Нидерландын хунтайж Клаусын нэрэмжит соёл урлагийн сангийн “Seed Awards 2021" -д Монголын гэрэл зурагчин Б.Инжинааш, уран бүтээлч Ц.Анударь нар шалгарчээ.
“Seed Awards 2021” нь карьерийн эхний таван жилдээ явж буй дүрслэх урлаг, гэрэл зураг, сэтгүүл зүй, хөгжим, бүжиг, медиа, театр, бүтээлч судалгааны чиглэлээр ажиллаж байгаа дэлхийн 100 шилдэг залуу уран бүтээлчдийг шалгаруулж, анхны томоохон бүтээлийн төслийг нь дэмжих зорилготой, олон улсын чанартай шагнал юм.
“Залуусын сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг хөндсөн, урлагаар дамжуулан нийгэмд нөлөөлөх зорилготой”
Энэ шагналд шалгарсан залуу уран бүтээлч, загвар зохион бүтээгч, залуусын сэтгэл зүйн эрүүл мэндийн төлөөх активист Ц.Анударь нь “China Academy of Art”-ийг загвар зохион бүтээгчээр төгссөн. Суралцах хугацаандаа "ZheJiang Government Scholarship"-д таван жил дараалан шалгарч байжээ. 2018 онд “China Graduation Fashion Week”-д уригдаж оролцож байсан. Ц.Анударь нь 2020 оны 9-р сараас эхлэн мэргэжлийн шилжилт хийж эхэлсэн ба цаашид контемпорэри урлагийн уран бүтээлчээр олон улсад сурч, ажиллахаар шийдсэн байна.
Одоогийн байдлаар Ц.Анударь анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргахаар ажиллаж байгаа аж. Түүний үзэсгэлэн нь олон нийтийн оролцоот, залуусын сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг хөндсөн, урлагаар дамжуулан нийгэмд нөлөөлөх зорилготой, сонирхолтой арт төсөл юм байна.
Эх сурвалж: Vanjil art institute
Харин баримтат гэрэл зургаар дагнадаг гэрэл зургийн сурвалжлагч Б.Инжинаашын хувьд амьдралынхаа талыг гэрэл зурагтай холбосон. Баримтат гэрэл зурагтай холбоотой төсөл хэрэгжүүлж буй залуу юм. Түүнтэй “Seed Awards 2021”-д шалгарсан талаар болон тэтгэлэг, гэрэл зургийн тухай товчхон ярилцлаа.
Та анх хэрхэн гэрэл зурагтай холбогдсон бэ?
Би 2005 онд анх "Focus on kids" гээд дугуйланд явж эхэлсэн. Монголын урлагийн зөвлөл, Швейцарийн хөгжлийн агентлаг, Английн хүүхдийг ивээх сан гээд гурван газар хамтарсан том төсөл хийсэн. Номын санд тохиолдлоор ном унших гээд явж байгаад гэрэл зургийн дугуйлан хичээллэх гэж байгаа гэдгийг мэдээд тэр төсөлд эссээ бичиж, шалгалт өгөөд тэнцээд орж байсан. Хар, цагаан хальсаар зураг авахыг мэргэжлийн багшаар заалгаж хоёр жил гэрэл зургийн дугуйланд явж төгссөн. 18 настай анх Гамма агентлагт туслах гэрэл зурагчнаар ажиллаж эхэлсэн. Дунд нь “Гялбаа” гээд загварын сэтгүүлд жил гаруй зураг авч байсан. Түүнээс бусдаар Гамма агентлагтаа гэрэл зургийн сурвалжлагчаар ажилласан. Баримтат гэрэл зурагчин, гэрэл зургийн сурвалжлагч гэж хэлж болно.
2005 оноос хойш 12 жил гэрэл зурагтай амьдралынхаа талыг холбоод явж байна. Гэрэл зурагчин болно гэж бодож байгаагүй. Гэрэл зургийн дугуйланд ороход надад хобби болж үлдэж болох юм даа гэж бодоод орж байсан. Нэг зураг мянган үгний хүчтэй гэдэг шүү дээ. Би тийм төрлийн зурганд илүү дуртай. Зураг нь өөрөө ярьдаг, илэрхийлэмжтэй зураг авахыг хичээдэг.
"Баримтат гэрэл зураг агшин хооронд болоод өнгөрдөг амьдралын урсгалаас барьж авдаг"
Яагаад баримтат гэрэл зургийг сонгох болсон бэ?
Баримтат гэрэл зураг бусад гэрэл зургийн төрлөөс арай илүү амь бөхтэй юм болов уу гэж боддог. Хуучны 1980-1990 оны зургуудыг харахаар баримтат гэдэг утгаараа илүү үнэ цэнтэй болж үлдсэн. Хүмүүсийн үздэг, хардаг, судлагдахуун болдог. Амьдарч байгаа нийгэм орчныхоо цаг үеийг баримт болгон авч үздэг. Өөрсдийн түүх, орон зайгаа гэрэл зурагт үлдээдэг маш том салбар юм. Тийм болохоор магадгүй баримтат гэрэл зурагт дуртай, авах хүсэл эрмэлзэлтэй байдаг болов уу.
Хөрөг эсвэл загварын төрлийн гэрэл зураг тухайн хүнээ өөрийнхөө хүссэн байдалд оруулж авж болдог бол баримтат гэрэл зураг тэгдэггүй. Танихгүй, мэдэхгүй зүйл рүү камераа чиглүүлдэг. Баримтат гэрэл зураг агшин хооронд болоод өнгөрдөг амьдралын урсгалаас барьж авдаг. Тэгэхээр хаана ч юу ч таарч магадгүй. Тэр нь илүү өөр төрлийн чадвар, мэдрэмж, дадал зуршил, эр зориг шаарддаг гэж боддог.
“Баримтат гэрэл зураг ямар ч тайлбаргүйгээр хүнд уншигдаж, мэдрэгддэг болохоор би татагддаг”
Зургаараа дамжуулж ямар санаа илэрхийлэхийг зорьдог вэ?
Баримтат гэрэл зураг бусдаасаа илүү хүчтэй. Хамгийн гол нь үнэн. Ямар ч зохион байгуулалт байхгүйгээр өөрөө олж харж тэр дунд гэрч нь болдог гэрэл зургийн төрөл болохоор би илүү татагддаг. Бусад бүх төрөл гоё. Алийг нь ч үгүйсгэх шаардлага байхгүй. Тийм болохоор би өөрөө ярьдаг ямар ч тайлбаргүйгээр хүнд уншигдаж, мэдрэгддэг зурагнуудад дуртай. Тэгэхээр тийм зургуудаар маш олон төрлийн зүйлийг харуулж болдог. Амьдрал, нийгэм, хүмүүсийн харилцаа, аж ахуй түүний хажуугаар хүмүүсийн түүхийг өгүүлсэн зургууд авч болдог. Гэрэл зураг заримдаа зөвхөн гэрэл, сүүдэр, эрчимтэй ритмтэй хөдөлгөөн эсвэл минимал зэрэг олон байдлын илэрхийлэмж болдог. Тэр болгон нь баримтат гэрэл зурагт байдаг.
Таны “Seed Awards 2021”-д шалгарсан зургийн утга агуулга нь юу байсан бэ?
Энэ тэтгэлгийн хувьд зөвхөн гэрэл зурагчдад өгөөгүй. Урлагийн бүх төрлийн салбарын залуучууд, уран бүтээлчдэд өгдөг шагнал. Миний хувьд ялангуяа хөдөө орон нутагт оруулдаг улсын төсвийн мөнгө хэрхэн юунд зарцуулагддаг, зорилтот хэрэгцээтэй зүйлдээ зориулагдаж чаддаг уу? Ер нь 200, 300 өрхтэй жижиг суманд хэдэн тэрбум төгрөгийн үнэтэй соёлын төв барих зэрэг бодлоос улбаалаад эсээ бичсэн. Энэ эсээг минь дэмжээд өгч байгаа тэтгэлэг юм.
Цаашид та юу хийхээр төлөвлөж байна вэ?
Гэрэл зургийн ном хийх төлөвлөгөөтэй байгаа. Ер нь гэрэл зураг авах, гэрэл зурагт ойртоход цаг хугацаа нэлээд шаарддаг юм шиг санагдсан. Миний хувьд гэрэл зургийг долоо, найман жил авч бүр талбар дээр нь гарч ажиллаж байж л өөрийгөө гэрэл зурагт жоохон л ойртсон гэж боддог. Гэхдээ одоо ч гэсэн суралцаад, туршлагажаад л явж байна.