Их Эзэн Чингис хаан мэндэлсний 859, Ардын хувьсгалын 100, Улсын Драмын эрдмийн театрын 90 жилийн ойн хүрээнд Б.Цогнэмэхийн зохиол Их эзэн Чингис хааны тухай ‘’Хаадын хаан, Андгай’’ жүжгийг тайзны бүтээл болгож буй. Энэхүү жүжгийн найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар, зохиолчоор Б.Цогнэмэх, ерөнхий зураачаар УДЭТ-ын ерөнхий зураач Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор Т.Сэр-Од нар болон УДЭТ-ын нийт уран бүтээлчид, хамт олон ажиллаж байна.
“Хаадын хаан. Андгай” жүжгийг тайзнаа амилуулж, үзэгч олонд толилуулснаар дэлхийд алдартай суут их эзэн Чингис хаанаараа дамжуулан эх түүх, өв соёл, нүүдлийн соёл иргэншлээрээ бахархах үзлийг түгээн дэлгэрүүлж, эх орон, ард түмэн түүхийн туршид ямар үнэ цэнтэй болохыг үзэгч олонд мэдрүүлэх юм.
Бид жүжигт дүр бүтээж буй жүжигчдээс дүрийн талаар зарим зүйлсийг тодруулсан юм.
УДЭТ-ын жүжигчин СТА М.Түвшинхүү /Жамух/
-Зарим түүх судлаач нар Жамухыг түүхэн хүн биш гэж үздэг. Жамух сэцэн бол бодит хүн байсан. Тэрбээр их хаантай маш ойрхон, цорын ганц андын тангараг өргөж андлал тогтоосон эр хүн. Бид энэхүү жүжигт их хааны хамгийн итгэлт андынх нь тухай, хоёулхнаа сууж байгаад ярьсан нууц, мөнх хөх тэнгэрийн доор тангарагласан зүйлийнхээ төлөө явсаар байгаад эцэс болж буй үйл явдлыг нарийн гаргахыг хичээж байгаа. Жүжгийн төгсгөлд Жамух Тэмүүжинд, “Анд минь чи алив гэмийг минь цавчиж өршөө. Амийг минь авч одоо өршөө” гэж хэлээд дуусдаг. Миний хувьд ч Жамухын дүрээр нөхөрлөл гэж юу юм, андлал гэж юу болохыг харуулж, үзүүлье гэж зорьсон. Мөн нийгэм рүүгээ чиглэн амлалт гэж юу болохыг биеийн хэлэмжээрээ харуулахыг хичээж байгаа. Өнөөдрийн нийгэмд сайд дарга нараасаа эхлээд худал хэлдэг, амлалтаа үл тоодог хүмүүс их болсон байна. Тэр бүхнийг илэрхийлэхийг зорьсон. Жамух маш өрөвдөлтэй хувь заяатай хүн. Хамгийн аймшигтай нь тэр удамгүй. Хэрвээ Тэмүүжин шиг удамтай байсан бол, зөвлөөд өгөх ээжтэй байсан бол Жамух гарч ирэх байсан гэх өнцгийг барьж байна.
УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарь /Өүлэн эх/
-Бидний зүрх сэтгэлд Өүлэн гэж хэн бэ гэдгийг тод томруунаар харуулсан Сувд гуайн тоглолт байна. Мөн тайзан дээр атга нөж жүжигт Сувд гуай тоглосон. Ингээд бодохоор Өүлэн эх гэдэг хүний дүр төрхийг бүгд мэддэг болсон. Дүр буугдчихсан байгаа гэсэн үг. Миний хувьд энэ дүрийг эвдэж гаргахыг зорьж байна. Баримт нь байгаа боловч уран сайхны халилтай бичигдсэн энэ зохиолыг тоглох гэж байгаа. Өүлэн эхийг өөр өнгө төрхөөр гаргахыг зорьж буй. Ер нь эмэгтэй хүний амьдралд үүрэх үүрэг өндөр байдаг шүү дээ. Түүний нэг илрэл, төлөөлөл бол Өүлэн эх.
Харин УДЭТ-ын захирал Д.Цэрэнмасбуугаас яагаад энэ жил түүхэн жүжиг тоглох гэж байгааг тодрууллаа. Тэрбээр,
“Монголд улсын төв театр байгуулагдаад 90 жил болж байна. Манай театр тэгш ойг тохиолдуулж үндэсний түүхэн бүтээл эсвэл дэлхийн сонгодог бүтээл гаргаж тэгш ойгоо угтдаг уламжлалтай. 11 дүгээр сарын 1-нээс 50 хувийн дүүргэлттэй уран бүтээлээ үзэгчдэд үзүүлэх боломж олдож байна шүү дээ. Театрын урлаг бол Монголын ард түмнийг соён гэгээрүүлэх тэдний оюуны хөтөч байх эрхэм үүрэгтэй хүмүүс. Үүнийг 90 жилийн түүхэндээ үе үеийн уран бүтээлч, арын алба хаагч, эх зохиогчид маань амжилттай хэрэгжүүлсээр ирсэн” гэлээ.
Ташрамд дурдахад энэ сарын 5-нд "Хаадын хаан. Андгай" түүхэн туульсын жүжиг их тайзнаа амилж, өргөн олон үзэгчидтэйгээ уулзана.