АЕИА ХХК өлөн гэдэс боловсруулан Европ руу экспортох үйл ажиллагаа явуулаад 20 жил болж байна. "Европт Монгол малын өлөн гэдэс нэрийн хуудас болсон. Тэд үүнийг их сонирхдог. Европчууд өөрсдөө зайдсыг гараараа хийж идэх дуртай байдаг. Өөрөөр хэлбэл зайдас нь Герман тэргүүтэй улсад соёл болтлоо хөгжсөн" хэмээн АЕИА компанийн ТУЗ-ийн дарга Н.Долгормаа ярилаа.
-Хаа байсан Европоос манай малын өлөн гэдсийг авч байна гэхээр сонирхолтой. Манайд онцлог, давуу тал их байна уу?
-Давуу талууд мэдээж байгаа. Бэлчээрийн мал аж ахуйтай холбоотой. Бэлчээрийн мал аж ахуйн малын идсэн гэдэс чанарын хувьд өөр байдаг. Бэлчээрийн органик бүтээгдэхүүнд ордог юм.
-Жилдээ хэдий хэмжээгээр экспортолж байна?
-Манайх анхан болон боловсруулах хоёр шатны үйлдвэртэй. Нийлээд ойролцоогоор нэг сая таван зуугаад малын гэдсийг экспортолдог. Дунджаар шүү дээ.
-Монгол бүтээгдэхүүн органик гэдэг давуу талаараа экспортод гарахад маш том давуу тал болдог хирнээ гол асуудал нь тооны хэмжээ хүрэлцдэггүй. Яг тогтвортой хангаж чаддаггүй. Тийм их хэмжээний байж чаддаггүй гэдэг асуудал тулгардаг. Цаашдаа экспортын тоо хэмжээг томруулъя гэвэл яаж шийдэх ёстой гэж хардаг вэ? Эндээ кластер системээр ажиллах ёстой юм уу?
-Кластер системээр ажиллана гэдэг нь хамгийн зөв. Жишээлбэл, манайх өлөн гэдэс худалдаж авч байна. Өлөн гэдсээ ихээр авахын тулд бид олон хүмүүстэй хамтарч ажиллах, эсвэл яг түүнийг цуглуулж өгдөг нэг кластерын багтай ажилласан нь дээр. Үгүй бол би махны үйлдвэр бариад, махаа нядална. Тэндээсээ нөгөө өлөнгөө гаргаж авах гээд л нухаад байна. Энэ бол өөрөө механик, их төвөгтэй ажил болно шүү дээ. Түүний оронд кластер хэлбэрээр, эхлээд малаа тэжээх нэг сайхан фермертэй байх хэрэгтэй. Мал эмнэлэг талаасаа хийгдэх ёстой бүх эмчилгээ нь хийгдээд, бүгд олон улсын стандартын дагуу явах ёстой. Өөрөөр хэлбэл олон улсын стандартын махны компаниар нядлуулаад цааш түгээх нь зүй. Компаниуд авах зүйлээ л авна. Ноолуур, өлөн гэдэс гэх мэтчилэн хэрэгтэй зүйлээ авч байвал уг нь их сайхан.