Бид өдөр тутамдаа хэрэглэж буй зүйлсээсээ шалтгаалан тодорхой хэмжээгээр хог хаягдал гаргадаг. Хог хаягдал нь уур амьсгалын өөрчлөлт, халдварт өвчин гээд олон сөрөг нөлөөтэй. Тэгвэл ахуйн болон албан тасалгааны хогийг байгальд тэр чигт нь хаялгүйгээр ангилан ялгаж тушааснаар мөнгө болгох боломжтой. Жишээлбэл "Төвшин сайхан төв" дахивар хог худалдан авч нөөц бүрдүүлэн хог дахин боловсруулдаг газруудыг түүхий эдээр хангаж байна.
Оффис болон гэртээ хэрэглэдэг цаасыг дахин боловсруулж өндөгний сетег хийж болно. Мөн уутыг дахин боловсруулж жорлонгийн доторлогоо хийдэг гээд Монголд хог дахин боловсруулдаг олон үйлдвэр байдаг. "Төвшин сайхан төв" ерөнхийдөө 50 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний түүхий эдийг авч 22 үйлдвэрт бэлтгэн нийлүүлдэг. Энэ талаар "Хаягдал хуванцар савууд цэвэрлэгдээд хуруу шил болоод буцаагаад үлээгдээд ундааны сав болдог.
Зузаан гялгар уут гэж бид ярьдаг. Цаашаа дотоодын үйлдвэртээ очоод буцааж хайлуулаад янз бүрийн таг, бохирын хоолой хийдэг. Мөн хуванцар савуудыг дахин боловсруулж хайлс, хашаа зэргийг хийж болдог. Нимгэн гялгар уутыг "Пластик центр" авч траншейны таг, жорлонгийн доторлогоо зэргийг дотооддоо хийдэг" гэж “Төвшин Сайхан Төв”-ийн үүсгэн байгуулагч С.Цэрэнжав хэллээ.
Тэрбээр 12 жилийн өмнө ханьтайгаа хамт анх энэ төвийнхөө үйл ажиллагааг эхлүүлж өнөөдрийг хүртэл дахивар хог ялган ангилж түүхий эд бэлтгэсээр байгаа юм. Харин одоо хоёр охиныхоо хамт үйл ажиллагаагаа үргэлжүүлж байна.
Энэ талаар "Дахин боловсруулах боломжтой дахивар нөөцийг худалдаж аваад цаашаа бүх төрлийн 22 үйлдвэрт нийлүүлдэг. Хаяж байгаа хог, хуванцар сав дотроо үлдэгдэлгүй байх ёстой. Ямар нэгэн байдлаар шингэний үлдэгдэлтэй байвал хүйтэрч байгаа энэ үед мөстчихвөл дахивар нөөц, дахин боловсруулах үйлдвэр рүү явах боломжгүй болчихдог. Нийгэмдээ гарч ирээд ажиллаж чадахгүй байгаа хүмүүс эсвэл орцны үйлчлэгч нар биднийг сайн мэддэг. Тэр хүмүүсийн цалин сарын 192 мянга, 200 мянга. Тийм бага орлоготой. Бид харин нэмэлт орлого олох боломж олгодог. Өдөр болгон тасралтгүйгээр орлогожуулах, цалинжуулах ажлыг би даагаад явдаг. Түүгчид гэх юм бол 20 орчим, өрх СӨХ-ийн ажилчид 30, цаашаа 50, 60. Гэхдээ тогтмол биш.
Жишиг цэгтэй, төвтэй болохыг хүсэж байгаа. Хашаанд биш дотор соёлтой орчинд жишиг цэг бий болгоод зургаа магадгүй есөн дүүрэгт төвлөрсөн цэг бий болговол жишиг болох боломжтой. Жишээлбэл зарим нэг хүмүүс манай хашаанд очоод “өө” гээд явдаг. Үнэ цэнийг нь олоод харчихсан хүмүүс бол байн байн ирнэ. Манай "Төвшин Сайхан" төв дарь эх рүү эргээд 500 метр зайд яваад замынхаа баруун талд төв зам дагуу байрладаг. Үүнтэй адил төв зам дагуу хоёрдогч түүхий эд буюу дахивар нөөц авах төв цэг гэсэн хаягтай газрууд олон байдаг" гэж “Төвшин Сайхан Төв”-ийн маркетингийн менежер О.Лхагвасүрэн хэллээ.
Хогоо ангилж ялгаж хэвшээд түүнийгээ худалдаж хуримтлал үүсгэдэг ч хүмүүс байдаг. Тиймээс хог эргэлтэд оруулж өөртөө хөрөнгө оруулалт хийж, байгаль эх дэлхийдээ ээлтэй амьдарч сурцгаая.