Өсвөр насны жирэмслэлт нь дэлхий дахинд олон нийтийн асуудал гэж үзэн анхааралдаа авдаг. Харин манай улсын хувьд хүнд буруу өгөх хандлага ажиглагддаг. Монгол улсад жилд дунджаар 3000 гаруй өсвөр насны охидууд ээж болдог байна. Энэ асуудалд эцэг эхийн хара хяналт, бэлгийн зөв зохистой мэдлэг, төрийн бодлого зэрэг олон хүчин зүйл нөлөөтэй. Тэгвэл "Гүнж" төв өсвөр насны ээжүүдэд зориулсан асуудал дээр анхаарлаа хандуулж, тэдэнд зориулсан сургалт зохион байгуулж, ажил хөдөлмөр эрхлэхэд нь тусалдаг байна.
Энэ талаар Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж төв”-ийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэцэцэг:
"Нийгмийн зүгээс ялгаварлан гадуурхалт ирдэг учраас хамгийн түрүүнд өөрийгөө нийгмээс тусгаарлаад гэрээсээ ч гарахгүй найз нөхдийн хүрээлэл хүртэл байхгүй болчихдог. Тэгээд гэртээ би л муугаасаа болоод, миний буруугаас болоод би ээж болчихлоо гэж өөрийгөө буруутгаад гэртээ сууж байдаг. Тийм учраас өөртэй нь ижилхэн асуудалтай охидууд байгаа шүү гэдгийг нь ойлгуулах. Хамтдаа бид нар яаж өөрчлөлтийг хийж болох вэ гэдгийг ярилцаж, дэмжих бүлгийн үйл ажиллагаа явуулдаг. Мөн чадваржуулах сургалтууд хүний эрх нөхөн үжихүйн, эрүүл мэнд эмэгтэйчүүдийн эрхийн талаарх сургалтуудад хамруулдаг. Зарим тохиолдолд мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад тэтгэлэг өгч үнэ төлбөргүй суралцаад ажлын байран дээр гарахад нь холбон зуучилдаг. Түүнээс гадна өөрийнхөө бизнесийг эхлэх боломж олгодог. Ялангуяа үсчин гоо сайхны чиглэлээр манай байгууллагыг төгсөөд амжилттай өөрийнхөө бизнесийг эрхэлж байгаа залуу ээжүүд байгаа" гэж хэллээ.
Өсвөр насны охидын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь төрөлт гэж тэрбээр үргэлжлүүлэн хэлсэн юм. Хүүхдээ төрүүлэх эсвэл жирэмслэх явцдаа амь насаа алддаг байна. Өсвөр насны охидын өмнө тулгамдаад байгаа нийгмийн хамгийн том асуудал бол тэдэнд чиглэсэн, эрүүл мэнд нөхөн үржихүйн мэдлэг мэдээлэл чанартай, хүртээмжтэй биш. Үүнээс шалтгаалан өсвөр насны охидын жирэмслэлт бий болж байна. Түүнээс гадна эцэг эхчүүд хүүхэдтэйгээ нөхөр үржихийн эрүүл мэндийн талаар хангалттай ярилцаж чадахгүй, зөвлөгөө мэдээлэл өгч чаддаггүй хариуцлагагүй үйлдлээс болж энэ асуудал гарч байна гэсэн юм.
Нийт төрөлтийн 4,6 хувийг охидын төрөлт эзэлж байна. 2020 оны байдлаар 2900 гаруй 15-19 өсвөр насны охид төрсөн. Гүнж төв дээр ирж үйлчлүүлж буй охидын 4-6 хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг аж. Солонгос улсад Монгол улстай харьцуулахад охидын төрөлт бага бүртгэгддэг. Тухайн охин жирэмсэн болоод хүүхэд төрүүлэхээс өмнө хаана сурч байсан тэр сургуулийнхаа диплом, гэрчилгээг авах боломжтой байдаг. Гэтэл Монголд өсвөр насны охиныг жирэмсэн болохоор бусад хүүхдүүдэд муу үлгэр дуурайл өгч байна гээд шууд сургуулиас нь хөөдөг. Өөр тусгай сургуульд очиж сураад тухайн сургуулийнхаа гэрчилгээг авдаг. Энэ нь эргээд их сургуульд орох, ажлын байран дээр гарахад боловсролоороо ялгаварлан гадуурхагдах нэг хүчин зүйл болдог байна.
Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж төв”-ийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэцэцэг:
Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ өсвөр насанд нь хүрэхээр л нөхөн үржихүйн талаар ярина гэж бодоод нэг тийм ойлголт байгдаг. Тэгэхээр хүүхэдтэйгээ багаас нь илэн далангүй найз нөхөд шиг нь ярьдаг байх хэрэгтэй. Тухайн хүүхдийнхээ бие сэтгэхүйн онцлогт нь тохирсон байдлаар бид нар эхлээд ярьдаг болох хэрэгтэй. Эцэг эхчүүдэд бас давхар нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсролын ойлголтыг өгөхгүй бол аав ээж нар маань эргээд хүүхэдтэйгээ энэ талаар ярих гэхээр өөрсдийнх нь мэдлэг бас дутмаг байгаад байдаг. Тэгэхээр өөрсдийгөө эхлээд өөрчлөөрэй. Өсвөр насны хүүхдээ яаж өөрчлөх вэ гэж асуух биш харин би өөрөө хэрхэн яаж өөрчлөгдөх вэ гэдэг эерэг хандлагатай байгаасай гэж эцэг эхчүүдэд хэлмээр байна гэлээ.
Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар чөлөөтэй илэн далангуй ярилцаж энэ талын мэдээлэл өгдөг байх. Ерөнхий боловсролын сургуульд энэ талын мэдлэг, мэдээллийг боловсролоор дамжуулан зайлшгүй орох шаардлагатай. Тэгж байж өсвөр насны охидын төрөлт, бэлгийн хүчирхийлэл зэрэг нийгэмд тулгамдаад буй охидын эрх, хүүхдийн эрхийг зөрчөөд байгаа асуудлыг шийдвэрлэж чадна гэж үзэж байгаа юм.