Бөөрний үрэвсэл, бөөрний дутагдал чухам юунаас болж үүсдэг тухай болон хэрхэн бөөр өвдөхөөс урьдчилан сэргийлэх талаар УНТЭ-ийн бөөрний төвийн зөвлөх эмч Д.Хурцбаяртай ярилцлаа.
Бөөр ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
Маш олон үүрэг гүйцэтгэнэ. Жишээлбэл зүрх бол зөвхөн цус шахах, уушги амьсгалах хүчил төрөгч оруулах гэх мэтийн ганц л үүрэг гүйцэтгэдэг. Харин бөөр 7-8 үүрэг гүйцэтгэдэг гэдгээрээ ялгаатай. Нэгдүгээрт бидний идсэн зүйлс гэдэс ходоод буюу хоол боловсруулах эрхтнүүдээр задраад хэрэгтэй нь биед шингээд хортой нь биеэс гарах ёстой. Өтгөн хэлбэрээр гарах ч ихэнх нь усанд ууссан хэлбэрээр шээс болж биеэс гардаг. Бодисын солилцооны хорт бодисыг биеэс гадагшлуулах үүрэгтэй. Дараа нь цус төлжүүлэх үүрэгтэй. Биеэр эргэлдэж байгаа цусыг нөхөн төлжүүлэх, шингэний зохицуулалт хийнэ. Биед орж байгаа шингэнээр хүнийг хавагнуулахгүй, тураахгүй. Хүчил шүлтийн тэнцвэрээр биед явагдаж буй химийн урвал тэнцвэртэй байх, цусны даралт зохицуулах гэх мэт олон үүрэг гүйцэтгэнэ. Тэгэхээр амин чухал эрхтний нэг гэсэн үг.
Бөөрөнд ямар хоол хүнс тохиромжгүй вэ?
Дээрх үйл ажиллагааг хэтрүүлсэн зүйлсэд дургүй. Жишээлбэл буруу хооллолт, давс ихтэй зүйл, архи согтууруулах ундааны зүйлс, хоносон хоол зэрэгт дургүй байх нь. Жишээлбэл давс даралт ихэсгэдэг шүү дээ. Гаднын вирус бактерийн нөлөөтэй үрэвсэнэ. Үрэвсэх орчин бүрдүүлдэг даарах, хүнд ачаалал авах, дархлаа сулрах гэх мэт олон зүйлсэд дургүй эрхтэн.
Монголчуудын дунд бөөрний өвчлөл үүсгэж буй гол шалтгаан нь юунд байна гэж та харж байна?
Бөөрний өвчин дотроо олон янз байдаг. Тэр олон янзын өвчлөл нь өөр өөрийн үүсэх шалтгаантай. Жишээлбэл, бөөр шээсний замын буюу бөөрнөөс шээс гарах хүртэл бөөрний үрэвсэлт өвчин нь ариун цэврийн байдлаас ихээхэн шалтгаалдаг. Ялангуяа бэлэг эрхтний ариун цэвэр. Доороос өгсөх замаар халдвар авч үрэвсүүлдэг. Сүүлийн үед бэлгийн замын халдварт өвчин их болсон. Үүнийг үүсгэж буй бактериуд дээшээ үрэвсэж болно. Хоёрдугаарт усанд орох, хувийн ариун цэвэр сахих. Гуравдугаарт даарах. Даарах нь үрэвслийг даамжруулах нэг нөхцөл болдог. Архи, тамхи зэрэг хорт зуршил болох бүх болохгүй юмнуудын үндэс суурь болдог.
Бөөр өвдөж буйг хэрхэн мэдэх вэ?
Бөөрний үрэвсэлт өвчин эхлээд нуруугаар өвдөнө. Шээс булингартай, үнэртэй гарна. Бөөрний түүдгэнцэрийн өвчин гэж бий. Энэ үед шээсээр их уураг алддаг. Шээс хөөсөрнө, цус гарч байгаа үед улаан өнгөтэй гарна. Бөөрний дутагдлын үед шээс шар өнгөтэй биш ус шиг өнгөтэй гарна. Харин бөөр чулуутай үед шээсний өнгө өөрчилнө. Цус гарна. Мөн өвдөж буй тохиолдолд даралт ихсэх гээд байдаг. Бие, хөлөөрөө хавагнана. Сүүлийн үед нийтлэг гаргадаг алдаа бол нуруугаар өвдөхөөр л бөөр гээж бодоод хүрээд ирдэг. Нуруу өвдсөн болгон бөөр байдаггүй. Нурууны өөрийн эмгэг нь бөөртэй яг адилхан нуруугаар өвддөг. Нуруу өвдөх үед булчин чангарч мэдрэлийн эсээ хавчдаг. Бөөр өвдөхөөр мөн адил булчингууд чангардаг. Тэгэхээр хүмүүс андуураад эмчид үзүүлэхгүй дур мэдэн эм уудаг. Хэрэггүй уусан эм хор л болдог. Гэдсэнд байдаг бактериуд бидний амьдралд чухал нөлөөтэй. Антибиотик дураараа уухаар гэдсэн дахь бактерийн орчинг өөрчлөөд, устгачихдаг. Энэ нь маш муу. Тиймээс шинжилгээ өгч, эмчид үзүүлэх шаардлагатай шүү.
Бөөрөө эрүүл байлгахын тулд өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Өвдсөн хойно нь мундаг эмч, эм хайхаас илүү урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Үүний тулд амьдралын зөв хэв маягийг хэвшүүлэх хэрэгтэй. Унтах цагтаа унтаж, босох цагтаа босож ажил амралтын ачааллаа зохицуулах. Унтаж байхад хүнд хэрэгтэй хамгийн чухал бодисууд биед ялгарч байдаг. Энэ бол эмээс чухал бодисууд юм. тэгэхэд бид ажилтай, утсаа оролдоно, телевизээ үзнэ гээд унтдаггүй. Шөнийн 2-3 цагийн үед л хүний биед хэрэгтэй бодисууд ялгарч байдаг. Дархлаа, хүүхдүүдэд бол өсөлтийн даавар, таргалалтын эсрэг гормон зэрэг маш хэрэгтэй зүйлс унтаж байхад ялгардаг. Тиймээс амьдралын зөв хэв маягтай байх шаардлагатай юм. хоёрдугаарт хоол ундаа зохицуулах. Гоё хоол, түргэн хоол гээд амтлаг юм идээд байдаг. Амтлагч бодис, сахар, дахин их идүүлэх зуршил төрүүлэгч бодис зэрэг байдаг. Тэгэхээр гэртээ аль болох баталгаатай, чанартай хүнсээр хоол хийж идэх. Янз бүрийн хорт зуршлаас сэргийлж архи, тамхиа багасгах, хэрэглэхээ болих. Учир нь архи, тамхи нь бусад өвчний даамжрах үндэс болдог.
Ус их уух нь бөөрийг ачаалуулдаг гэсэн үнэн үү?
Хүн дунджаар өдөрт 2,5 литр ус уух ёстой. Ус их уувал ачаалал өгнө, бага уувал муу. Тэгэхээр нэг дор их уухаас илүү бага багаар ууж өдөртөө багтаад 2,5 литр ус уувал зүгээр. Унтахын өмнө ус уувал амарч байгаа бөөрийг ачаалуулж, ажиллуулна. Чинэсэн давсгийг удаан барих хэрэггүй. Бөөрнөөс давсаг руу сувгаар шээс ирж байгаа. удаан барьсан шээс эргээд бөөрөө үрэвсүүлэх гээд байдаг. Бие засмаар санагдвал л гадагшлуулж байх ёстой.
Бөөрний дутагдал гэж юу вэ?
Ялангуяа Монгол оронд бөөрний дутагдлыг үүсгэдэг гол хүчин зүйл бол бөөрний түүдгэнцрийн үрэвсэл. Үүнийг залуу хүмүүс ихэвчлэн тусдаг. Тэр дундаа залуу эрэгтэй хүмүүс тусдаг. Тэгэхээр залуу хүмүүс тусахаар эмчилгээгээ буруу, зааврын дагуу хийж чадахгүй бол бөөрний дутагдалд хүргэнэ. Сүүлийн үед чихрийн шижин өвчин ихэссэнээс болж настай хүмүүс мөн өвчилж байна. Түүдгэнцрийн үрэвсэл дотроо олон янзын бүтцийн хэлбэртэй. Дотроо хэдэн янзын хэлбэртэй байгаагаас өвчний тавилан шалтгаална. Зарим нь хоруу чанартай маш хурдан бөөрний дутагдалд оруулдаг. Зарим нь гам дэглэмээ баривал бөөрний дутагдлаа хүндрүүлэхгүй байж болно.
Тэгэхээр түүдгэнцэр гэдэг нь юу вэ?
Бөөр бол хос эрхтэн. Маш олон хялгасан судастай. Хялгасан судсаар цус урсаад үүнээс хортой юмыг нь бөөр шүүж авдаг. Үйл ажиллагаа явуулдаг бөөрний нэг судасны багцыг түүдгэнцэр гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ багц судасны өвчин гэсэн үг. Нэг бөөрөнд жишээлбэл хоёр сая орчим багц байх ёстой. Тэгэхээр энэ нь ургаж нэмэгдэхгүй. Өвдчихвөл цөөрөөд л байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл бөөрний дутагдал гэдэг нь тэр түүдгэнцрүүд сорив болоод хортой юмаа шүүж чадахгүй. Бөөр 10 си урттай, вандуй шиг хэлбэртэй байсан бол бөөрний дутагдлын сүүлийн шатанд очихоор 7-8 см жижигхэн болчихдог. Сорвижиж хатангиршаад жижигхэн болчихдог.
Түүдгэнцрийн үрэвслээр яагаад эрэгтэйчүүд ихэвчлэн өвдөж байна вэ?
Удамшлаасаа хамаараад эрэгтэйчүүл илүү их өвдөх магадлалтай. Эмэгтэйчүүд өвдөнө. Гэхдээ яг хөдөлмөрийн насны залуу эрэгтэйчүүд илүү их өвчилдөг. Өмнө нь хэлсэн шиг бүтцийн олон янзын хэлбэртэй учраас эмэгтэйчүүд өвчлөх хэлбэр бий. эрэгтэйчүүд их хайхрамжгүй. Толгой нүцгэн, нимгэн хувцастай явж байдаг. Түүдгэнцрийн өвчин шээс замын өвчин шиг нээх их нуруугаар өвдөхгүй. Харин өвдөхгүй байж байгаад процес явагдаад байна. зарим тохиолдол хавагнана, даралт ихэснэ. Ихэнх тохиолдолд юу ч илрэхгүй. Мэдэхгүй явсаар байгаад хүндрүүлчихдэг.
Бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орохын тулд Монголд 4-5 жил хүлээдэг гэсэн үнэн үү?
Бөөр шилжүүлэн суулгах хагалгааг 1995-1996 оноос манай улс хийж эхэлсэн. Хорин хэдэн жил хийж байгаа. бид нэлээн туршлага хуримтлуулсан. Ялангуяа манай нэгдүгээр эмнэлэгт бөөр солих хагалгааг хийдэг. Хуулиараа ах дүү, хамаатан нь бөөрөө өгдөг. Хэрвээ бөөрөө өгөх хамаатан байвал бөөр солиулах хагалгаа тийм ч удаан биш. Харин бөөр нь таарахгүй эсвэл олдохгүй бол хүлээдэг.
Нэгдүгээр эмнэлэгт бөөрний тасаг ачаалал ихтэй байдаг. Энэ талаар яривал?
Манай эмнэлэгт өдөрт хоёр эмч үзлэг хийдэг. Ойролцоогоор зөвхөн анх удаа 40-өөд хүн үзүүлдэг. Тэгэхээр дунджаар өдөрт 100 гаруй хүн үздэг. Тэр хүмүүс маань дахиад давтан үзлэгт ороод явдаг. Аль болох дараалалгүй байлгах гээд хичээгээд үзээд байгаа ч гэсэн буурах магадлал алга.
Тэгэхээр цаашид бөөрний өвчлөл нэмэгдэх үү?
Би нэгдүгээр эмнэлэгт бөөрний эмчээр 25-26 жил ажиллаж байна. Намайг анх ажилд ороход Нэгдүгээр эмнэлгийн бөөрний тасагт хоёрхон л бөөрний аппарат байсан. Одоо бүх аймаг, дүүрэг, хувийн эмнэлгүүд бөөрний аппараттай байна. Манай нэг бөөрний төв 30-40 аппараттай. Шинэ эмчилгээ үйлчилгээ нэмэгдэж байна. Гэхдээ бөөрний өвчлөл дэлхий даяар нэмэгдэх хандлагатай байна. Дэлхийн бөөрний холбооноос 2030 он гэхэд бөөрний дутагдал нэмэгдэх хандлагатай байна гэж статистик тоо гаргасан.