Дэлхий дээр хүнсний үнэ өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад даруй 33 хувиар өссөн талаарх судалгааг НҮБ-ын дэргэдэх Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-аас гаргажээ.
Мөн дэлхий нийтэд бүх бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт дундаж орлогын өсөлтөөс илүү хурдан байгааг судалгааны тайланд бичжээ. Сүүлийн жилд огцом нэмэгдэж байгаа хүнсний үнийн өсөлтийг судлаачид цар тахал болон шатахууны үнэ мөн цаг уурын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал хүнсний голлох бүтээгдэхүүн болох үр тарианы үнэ дунджаар 50 хувиар нэмэгдсэн юм. Үүнд пандемикийн үеийн тариаланчдын ажил зогссон мөн тээвэрлэлт багассан зэрэг нь нөлөөлжээ. Ялангуяа, Монгол Улсад хүнсний үнэ 60% өссөн нь Ази, Номхон далайн бүс нутагтаа гуравдугаарт эрэмбэлэгдэх өндөр өсөлт болохыг наадмын өмнө болсон “Монгол Улсын Хүнсний тогтвортой тогтолцоо” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч онцлон тэмдэглэсэн. Импортоос хамааралтай манай улсад цаашдаа ч хүнсний өсөх нь тодорхой болоод байна. Монгол улсын засгийн газар ч хүнсний үнэ цаашдаа өсөхийг мэдэж байгаа. Гэхдээ цалин тэтгэвэр нэмэх боломжгүйг хэллээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж "Чин үнэнийг хэлэхэд засагт байгаа бүх боломжийг энэ ковидод зарж байна шүү дээ. Дэлхий өөрөө ззохицуулж чадахгүй панекийн байдалд орсон. Тэр зовлон энэ засгийн газарт доод түвшинд ажиглагдаад байна. Үүний нэг зовлонтой юм нь наад үнийн чинь өсөлт. Энэ үнийн өсөлт гадна талд болж байгаа юм манайд ямар ч тохиолдол нөлөөлнө. Одоо үнийн өсөлт байгаа. Сая судалгаа хийж үзсэн, цаашид анхаарах зайлшгүй шаардалгатай дүн гарч байна. Засагт байгаа боломж нь жишээ нь цалин, тэтгэмжийг нэмэх бололцоог өгөхгүй байгаа юм л даа. Сая төсвийн санал оруулахдаа тийм санал өгсөн. Би дахиад хэлье. Би чинь нэлээд олон жил юм нүдээрээ үзсэн хүн. Ийм ер бусын хүндрэлтэй юм засгийн газрын түвшинд огт гарч байгаагүй. Энэ бол ер бусынх" гэлээ.
Харин цар тахлын ард арай гэж гарч буй хувийн хэвшлүүд ч цалин нэмэх боломжгүй. Цалин нэмье гэвэл ажилтны бүтээмж нэмэгдсэн байх ёстой. Эс бөгөөс барааны үнэ нэмэгдэх бүрд ажилтныхаа цалинг өсгөөд байвал хувийн хэвшлүүд дампуурах эрсдэлтэй.
Хүсний үнийн энэ өсөлт байнгын орлготой, ажилтай гэр бүлд ч хүнд тусаж байгаагаас гадна ахмадуудын олонх нь дунджаар 350-400 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ба ахмадууд, оюутнууд, халамжаар амь зогоодог хүмүүст хүнсний үнийн өсөлт бүүр ч хүндээр тусаж байна.
Иргэд мах, ногоо л иддэг болж амттай боов, боорцгоо ч авч чадахгүй болоод байгаагаа бидэнд ярив.
ИРГЭД: ХҮНСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ АМЬДРАЛД ХҮНД ТУСАЖ БАЙНА
Манай редакцын бэлтгэсэн сурвалжилгыг уншвал өргөст хэмх 18 мянган төгрөг, үрлэн помидор 20 мянган төгрөг, улаан лооль 13 мянган чинжүү 21 мянган төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл манай улсад хавсарсан зовлон тулгарч Эрээний хил хаасантай холбоотой энэ мэт нарийн ногооны үнэ өссөн. Гэхдээ эдгээр нарийн ногоог идэхгүйгээр амьд явж болох учир хүнсний гол бүтээгдэхүүн болох гурил, будаа, махны үнэ өсөхгүй байгаасай хэмээн залбирахаас өөр сонголт иргэд бидэнд үлдсэнгүй. 21-р зууны монголчууд бид тансаг хэрэглээ, нарийн ногоогоо танаж байж амьдрах өдрүүд үргэлжилж байна. Учир нь таагүй мэдээ дуулгахад хүнсний үнийн өсөлт цаашид ч үргэлжилнэ.
Цаашдаа ч үнэ өсөх төлөв бүхий судалгааг олон байгууллагууд гаргаж байгааг бодолцож айл өрх хувь хүн санхүүгээ зөв тооцоолох бүсээ чангалах шаардлагатай байгааг бид энэхүү мэдээгээрээ сэрэмжлүүлэн хүргэлээ.