Монголын эрчим хүч, геологи уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээллээ.
Тэдний төлөөлөл "Хуулийн үйлчлэх хугацааг хойшлуулах талаар мэдэгдсэн. Энэ нь уртын хугацаанд ажиллах 14, 14 тэгш хоногоор ажиллаж, амрах хугацааг дэмжсэн 84,6 хувийн ажилтнуудыг итгэл, хүлээлтийг үгүй хийж байна. Уул уурхайн компани бүр үйл ажиллагааны өөрчлөлтийн арга хэмжээг авч байгаа үед бусад компаниудын хувьд ойлгомжгүй байдал үүсгэж байна. Хэрэв шинэ хуулийг 92.4 дэх заалтыг Ц.Мөнх-Оргил, С.Ганбаатар нарын хэлсэнчлэн батлуулсан нөхцөлд улсын ДНБ-ний 20 хувь, экспортын бүтээгдэхүүний 84 хувийг бүрдүүлэгч уурхайчид бид эрхийнхээ хүрээнд ажил хаялт зарлаж болзошгүй нөхцөл байдал үүсэж байгааг мэдэгдэж байна. МУ-д хэрэгжих хуулийг гадны байгууллага, компанийн захиалгаар өөрчлөн ажилладаг УИХ-ын гишүүдийн увайгүй үйлдлийг бид тэвчихгүй.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гарсан хууль хэрэгжиж эхлээгүй байхад нэг компани, нэг төсөлд зориулж өөрчлөх жишиг байгаагүй. Улсын аливаа нэгэн хууль гарлаа гэхэд хэн нэгэнд таалагдахгүй бол дахиад өөрчлөх үү. Хууль бүх хүнд таалагдана гэж байхгүй. Таалагдахгүй байгаа хүнд нь тохируулж дахин өөрчлөлт хийгээд байж болохгүй.
Бид энэ хүртэлх хугацаанд сунаж ажилласаар ирлээ. Цаашдаа чадахгүй нь ээ. Бие эрүүл мэнд, ар гэр хэцүүдлээ. Ц.Мөнх-Оргил гишүүний мэдэгдэлд бухимдаж, эгдүүцэж байна. Яагаад олон мянган уурхайчдын, тэдний ар гэрийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөд байна вэ" гэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуульд 92.4-д зааснаар ажил, амралтын хугацаа ижил тэнцүү байна хэмээн заажээ. Одоогоор уурхайн ажилтнууд 24 болон 18 хоног, 42 болон 14 хоног ажиллаж, амрах зохицуулалттай явж байгаа нь хүндрэлтэй байгааг тэд хэллээ. Үүнээс үүдэн гэр бүл салалт, амиа хорлолтын тохиолдол ихсэж байна гэв. Тиймээс уурхайчдын ажил амьдралын асуудлыг онцлон хэлэлцэж, нухацтай хандахыг хүслээ.