Өнгөрсөн наймдугаар сараас шатахуун импортлогч ААН-үүд шатахууны үнээ литр тутамд 300 төгрөгөөр нэмж, шатахууны үнэ тухайн сард хоёр удаа нийт 600 төгрөгөөр өссөн.
УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Манай улсад шатахууны жижиглэнгийн үнийн 70 хувийг хилийн үнэ бүрдүүлдэг. Хилийн үнэ өссөн тул шатахууны үнэ өслөө. ААН-үүд ямар байдалд байгаагаа ярих байх. АИ-92 бол өргөн хэрэглээний шатахуун тул бид ААН-үүдээс үнээ нэмэхгүй байхыг удаа дараа хүссээр ирсэн. Иргэдийн 60 хувь нь вакцинжуулалтаа хийлгэсний дараа үнэ нэмэх зөвшилцөлд хүрсэн. ААН-үүд ашиг олох ёстой. Тэд ажилчдаа цалинжуулах үүрэгтэй. Гэтэл нэгдүгээр сараас литр тутамд 600 төгрөгийн алдагдал хүлээж ирсэн. Энэ байдал удаан үргэлжилбэл шатахууны хомсдол үүсэх эрсдэл байсан тул үнийг шат дараатай нэмлээ. ААН-үүд үүдээ нээсэн тул шатахууны үнийг нэмэх цаг болсон. Төр засаг үнэд хяналт тавьдаг ч үнийг тогтоодоггүй. Өнгөрсөн хугацаанд бид ААН-үүдэд ямар ч санхүүжилт, татаас олгоогүй юм шүү. Төрөөс мөнгө өгснөөр ААН-үүд үнээ нэмээгүй гэх буруу ойлголт байна" хэмээн мэдээлж байсан.
Тэгвэл ийнхүү шатахууны үнийг үе шаттайгаар буюу нийт 300 төгрөгөөр нэмэхээр болсноо Г.Ёндон сайд мэдэгдэж байсныхаа дагуу нэмэх болсон байна. Харин хэзээ хэд хэдэн төгрөгөөр нэмэх тов эцэслэгдээгүй байгаа юм.
Өөр нэг шатахуун импортлогч эх сурвалжийн бидэнд мэдээлснээр "Бид үнээ нэммээр байгаа ч засгаас үнэ нэмэхээ түр азнаач гэж байгаа. Вакцины гуравдугаар тунгийн хамрагдалт 60 хувьд хүрсэний дараа үнээ нэмээч гэсэн. Бид алдагдалтай ажиллаж байгаа хэвээрээ учраас үнэ нэмэхээс өөр ямар ч аргагүй. Засаг үнэ нэмэхийг хүлээн зөвшөөрч байгаа ч хугацаагаа түр азнаач л гэж байгаа. Шатахууны үнэ нэмэх нь цаг хугацааны л асуудал болоод байна" гэв.
Өнөөдөр 15:00 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Шатахууны үнийн зөвлөл хуралдана. Хуралдааны дараа уг зөвлөлөөс хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өгөх юм.