Ардчилсан нам 2016 оноос хойш зургаан удаагийн сонгуульд тав дараалан ялагдаж, Ардчилсан намын залуу гишүүдийн нэг Ч.Өнөрбаяр 2020 оны УИХ-ын сонгуулиар өөрөө өвдөг шороодож унав. АН-ын олон удаагийн уналтын тухай болон залуучууд улс төр, сонгуульд ороход ямар бэрхшээл тулгардаг, сонгуулийн хууль хэнд үйлчилдэг талаар “Гашуун яриа” нэвтрүүлэг энэ удаа хууль зүйн ухааны доктор Ч.Өнөрбаяртай ярилцлаа.
Багш, хуульчийн мэргэжлээс улс төр рүү ороход танд ямар байсан бэ?
Улс төр гэхээр хүмүүс бохир заваан иддэг, уудаг яадаг ч юм бүтэхгүй зүйл гэж үздэг. Өөрөөр хэлбэл улс төрийг нийгмийн хогийн сав гэж хараад байгаа. Би хувьдаа ардчилсан нийгэм дэх улс төр гэдэг бол өөрөө бохир ч юм шиг харагддаг байж магадгүй гэж бодоод байгаа. Үнэн чанартаа бол нийгмийн бодит үнэний тусгал шүү дээ. Ер нь улс төрд явж байгаа хүнийг зөвөөр харвал бас л буянтай ажил. Өөрийгөө хараалган нэр төрөө сэвтүүлэн барин хүмүүсийн бусдын асуудлыг шийдэхийн төлөө явж байна гэдэг чинь тийм амар зүйл биш.
2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд тань таны талаар янз бүрийн мэдээлэл гарч байсан?
2020 оны УИХ-ын сонгуулиар анх удаа дэвшиж үзсэн нь миний хувьд том сургамж юм уу даа. Миний бэлгийн чиг хандлагыг бараг өөрчлөөд тавьчихсан шүү дээ. Тэр УИХ-ын сонгуулиар намайг гомо болгосон. Их дээр үед 2005-2006 оны үед билүү дээ одоо Мэргэн гээд хуульч, өмгөөлөгч байдаг шүү дээ. Мэргэн тэр үед клубийн гишүүн нэгдүгээр курсийн оюутан байсан. Мэргэн багшаа та гараад тайзан дээр яагаадах ч гэлээ дээ тэр үед шинэ жилд нэг тийм юм болдог байсан хөгжилтэй болгох гээд. Тэгээд л тайзан дээр гарчихсан нэг зураг сошиалаар яваад байсан. Би өөрөө ч тэр зургийг мартсан байна лээ. Тэр зургийг гаргаж ирээд намайг чинь ямар юмны гомо клубд байдаг гээд л ярьж, бичиж байсан. Гэхдээ би ерөөсөө эмзэглээгүй. Хүн гаднаас ирж байгаа дайралт, янз бүрийн зүйлд эмзэглээд байвал шидсэн чулуу болгоныг нь үмхдэг шүдгүй нохойтой л адил болно шүү дээ.
Тэгэхээр сонгуулийн үеэр их зүйл болдог байх нь ээ?
Уулзалт хийгээд явж байхад хэд хэдэн залуус ирж уулзсан. Янз бүрийн насны хүмүүс байсан. Надад ийм ч сүлжээ байна. Надад ийм бизнес эрхлэх санаа байна. Ийм таксичдын сүлжээ, ахмадын сүлжээ байна гээд түмэн юм ярьдаг юм билээ. Бараг сүүлдээ христчидийн сүлжээ байна гээд. Ерөөсөө Монгол чинь ихэнх нь сүлжээ болсон юм шиг байна лээ. Хүн болгон доороо нэг сүлжээтэй, 500 хүнтэй, 100 хүнтэй гэнэ. Бараг найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг хүн хүртэл өөрөө доороо сүлжээтэй байна. Манай дэлгүүрээр үйлчлүүлдэг тэдэн хүн байна. Надад тэд нь өр зээлтэй. Энэ өр зээлийг нь хаачих. Тэгээд дээрээс нь надад тэдийг өгвөл бараг надад өр зээлтэй 500 хүнийг би аваачаад санал өгүүлье гэдэг ч юм уу бүүр ингээд юу ч болчхоод байгаа юм мэдэхгүй их л юм болно.
Таны хувьд анх удаа нэр дэвшсэн сонгуулийг шүүмжлэлтэй талаас нь яривал?
Ер нь миний харж байгаагаар УИХ-ын Сонгуулийн хуулийг бид мөнгөний сонгуулийн хууль болгочихсон юм байна л даа. Одоо жишээ нь 200 хүн тутамд нэг ухуулагч авна гээд хуульчилсан. Тойргууд дээр хэчнээн ухуулагч байна, ухуулагчийн цалин, шадар туслах гээд баахан зүйл хуульчилчихсан. Үндсэндээ хөлсний армийг бид хуульчилсан байгаа юм. Мөнгөгүй нам үүнд сонгууль хийх аргагүй болгосон. Залуучууд ухуулагч, шадар туслахаа авч чаддаггүй. Авлаа гэхэд нөгөөдүүл нь баахан цалин мөнгө нэхнэ. Энэ УИХ-ын Сонгуулийн хуулийг цаашид өөрчлөхгүй бол яг ийм байдлаар хөлсний арми зөвхөн мөнгөөр санал өгдөг байх юм бол Монголд ардчилсан сонгууль байхгүй. Улс төрд амьдралд хөл тавьж байгаа залуудад тийм их мөнгө байхгүй шүү дээ. Чи бод доо, зарим нэг тойргууд дээр зөвхөн аудитаас баталсан хууль ёсны мөнгө нь 780 сая гэж байгаа. Ухуулагч, шадар туслах, сонгогчийн тооноосоо хамаараад. Зүгээр л халааснаасаа нэг удаагийн сонгуульд 700-800 саяыг гаргах залуу хэд байх бол Монголд. Энэ бол зөвхөн мөсөн уулын орой. Энэ бол бага мөнгө байхгүй юу. Хэзээ ч үүгээр ялалт байгуулахгүй. Ингээд нөгөө Сонгуулийн хууль чинь өөрөө мөнгөтэй хүнийг дэмждэг, мөнгөтэй л хүн энэ улс төрд орж ирдэг болгочихсон. Эрүүл саруул, үзэл санаа ярьдаг, энэ улс орны төлөө зөв юм хийе гэсэн хүмүүс орж ирэх орон зайг хууль нь хаасан.
Яагаад улс төрд орохоор шийдсэн бэ?
Сонгуулийн ирц жилээс жилд бага болж байна. Ний нуугүй хэлэхэд, жилээс жилд улс төрд итгэх итгэл, сонгуульд итгэх итгэл, төрд итгэх итгэл газар шалан дээр унаж байна. Сонгуулийн ирц бага байхад 30 хувь ч юм уу 25 хувийн саналтай хүн ялалт байгуулж байгаа. Тэр 25-ыг чинь сая хэлээд байгаа мөнгөний сүлжээ үүсгэж байгаа. Тэр сүлжээ хийх боломжийг нь хууль нь өөрөө өгсөн. Тэгээд түүн дээр усалгаа хийх гэж ярьдаг, эд нар мөнгө өгөөд хийж байгаа. Зөвхөн өөрийгөө дахиад нэг удаа УИХ-д сонгогдохоо л бодоод байгаа болохоос биш энэ дараа үед ямар улсыг үлдээх гээд байгаа тухай яагаад бодохгүй байгаа юм. Би яг үнэнийг хэлэхэд түүнд жаахан цухалдаад орох ёстой энэ ханыг эвдэх ёстой гэж харж байгаа. Өөрийг нь ялуулдаг механизм, өөрийг нь ялуулдаг зүйлийг өөрчлөхийг хэн ч хүсдэггүй. Үүнийг бид өөрчлүүлэх ёстой. Мэдээж УИХ-д суусан болгон адгийн шаар гэж би хэлэхгүй. Энэ төрд ажиллаж байгаа болгон муу биш. Тийм юм гэж байдаггүй юм. Тэнд бас боловсролтой, зүрхтэй, ёс зүйтэй хүмүүс нь зөндөө байдаг юм шүү.
Ардчилсан нам 2016 оноос дараалан ялагдсан нь ямар шалтгаантай вэ? Хувийн зүгээсээ тайлбарлавал?
Бид цаашдаа эвлэж нэгдэхгүй бол ямархуу байдалтай болохыг сая сонгуулийн дүнгээс ойлголоо шүү дээ. Цаашдаа зөвхөн Ардчилсан нам төдийгүй ардчиллын төлөө дуугардаг, зогсдог улс төрийн хүчнүүд нэгдэх шаардлагатай юм гэдгийг харуулж байна. Мөнгөтэй нам, эрх мэдэлтэй нам тэр бүгдийг хийх, тоглох шинэ хүмүүс гарч ирэх орон зай байхгүй тийм л байдал руу орно. Жаахан Орос маягийн, Орост Нэгдсэн Орос нам гэж үнэмлэхүй л ноёлоод байгаа биз дээ. Зүгээр өөр хэн ч өрсөлдөх арга байхгүй. Улс төрчид нь болж өгвөл Монголын жинг нэмэгдүүлэхийн энэ бүс нутагт, хоёр хөрштэй, бусад улстай тусгаар Монгол Чингисийн Монгол гэдэг чинь бие даасан хэвээрээ байгаа юм шүү дээ. Үүнтэй та нар хамтарч ажилла гээд гадагшаагаа явдаг болоод эхлэх юм бол энэ дотооддоо улс төрчид нэг нэгнээ хэмлэдэг нь бага болох л байх. Хараад байхад юмаа томоор нь хараад тэр зорилго руугаа явдаг болчих юм бол бидний дотоод эвдрэл, хагацал багасчих байх гэж хараад байдаг.
Алдаа бүрийн цаана сургамж байдаг шүү дээ. Таны амьдралдаа хийж байсан ямар бүтэлгүйтэл алдаа байдаг вэ?
Ер нь бодоод байхад амьдрал эргээд харахад тэр чигтээ алдаа шүү дээ гэдэг шиг эргээд харахад зөндөө л алдаа, оноо байдаг. Би яг сургуулиа орхих гэж байсан. Сурч байсан чинь эхлээд хичээл ном ч нэг л болж өгдөггүй. Хөдөөнөөс ирж хотод сурч байгаа шүү дээ. Эхний жил яагаад ч юм гэр орноо санаад, хичээлдээ төвлөрч өгдөггүй. Нэг шалгалт дээр уначихдаг билүү дээ. Тэр нь орос хэлний шалгалт байсан санагдаж байна. Яагаад ч хуулийн сургууль байж орос хэл тэгж их үздэг байсан юм. Тэгээд багш дээрээ сурлагын дэвтрээ аваад орлоо. Багшаа би энэ сургуульд чинь сурч чадахгүй юм байна. Та миний тавих дүнг тавьчих. Би гэр лүүгээ явлаа гээд. Тэгсэн тэр багш их ухаантай багш байсан л даа. Над руу буцаагаад миний сурлагын дэвтрийг шидээд нэг үг хэлсэн. “Чи яадаг муу тэнэг вэ, чиний аав, ээж хоёр чинь миний хүү хотод очихсон хуулийн сургуульд мундаг сурч байгаа. Мундаг ирээдүйн хуульч болно гээд итгээд чиний төлөө төлбөрийг чинь төлөхийн тулд хамаг хүчээрээ хөдөлмөрлөөд сууж байгаа. Чи тэгэхэд нь сурч чадахгүй гээд яваад очих юм уу” гэж хэлж байсан. Тэгээд би тэр өрөөнөөс дэвтрээ аваад гарахдаа ингэж болохгүй юм байна гэж бодсон. Тэр хичээл дээр унасан уналт миний хувьд том сургамж байсан. Хүн замд нь няцаж болохгүй юм байна. Алдсан ч, унасан ч цаашаа босоод явах ёстой юм байна гээд. Хэрэв би тэр үед хуулийн сургуулийг орхисон бол өнөөдөр хууль зүйн салбарт доктор болохгүй байлаа. Хууль зүйн салбарын хичээл зааж явахгүй байлаа. Ер нь миний улс төрийн замнал, бүхий л зүйл минь орвонгоороо эргэчихсэн өөр л байсан байх. Яг юу хийж зогсож байхыг мэдэхгүй байна. Тэр алдаагаа зөвөөр ухаарахгүй бол ирээдүйн олон том зорилго чинь байхгүй болж болох юм. Би одоо эргээд өөрийнхөө тэр алдаан дээр боддог.
Хүн болгонд харамсдаг зүйл байдаг. Таны хувьд тухайн үед хийхгүй яав даа гэж боддог зүйл байдаг уу?
Миний хувийн алдаа бол аав минь бурхан болсон, ээж дээрээ тэр бүр очиж чаддаггүй. Байгаад байхад нь очиж чадахгүй нэг өдөр магадгүй байх, байхгүйг нь мэдэхгүй шүү дээ. Ажил ихтэй гээд яваад, эсвэл надад их зүйл байна гээд шалтаг тоочоод яваад байдаг. Хожим би их харамсаж магадгүй. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй, цаас хэдий нимгэн ч чичихээс наашгүй гэж үг байдаг. Одоо ч гэсэн би энэ алдааг хийсээр л байна. Одоо жишээ нь би хоёр дүүгээ амьд байхад нь хайрлаж байхгүй яав даа гээд алдсаныхаа дараа харамсаж байсан. Одоо би ээж дэрээ очиж чадахгүй байгаад байдаг. Яг үнэндээ би заримдаа өдөртөө нэг удаа ч утсаар ярьж чаддаггүй л байхгүй юу. Зүгээр ядаж нэг мэндийг нь мэдээд хүн чинь ярьчих ёстой шүү дээ. Гэх мэтчилэн алдаа яриад байх юм бол хувь хүний талаасаа би зөндөө л алдаатай гэж хардаг.
Ярилцлагын төгсгөлд та уншигчдад хандаж юу гэж хэлэх вэ?
Энд нар мандаж байхад тэнд нар жаргаж л байдаг. Энд харанхуй эхэлж байхад тэнд нар жаргаж л байдаг. Үнэндээ хорвоогийн өдөр, шөнө хоёр тэнцдэг. Түүнтэй адилхан хүний амьдралын алдаа оноо тэнцдэг, дүндээ дүн байдаг байх. Би сорилт, бэрхшээл, алдаа, оноог муу зүйл гэж хувьдаа боддоггүй. Хүний амьдралд сорилт бэрхшээл, алдаа гарч байж хүн тэндээс ухаарал, сургамж авдаг. Алдаа, зовлон бэрхшээл чинь өөрөө чиний том багш байж магадгүй.