэж бараг байдаггүй. Манай оюутнууд цар тахлын дараа ч гэсэн бид хоёр жил гаруй энэ идэвхтэй үйл ажиллагаа маань тасалдаад цахимын хэлбэрт шилжсэн байгаа. Одоо бид цаашдаа цахим болон биеэр хийх уулзалтуудын тоог нэгдүгээрт нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт оюутан олон нийтийн үйл ажиллагаанд оролцож элссэнээрээ өөрийгөө олж мэддэг. Энэ олж мэдэх зам нь маш хурдан нээгддэг гэсэн үг. Тэгэхээр оюутан байхдаа хүн өөрөө идэвхтэй байж өөрийн оролцоо үүргээ гүйцэтгэж байна гэдэг нь цаашдын амьдралын гараа зам маань зөв явна гэсэн үг" гэв.