Блокчэйн технологи дээр эрүүл мэндийн датаг хөгжүүлж дэлхийд гаргахаар ажиллаж буй “Гэрэгэ Девита” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Солонгос хөрөнгө оруулагч Жозеф Лийтэй Монголын зах зээлийн талаар ярилцлаа.
Ковидын үед улс орон бүр гадаад хөрөнгө оруулалт татах гэж найр тавин ажиллаж байна. Та ямар боломж харж Монголд хөрөнгө оруулах болсон бэ?
Би 10 жилийн өмнө Монголд ирж байсан. Түүнээс хойш олон найзтай болж, харилцаа маань илүү бат бөх болсоор байгаа. Зөв хүмүүстэй найз нөхөд болж, бизнест сайн ойлголцохоор хэмжээнд хүрсэн нь Монголд бизнес хийх хүсэл сонирхлын гол үндэс, суурь.Бизнесийн хувьд итгэлтэй, дотны хүмүүстэйгээ ажиллахыг илүүд үздэг. Харилцаа миний хувьд маш чухал. Мөн хөрөнгө оруулах, бизнес хийх бас нэг шалтгаан нь геополитикийн шалтгаан. Монгол улс дэлхийн газарзүйн байршлын хаана байршдаг гэдгийг харвал хуучин Торгоны Замын зүүн хэсэгт оршдог. Стратегийн хувьд би үргэлж торгоны замыг сонирхдог байсан. Харин одоо би Монголоор дайрч болох Дижитал торгоны замын талаар бодож байна. Хоёр их гүрний дунд оршдог байршил нь Монголын хувьд асуудал байж болох ч нөгөө талдаа яг л хоёр талтай илд гэсэн үг. Монгол улс Евро-Азийн бүс нутгийг бүхэлд нь нээх түлхүүр. Монголд байгаа бүх зүйлс, түүхий эд, финтек, жижиглэн худалдаа зэрэг бизнесийн олон боломж байна.
Солонгос улсад ч мөн крипто зах зээл их идэвхжиж байгаа. Та бүхний хамтран хэрэгжүүлж байгаа Девита платформтой холбогдсон койн гарах гэж байгаа юм байна. Солонгосын зах зээлд гарах ямар боломж байна?
Солонгос бол криптовалют болон блокчэйн технологийн төвүүдийн нэг боловч зах зээл одоогоор Монголд илүү халуун байна. Миний харж байгаагаар Монгол улс дэлхийн бусад улсаас хагас буюу бүтэн мөчлөгөөр хоцорч байгаа. Энэ нь сайн болон муу талтай. Сайнаар бол бид бусдын алдаанаас сургамж авч, хөгжих боломжтой. Бидний гаргаж байгаа койн (токен) болон ер нь ямар ч токен Монгол токен биш юм. Блокчэйн нь хил хязгааргүй. Бидний Devita-д зориулж бүтээхийг оролдож буй платформ ч мөн хил хязгааргүй. Тэгэхээр Солонгост энэ платформ ажиллаж эхлэхээр олон улсын талбарт хэрэглэгдэж эхлэх болно. Тиймээс энэ бол Солонгост нэвтрүүлж буй токен, зөвхөн Монгол токен биш юм. Харин Монголын талаас гэвэл техник технологи, оюуны өмч, инноваци, кодлол зэргийг Монгол хүний ухаанаар бүтээсэн. Токен нь олон улсын хэмжээний токен юм.
Монголын крипто зах зээл дээр сүүлийн үед олон токен, койнууд гарч байна. Нэмж олон компаниуд токен гаргахаар ажиллаж байна. Бүгд крипто зах зээл рүү ороод эхлэхээр энэ зах зээл яаж өөрчлөгдөх вэ?
Аливаа зах зээл, крипто салбарыг ч мөн далай эсвэл гол мөрөнтэй зүйрлэж болно. Хүчтэй болон зөөлөн түрлэгтэй. Яг одоо Монгол улс хүчтэй түрлэг дунд байна. Усны түвшин өндөр байхад бүгд л сэлэх гэж үсэрч байна. Таны хэлсэнчлэн, одоогоор компани болгон токен гаргаж, хүн болгон оролцохыг хүсэж байна. Гэхдээ нэг л өглөө далайн түрлэг намдах нь гарцаагүй. Намжих үед тэнд байх ёсгүй хүмүүс эсвэл чанар муутай токен зах зээлээс шүүгдэж эхэлнэ. Нэг төрлийн нэгтгэл бий болох байх. Энэ бол гарцаагүй болох ёстой үйл явдал. Одоогийн Монголын зах зээлийн эрэлтээс харахад энэ зүйл их л ойрхон байна гэж харж байна.
“Монголчууд математик, программчлал хөгжүүлэлтийн чиглэлээр гайхалтай оюун ухаантай.”
Монголын бизнес, зах зээлийн бусад салбарын боломжийг та хэрхэн харж байна вэ?
Монгол дахь боломжуудыг геополитикийн үүднээс харвал урт болон богино хугацааны гэж хоёр хувааж болох юм. Урт хугацааны бизнесүүдэд Монголын хамгийн түлхүүр бизнес, үйлдвэрүүд орно. Үүнд уул уурхай, түүхий эдийн салбар, дэд бүтэц, бүс нутгийн гол зангилаа болох дэд бүтцийг бүтээх боломж юм. Харин богино хугацаанд жижиглэн худалдаа. Монголд ирсэн 10 жилийн хугацаанд би худалдан авагчдын сонирхол ихэд өөрчлөгдснийг олж харсан.Бүх хэрэглэгч илүү мэдээлэлтэй, дэлхийн бусад хүмүүсийн хүсдэгтэй адил зүйлсийг хүсдэг болсон. Тэгэхээр энд ч гэсэн худалдан авалтын томоохон хүчин чадал бий болсон байна.Финтек болон технологийн компаниудын хөгжил маш хүчтэй байна. Учир нь, олон хүний Монголын талаар мэддэггүй нэг зүйл бол та бүгд математик, програмчлал, кодчлол, хөгжүүлэлтийн чиглэлээр үнэхээр гайхалтай оюун ухаантай. Энэ бол хэний ч мэдэхгүй байгаа баялаг учраас би энэ тухай дэлхий нийтэд таниулахыг хүсч байна.
Ярилцлагын үргэлжлэлийг нэвтрүүлгээс үзнэ үү.