Монгол Улсад боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой энэ өдрүүдэд тохиож буй. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан салбарынхаа 100 жилийн ойг тохиолдлуулан мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр "Өнөөдөр орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбарын 100 жилийн ой тохиож, боловсрол, шинжлэх ухааны үр шимийг улс үндэстнээрээ хүртэж монгол улс хөгжин дэмжсэний хөгжлийн 100 жилийн түүх гэж бид үнэлж болно.
1921 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ардын Засгийн газар ардын бүх хүүхдийг гэгээрүүлэх зорилгоор анхны бага сургууль байгуулах тухай тогтоолыг баталсан билээ. Энэ сургууль бол зөвхөн Монгол Улсад байгуулагдсан ардын хүүхдийг сургах сургууль төдийгүй Ази тивдээ анхных болсон түүхтэй.
Энэхүү шинэ цагийн боловсрол нь монголчууд биднийг бичиг үсэгт тайлж, мэдлэг, ур чадвар эзэмшиж, дэлхийн хөгжил дэвшил, соёл, шинжлэх ухаан, технологийн ололт амжилтаас суралцаж, улмаар улс орноо цэцэглэн хөгжүүлэхэд хүн бүр хувь нэмрээ оруулах боломж олгосон жилүүд байсан юм.
1961 онд НҮБ-ын индэр дээрээс улс орныхоо тусгаар тогтнолыг зарлаж байсан бол даруй 9 жилийн дараа ард түмнээ бичиг үсэгтэн болгож, оюун санааны тусгаар тогтнолоо дэлхий дахинаа тунхаглан зарласан цөөхөн улс үндэстний нэг болж чадсан билээ.
Монгол хүн бүрийн зүрхэнд боловсрол эзэмших, үр хүүхдээ боловсролоор чимж, өөртөө итгэлтэй, хүчтэй, нийгэмдээ тустай иргэн болгох хүсэл эрмэлзэл дүүрэн байдаг оюунлаг улс үндэстэн болсон. өөрөөр хэлбэл, өнгөрсөн зуун жилд бид мэдлэг боловсролд шамдан суралцаж, эрдэм мэдлэгтэй, өндөр боловсролтой иргэнтэй улс үндэстэн болохыг зорьж байлаа.
Өнөөдөр тархи судлалын шинжлэх ухаан, хиймэл оюун эрчимтэй хөгжиж байгаа нөхцөлд мэдлэг бүх нийтийн баялаг болж, цахим сүлжээгээр мэдлэгийг нээлттэй түгээх болсон тохиолдолд боловсролын хөгжлийн түүхэн нэг үе өнгөрч цоо шинэ үе гарч ирж байна.
Робот, мэдээллийн технологийн хөгжил эрчимтэй явагдаж, сургууль, багш мэдлэгийн цорын ганц эх үүсвэр байхаа больж, насан туршдаа сурах сонирхол давамгайлж эхэллээ. ялангуяа сүүлийн 2 жилд цар тахлын улмаас энэ асуудал бүр хурцаар тавигдах болж байна.
Олон улсын эрдэмтэд боловсролын цаашдын хөгжлийг суралцахуйн орон зай, боловсролын зохион байгуулалт, засаглал, багшлахуй, суралцахуйн агуулга, арга зүй гэсэн чиглэлээр тодорхойлж байна. бид ч энэ шинэчлэлээс хоцорч бас гээгдэж болохгүй. Бид улс орноо эрчимтэйгээр хөгжүүлэхийг хүсвэл улс орны хамгийн том баялаг болсон хүнээ хөгжүүлэх ёстой. тийм учраас бид боловсролын салбарын шинэчлэлийн манлайлагч нь байх ёстой.
Өнгөрсөн зууны турш боловсролын салбарыг босгож, бэхжүүлж хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн багш, манлайлагч, сурган хүмүүжүүлэгч нар болон үе үеийн боловсролын салбарынхандаа баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхны хүсэн ерөөе. монголын боловсролын системтэй үргэлж хамт байлцаж, түүний хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан монгол түмэндээ талархлаа илэрхийлж байна.
Үнсэн самбараас эхэлсэн монголын боловсрол үүлэн технологид хүртэл 100 жил хөгжлөө. Бийр бэхээс эхэлсэн монголын боловсрол бичил компьютерт шилжсэн 100 жил байлаа.
Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг. монголын оюунлаг үрс маш олон болох болтугай.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан