Төрийн ордонд өчигдөр болсон Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам Хүрээ сайдын хөмрөгийг хятадад зарсан үйлдэлд аль хуулиар хариуцлага хүлээлгэх талаар ХЗДХ-ийн сайдаас тодрууллаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам
Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд монголын тэргүүний түүхчид нэг асуудлыг дэвшүүлээд байгаа. Монгол Улс ын 1725-1911 оны 200 орчим жилийн түүх хамаарах “Хүрээ сайдын хөмрөг” гэж энэ бол архив гэсэн үг шүү дээ. “Хүрээ сайдын хөмрөг”-ийг хятадын байгууллагад зарсан байна. Тэр нь хэвлэгдээд ном болоод гарахдаа АНУ-ын Конгрессийн номын санд “Хятадын орон нутгийн түүх” гэсэн ангилал дор Хүрээг хятадын зүгээр нэг хошуу гэсэн байдлаар гуйвуулан үүнийг дэлхийд сурталчилж байгаа асуудал байна. Монголын 1725-1911 он хүртэлх түүх, сан хөмрөг чинь нээлттэй мэдээлэл юм уу, хаалттай мэдээлэл юм уу. Үүнийг нээлттэйгээр дуртай нь аваад энд тэнд хэвлүүлээд явж болох юм уу. Яг аль хуулиар зохицуулагдах юм бэ. Энэ хуулийн 7.6-д хаалттай мэдээлэл гэдэг нь байна. Энд хамрагдах юм уу, эсвэл нээлттэй юм уу. Нээлттэй мэдээлэл бол энэ хуулиар хариуцлага хүлээгдэх ёстой. Хаалттай мэдээлэл бол өөр хуулиар хариуцлага хүлээгдэнэ. Үүнд ХЗДХ-ийн сайд байгаа дээр тодорхой хариулт авмаар байна. Манай их сургуулийн багш нар надад жил гаруй энэ асуудлыг тавьж байгаа.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар
Энэ хууль батлагдсаны дараа бидний хийх хамгийн том ажил бол Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийг шинэчилж гаргаж ирэх шаардлагатай байгаа. 56-н нэр төрлийн жагсаалтад сая Ч.Ундрам гишүүн дурдсан түүхийн нэн чухал, олдвор, бичгийг нээлттэй ангилалд оруулаагүй байгаа. Үүнийг шинжлэх ухааны зорилгоор ашиглах боломжуудыг одоо ч гэсэн холбогдох хууль, тогтоомжуудад бий болгож өгсөн. Чин гүрний үед хамаарах архивын ховор баримт бичгийг гадаад улсад зарсантай холбоотой асуудал дээр холбогдох албан тушаалтныг өнгөрсөн долоо хоногт яллагдагчаар татсан, Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.