Гэр бүлийн хүчирхийллийг бие мах бодь, бэлгийн, сэтгэл санааны, эд хөрөнгийн гэж 4 ангилдаг. Энэ оны эхний 10 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн дуудлага ирүүлсэн 11 мянга гаруй дуудлага бүртгэгдсэнээс 80 хувь нь сэтгэл санааны хүчирхийлэл байна. Бид гэр бүлийн хүчирхийлэлд, тэр тусмаа бэлгийн хүчирхийлэлд өртөж буй охид хаана ямар шат дараатайгаар хандаж, өөрийгөө хамгаалах, хүчирхийллээс гарах ямар арга замууд байж болох талаар Нийслэлийн цагдаагийн газар болон Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс сурвалжиллаа.
Энэ талаар ХЭҮТ-ийн хуулийн зөвлөх Д.Санчир, “Гэр бүлийн, бэлгийн хүчирхийллийн хохирогч, хүүхэд эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн болон хуулийн зөвлөгөө, түр хамгаалан байрлуулах үйлчилгээ, нийгмийн ажлын үйлчилгээ гээд аль болох цогцоор нь үйлчлэхийг хичээж ажиллаж байгаа.
Ураг төрлийн хүчингийн хэрэг маш олон жилийн дараа илэрч гардаг. Нуугдмал хэлбэртэй удаан явагддаг. Хүчирхийлэл үйлдэгчийн зүгээс, “хэрвээ чи хэлэх юм бол ээжийг чинь ална”, “надгүй бол амьдрал хэцүү шүү” гэх зэргээр ойлгуулдаг учраас хүүхэд айгаад хэлэхгүй нууж явсаар байгаад насанд хүрсэн хойноо ирж сэтгэл зүйн зөвлөгөө авдаг. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид хаалттай, эсвэл хэт задгай яриатай, задгай хувцаслалттай болчихдог. Үзэх ёсгүй зүйлээ наснаасаа эрт үзчихсэн учраас.
Зарим нь маш олон хувцсыг давхарлаж өмсдөг. Ингэснээрээ өөрийгөө хамгаалж байгаа мэт мэдрэмж авдаг. Айдас түгшүүртэй. Яриа нь ч мөн хаалттай болно гэсэн үг. Аав ээжтэйгээ ярихгүй асуудлыг нууж байдаг. Гэр бүлийн хүчирхийллийг манайхан архидалттай, ядууралтай нь холбох гээд байдаг юм. Гэтэл энэ нь суурь шалтгаан биш. Эрх мэдлийн тэнцвэргүй байдал бол суурь шалтгаан. Хаана эрх мэдэл тэнцвэргүй болно. Тэр үед хүчирхийлэл үйлдэгдэж байна гэж үздэг. Багаас нь, “Эрэгтэй хүүхдийг дуугүй бай, битгий шалчганаад бай, олон юм битгий яриад бай” гэдэг учраас хаалттай болж өсдөг.
Мөн найдаад яваад байпаг. Юу гэхээр, “энэ хүн нэг ингэж хэлчхээд, нэг цохичхоод больчихдог юм” гээд эргэлзэж, “энэ хүн өөрчлөгдөх байх засрах байх, дахиад тэгэхгүй” гээд найдаад яваад байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл далд, байнга давтагдаж даамжирч байдаг. Амь насанд аюултай болж байдаг учраас зайлшгүй мэргэжлийн байгууллагуудад хандаж зөвлөгөө авах шаардлагатай” гэв.
Харин Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригоос энэ жилийн статистик болон хүчирхийлэлд өртсөн хүмүүс хаана хандах ёстойг тодрууллаа.
Тэрбээр, Гэр бүлийн хүчирхийлэл сүүлийн жилүүдэд өсөлттэй байгаа. Гэр бүлийн суурь хүмүүжил, төлөвшилтэй холбоотой. Юу юугүй нэгнийгээ таньж дотносоогүй тийм хүмүүс гэр бүл болох, үр хүүхэдтэй болох, нэгнийгээ өмчлөх, хувийн өмч мэт нэгэнтэйгээ харьцдагаас болоод зөрчил үүснэ. Энэ нь даамжирсаар байгаад хүчирхийллийн шат руугаа очдог. Гэр бүлийн хүчирхийлэл нь 10-20 жилийн дараа бий болох, хүүхдүүдэд буруу үлгэр болоод байна. Хүчирхийллийг хэвийн зүйл мэт ойлгож өссөн хүүхдүүд ирээдүйд хүчирхийлэгч болох эрсдэл маш өндөр байгаа. Хүчирхийллийн тойрог гэж бий. Хүчирхийллийн тойрог хэзээ ч дуусахгүй. Нэгдүгээрт хүчирхийлэгч өөрийн буруутай үйлдлийг ойлгож , хүлээн зөвшөөрч үүнээсээ татгалзсан тохиолдолд хүчирхийлэл дуусна. Хоёрдугаарт, хүчирхийлэгч хохирогч хоёр салах үед дуусна. Гуравдугаарт хэн нэгэн шоронд орж, амь насаараа хохирч байж дуусна. Хэрвээ иргэн та гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа. Даамжирч давтагддаг бол Цагдаагийн 102 утсанд заавал залгаж мэдээлж байгаач ээ. Манай иргэд зарим нь ярьдаг цагдаад нэг удаа, хоёр удаа шалгуулаа. 7 хоног, 20 хоног баривчлаад өнгөрдөг юм байна. Эргээд амьдрал хэвэндээ ордог юм байна гээд. Гэтэл 9 дүүрэг дээр Гэр бүл хүүхдийн хөгжлийн хэлтэс гэж бий. Хохирогч хамгааллын арга хэмжээ, хүүхэд хамгааллын арга хэмжээг хариуцсан, хорооны хамтарсан баг гэх мэт хуулиар чиг үүрэг хүлээсэн байууллагуудад хандаж байгаач ээ. Шаардлагатай бол хамгаалах байранд хандаж ч болно. Хариуцсан албан тушаалтнууд таны төлөө ажиллах ёстой” гэсэн юм.