Хот байгуулалт, хөгжлийн газраас барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах ажлаа танилцуулав. Тус байгууллагаас Хот байгуулалтын мэдээллийн санг байгуулсан бөгөөд энэ сан нь байр зүйн зураг болон хот байгуулалтын менежментийн системээс бүрддэг байна. Нийслэлийн байр зүйн зургийн мэдээллийн санд 80 мянган ам метр талбайн зургийг багтаажээ. Хот байгуулалтын мэдээллийн санг баяжуулах ажлыг тус байгууллага хариуцахын сацуу архитектур төлөвлөгөөний байршлын схем, барилгын ажлын үргэлжлүүлэх зөвшөөрөл зэрэг лавлагаа мэдээллүүдийг хэвлэн гаргадаг байна. Эдгээр систем, мэдээлэл нь иргэд, олон нийтэд нээлттэй бөгөөд 3415 барилгын талаарх бүхий л мэдээлэл байршсан байдаг аж. Хот байгуулалтын чиглэлийн 22 үйлчилгээг цахимжуулснаас хамгийн эрэлттэй зургаан төрлийн найман үйлчилгээний хүсэлтийг цахимаар авч буй гэнэ. Барилга байгууламж барих хүсэлтийг барилгажсан хэсэгт, гэр хороололд, тусгай хамгаалалттай газар нутагт хэмээн авч байгаагаас 2021 оны эхний хагас жилд нийт хүсэлтийн 21 хувийг цахимаар авчээ. Ингэснээр нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулж хүсэлт илгээсэн иргэн 6-9 хоногт хариу авдаг байсан бол цахимд шилжсэнээр 1-2 хоног болон хурдтай шийдэх болжээ. Хот байгуулалт, хөгжлийн газраас энэ ондоо багтаан цахим үйлчилгээг 36 хувьд хүргэх зорилттой ажиллаж буй гэдгээ танилцуулсан. Цаашид барилга барих болон барилгын чиглэлийн зөвшөөрлүүдийг цахимд шилжүүлэхээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлжээ. Загвар зураг батлуулах, техникийн нөхцөл авах, барилгын ажлын зураг, магадлал хийлгэх гэхчлэн бүхий л үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах юм байна.
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн гишүүдийн хувьд цахим системд шилжих нь сайшаалтай хэмээн дэмжээд, цахим системийн аюулгүй, найдвартай ажиллагааг ханган ажиллах, IT чиглэлд мэргэшсэн хүмүүсийн зүгээс хуурамч бичиг баримт бүрдүүлэн барилгын болон бусад зөвшөөрөлд хийдэл гарган, шинэ төрлийн бизнес болчих вий гэсэн болгоомжлол байгааг нуусангүй. Цахим гэмт хэрэг, залилан их хэмжээгээр гарч байгааг анхааралтай аваарай хэмээн санууллаа.