Хүний бие эрхтний эрүүл мэнд, гоо сайханд нөлөөлдөг зүйл бол шүд. Тиймээс ч “Шүд эрүүл бол бие эрүүл”, “Сайхан инээмсэглэлийн нууц танан цагаан шүд” гэдэг. Шүдээ эрүүл байлгахын тулд тогтмол шүдний эмнэлэгт хандан мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах, өдөрт хоол унд хэрэглэсний дараагаар шүдээ тогтмол угаах шаардлагатай байдаг.
25-ны агт араа нь хүн бүрд тулгардаг чухал асуудлуудын нэг. Агт арааг зарим эмч нар авахуулахыг зөвлөдөг. Гэвч авахуулахгүй байсан ч болно гэх нь бий. Бид энэ талаар “Удвал дент” монголын анхны хүүхдийн шүдний эмнэлгийн Нүүр амны их эмч Ц.Батцоожтой ярилцлаа.
-Агт арааны ач холбогдлын талаар сонирхуулахгүй юу. Ихэнх хүмүүс агт арааг авахуулах шаардлагатай мэтээр ойлгох гээд байдаг?
-Агт араа яаж ургаснаас болж асуудал үүсдэг. Тухайн шүдний ургах зай хангалттай, бүрэн гүйцэд гарч, байрлалын гажиггүй байвал заавал тухайн шүдийг авахуулах шаардлагагүй. Авахуулаагүй тохиолдолд амны хөндийн зөв арчилгаа, сойзоо хойш нь хүргэж угаах, шүднийхээ бүх гадаргууг угаавал асуудал үүсэхгүй байх бүрэн боломжтой. Гэвч бүх шүд ийм байдаггүй.
-Заримдаа агт араа ургахгүй удах тохиолдол байдаг шүү дээ. Энэ нь ямар учиртай юм бол?
-Агт арааны саатлыг хоёр ангилдаг. Бүрэн саатсан болон хагас саатсан. Бүрэн саатсан гэдэгт нь байрлалын хувьд ямар ч гарах боломжгүй. Бүрэн далий, энгийнээр тайлбарлавал хөндлөн чиглэлтэй байдаг. Зарим нь доошоо ч чиглэлтэй байх нь бий. Ингэх нь мэдрэлийн судсыг дарах, урд шүднүүдээ түлхэх гэхчлэн асуудал үүссэнээс болж өвдөлт, зовуур үүсдэг. Энэ тохиолдолд уг шүдийг мэс заслыг аргаар авахаас аар арга байхгүй. Хагас саатсан агт араа нь зарим тохиолдолд асуудал үүсэхгүй удаан хугацаанд байх нь бий. Гэхдээ ихэнх тохиолдолд өмхийрдөг. Тэгэхээр буйл болон шүдний завсар гаднын биет ороод тухайн хүний биед үрэвсэл үүсгэж, хавдах, халуурах ерөнхий биеийн шинж тэмдэг илэрдэг. Энэ тохиолдолд авахаас өөр аргагүй болдог. Энэ нь тухайн хүний ариун цэврээс шалтгаалахгүй.Биеийн өнцгөөс шалтгаалаад асуудал үүсгэдэг.
-Авахуулах заалттай ч авахуулаагүй бол ямар эрсдэл үүсэх вэ?
Авахуулах заалттай ч авахуулахгүй байх нь хүнд өвчнүүдийг бий болгодог. Голтын хөндийн үрэвсэл үүсгэнэ. Ялангуяа доод агт араа илүү асуудал үүсгэдэг. Зөвхөн нэгдүгээр эмнэлэгт хийдэг, мэс заслын хүнд хагалгаанд хүрэх аюултай.