Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын улмаас үүсээд буй нөхцөл байдал, шийдлийн талаар мэдээлэл хийж байна.
Тэрээр "Нэг зүйлийг ойлгохоос өөр аргагүй. Монгол Улсаас хамаарахгүй нөхцөл байдал үүсэж байна. БНХАУ-д цар тахлын нөхцөл байдал амаргүй байгаа ба энэ нь манай улсын экспорт, хүнсний бүтээгдэхүүнд нөлөөлж байгаа юм. Тус улсад мөрдөгдөж буй журмаар сүүлийн тохиолдол нь тэг гэж бүртгэгдсэнээс хойш 21 хоногийн дараа хилийн боомтыг нээнэ гэсэн. Ерөнхий сайдын хувьд өглөө бүр хил, гаалийн газар болон холбогдох албаны байгууллагуудаас мэдээлэл авдаг.
Эрээн хотын хувьд өөрсдөө ч хүнсний хомсдолд орчихсон. Ганцхан манай улс биш БНХАУ-д бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг бусад улс ч мөн адил бараа бүтээгдэхүүний хомсдолд орсон. Вакцинжуулалт зөвхөн Монгол Улсын асуудал биш дэлхий нийтийн асуудал. Агаарын нислэгээр татан авалтыг эрчимжүүлэх чиглэлээр ажлууд хийгдэж яваа.
Түүнчлэн дэлхий дээр цаашид инфляц нэмэгдэх хандлагатай байна. Тээвэр ложистикийн эргэлт 8-9 дахин удааширч байгаа тул хомсдол үүснэ.
Иймээс гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнд шаардлагатай бүх арга хэмжээг дотоодын хэмжээнд авах ганц сонголт бидэнд үлдсэн. Инфляцтай холбоотой ажлын хэсэг байгуулаад, Төв банктай хамтран энэ асуудлыг анхааралдаа авч ажиллаж байна. Эрчим хүчний үнэтэй холбоотой асуудлыг түр хугацаанд хэрхэн зохицуулах агуулгаар УИХ-д ярьж байгаа. Энэ бүх асуудал нь КОВИД-19 намдсаны дараа л алга болно гэдэг нь гашуун үнэн.
Манай улс хүнс, барааны хэрэглээндээ 12 бүлгийн 373 бараа үйлчилгээ хүлээн авдгийн 47,7 хувь нь импортоор, түүн дотроо 34,4 хувь нь Замын-Үүд буюу эрээнээс орж ирдэг.
Энэхүү хилийн асуудал нь яалт ч үгүй бидний хувьд сорилт болж байна. Засгийн газар, гаалийн байгууллага, мэргэжлийн хяналт, гадаад яамны түвшинд бүхий л шаардлагатай арга хэмжээг авч байна. Тэдний хувьд ч аль болох хамгийн хурднаараа асуудлыг шийдвэрлэхийн төлөө байгаа гэдгээ илэрхийлж байна.
Цар тахал цаашдаа ч үргэлжлэх нь гашуун үнэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Гацалт бий болох үед л илүү тодоор харагдаж байна. Тиймээс далайд гарцгүй бид хараат байдлаас бага багаар хэрхэн гарах вэ гэдэг нь бидний цаашдын стратеги байх ёстой. Ингэхийн тулд нефтийн үйлдвэр, боомт, усан цахилгаан станц барих, эрчим хүчээ дотооддоо бий болгох шаардлагатай. Бид эмзэг байгаа гэдгээ л маш сайн ойлгох хэрэгтэй. Энэ жилийн улсын төсөв ч үүн рүү чиглэж байна. Дотооддоо үйлдвэрлэдэг байх, тээвэр дэд бүтэц ложистикийн өрсөлдөх чадварыг хэрхэн нэмэх, үнийн чөлөөлөлтийг ярихаас өөр аргагүй болсон. Үнийн чөлөөлөлтгүй учир бид алдагдал ихтэй, аргалаад яваад байна. Бодитоор гашуун үнэнтэйгээ нүүр тулаад дараагийн цаг хугацаанд ийм байж болохгүй. Эрчим хүчний үнийг ирэх 7-р сар хүртэл барина, цаашдаа нэмэхгүйгээр эрчим хүчний салбар хөгжихгүй гэсэн үг. Мөн УБ төмөр замын тарифыг нь чөлөөлж, бизнесийн зарчмаар хөгжүүлэх хэрэгтэй юм.
Засгийн газрын 300 хоног энэ сарын 25, 26-нд болох ба энэ үеэр хэвлэл мэдээллийнхэнтэй нээлттэй ярилцана" гэлээ.