Гэр бүл элэг бүтэн байх ёстой гээд хүчирхийллийг тэвчиж суухгүйгээр аз жаргалтай эрүүл амьдралыг сонгосон ганц бие ээжүүдийн төлөөлөл Т.Цолмонсайханг бид энэ удаагийн “Гашуун яриа” нэвтрүүлэгтээ урьж ярилцлаа.
Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Зарим нь намайг ямар ч гэр бүлгүй, хүүхэдгүй гэж боддог. Зарим нь "намайг маш сайхан гэр бүлийн тогтвортой харилцаатай, ажлаа хийгээд л явж байдаг. Арыг нь нөхөр нь бат даагаад, чи минь ажилдаа яв. Би чиний супер ар тал шүү гээд л байж байдаг эр нөхөртэй байхаа" гэж боддог. Гэтэл би чинь ганц бие ээжийн амьдралаар амьдраад нэлээ энэ хугацааг өнгөрүүлчихлээ. Ганц, хоёр хүүхэдтэй биш гурван хүүхэдтэй. Хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг, өрх толгойлсон ээж гэхүү дээ.
Нөхөртэйгээ анх яаж танилцаж байсан бэ?
Нөхрийнхөө анх юунд нь болсон юм бэ гээд салж байгаа үед ялангуяа сэтгэл зүйчид, хуулийн байгууллага дээр очихоор хүртэл асуудаг. Яг юунаас болсон бэ? Анхныхаа үеийг санаач ээ, анх хайрлаж дурлаж байсан үедээ юунд нь болсон юм бэ гэдэг ч юм уу ийм зүйлүүдийг их асуудаг юм билээ. Би нэг их сайн санадаггүй юм. Анх даруухан залуу байсан. Даруухан залуу юм байна даа л гэж бодсон. Бидний үед мессежэлдэг цаг үе байлаа. Мессеж бичдэг, хичээлээ тараад гараад ирэхээр сургууль дээр ирчихсэн байдаг ч юм уу. Ер нь бол эмэгтэй хүн дасдаг. Байнга хажууд нь нэг хүн байгаад л байхаар за энэ л байх ёстой юм байна гээд хүлээн зөвшөөрчихдөг. 20 орчим насандаа нөхөртэйгөө үерхээд хоёр жилийн дараа хүүхэдтэй болоод. Хүүхэдтэй болчихсон юм чинь суух л ёстой гэдэг. Яг өнөөдөр Монголын нийгэмд хүүхэдтэй л болчихсон юм чинь суух л ёстой гэдэг ийм гэрлэлтүүд маш их байдаг.
20 гаруй насандаа гэхээр та хоёр залуу байхдаа гэр бүл зохиожээ. Асуудал яг хэзээнээс эхэлсэн гэж та бодож байна?
Нэгэн цаг үед тэр хүнийг хайрлаж явсан, хамгийн эрхэм нандин байсан үеүд байгаа. Ер нь аливаа харилцаанд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ялангуяа гэр бүлийн харилцаанд ялангуяа эмэгтэй хүн хэн нь илүү сэргэлэн, хөдөлгөөнтэй, чадварлаг байгаад ирэхээр, илүү их орлоготой, эдийн засгийн давуу байдалтай болоод ирэхээр эрэгтэй хүн жоохон гутардаг байж магадгүй гэж би бодсон. Энэ надаас илүү орлого олоод байна гэдэг дээрээ үндэслээд хэн нэгэнтэй учир ургуулаад байгаа юм биш биз, хэн нэгнээс мөнгө аваад байгаа юм биш биз гээд хардаад эхэлдэг. Гэртээ байгаа эр хүн илүү их зүйлийг ургуулан боддог. Түүнийгээ үнэн юм шиг итгэдэг. Хэрүүл маргаан үүснэ. Хэрүүл маргаан нь хүчирхийлэлтэй тулна. Хүчирхийлэл нь даамжраад тэвчихийн аргагүй байдалд орохоороо салалтад л хүргэж байгаа юм л даа. Хамтдаа амьдраад найман жил болсон. Салах шийдвэрийг би эхэлж гаргасан.
Анх таньтай танилцаад уулзаж, үерхдэг байхдаа хардах зэрэг янз бүрийн зан авир гаргадаг байсан уу?
Ер нь хүн анхнаасаа ямар хүн байх нь танигддаг л даа. Хайр хүнийг өөрөө сохолчихдог. Би хайртай л юм чинь гээд л. Тэр намайг тоохгүй найз нөхөдтэйгөө наргиж цэнгэхээ сонгоод л, контр страйт тоглохоо илүүд үздэг ч юм уу эсвэл би зааланд тогломоор байна гэдэг ч юм уу. Надад хэрэгтэй байгаа цаг хугацаанд өөр нэг газар явж байгаа ийм юмыг нь тухайн үедээ хайрын хүчээр тоодоггүй хайртай л болохоороо гээд. Тэгэхээр анхнаасаа л хайрлахгүй, хэрэгтэй цаг үед чинь байхгүй. Би ийм хүн дээ гэдгээ мэдрүүлээд л байсан. Тэгсэн чинь эмэгтэй хүн өөрчлөгдөнө. Би өөрчилж чадна гэж итгэдэг. Би өөрчлөх гээд байна шүү дээ тэр хүнийг. Энэ нь өөрөө боломжгүй зүйл юмаа.
Танд өөрчлөлт хэрэгтэй гэж бодогдуулсан ямар үе байсан бэ?
Хоёр гаруй жилийн дараа юм уу би хоёр дахь хүүхдээ жоохон хүнд тээсэн. Хөдөлбөл доошоо гарчих гээд л байнгын хэвтрийн дэглэмтэй. Тэгээд гэртээ суусан. Эдийн засгийн шууд хараат байдалтай болж эхэлсэн. Тэгсэн чинь би өөрөө тийм зүйлийг тэвчиж чаддаггүй юм билээ. Хэн нэгнээс хараат байж үнэхээр чадахгүй юм билээ. Тэгээд би нэг зүйлийг өөртөө тангарагласан. Би ахиж хэзээ ч гэртээ ажилгүй суухгүй шүү гэж. Тэгээд би хүүхдээ төрүүлээд нээх удалгүй ажилдаа орсон. Шууд ажилдаа ороод ажлаа хийгээд явсан.
Хэн нэгний хэлсэн таагүй үг сэтгэл эмзэглүүлдэг. Танд хэн нэгэн сэтгэл эмзэглэмээр үг хэлж байв уу?
Нөхөр маань эмнэлэгт хэвтэж таараад микронд нэг хүүхдээ тэврээд, нэгийгээ хөтлөөд хажууд нь хоолны халуун сав, цайны халуун сав бариад явдаг. Тэгсэн нэг өдөр бороо ороод бид гурав шүхэр байхгүй микроноос буусан чинь бороо асгаж байсан. Автобусны буудал дээр нороод зогсоод байх хэцүү. Яаж ийгээд л эмнэлэг рүү нь хурдан орохоо бодно шүү дээ. Нэг хүүхдээ тэврээд нөгөө хүүхдээ хөтөлчихсөн хажуудаа халуун савтай цайгаа барьчихсан амихандаа хурдан алхаж байсан чинь хажуугаар өнгөрсөн нэг хүн иш чааваас энэ ядарсан юмыг гээд л намайг хэлчихгүй юу. Тэгсэн чинь би шууд уйлчихсан. Яагаад ч юм өрөвдөлтэй байдалд орсондоо шаралхсан ч юм уу тэгээд л уйлчихсан. Тэр цаг үеэс эхлээд өөрийгөө илүү их хөгжүүлэхийг хичээсэн. Өөрөө өөртөө илүү их эдийн засгийн давуу байдал олгохыг хичээсэн. Хэн нэгнээс хараат бус байхыг хичээсэн.
Салсны дараа сэтгэл санааны хувьд ямар нэгэн өөрчлөлт мэдрэгдсэн үү?
Би ядарсан харагдахаасаа хэзээ ч ичээгүй, айгаагүй. Би яг хүүхдүүдээ тэврээд л нэгийг нь элгэндээ тэврээд л нөгөөг нь чирээд л ажлынхаа уулзалтад очоод л уулзах ёстой хүмүүстэй уулзаад л ажлаа ярих үедээ яриад л, хэвлэлийн бага хурлын мэдээнд хүүхдээ машиндаа үлдээчхээд л орчихдог байсан. Ороод л мэдээгээ аваад гадаа хүүхэд машинд байгаа гээд гүйгээд л гараад явчихдаг, нэг гараараа хүүхдээ хөхүүлэнгээ нэг гараараа мэдээгээ бичдэг байсан. Хүмүүс энэ их ядарсан юм даа гэж зарим нэг нь муулах ч үе байна, чи үнэхээр дайчин юмаа гэж бахархах ч хүн байна. Нөхрөөсөө салсны дараа эмэгтэй хүн сэтгэлзүйн гутралд ороод тэр үеийг давж туулж чаддаггүйн байна гээд л. Би хэд хэдэн найзынхаа салж байхыг харж байсан. Тэд нар салахаараа урт хугацаанд шоуддаг ч гэдэг юм уу архинаас хэт хамааралтай болдог ч гэдэг юм уу. Тэгээд би өөрийгөө салсны дараа тэгэх юм болов уу гэж бодсон. Шоудаад л архи уугаад л би салчихлаа шүү дээ гээд гутраад явах юм болов уу гэж бодсон чинь надад үнэхээр өөр байсан. Гэрээсээ хөдөлмөрлөж эхэлсэн, ажиллаж эхэлсэн, гарч орох үедээ найз нөхөд олон дүүтэй учир ээлжлээд хүүхдүүдийг маань хараад өгдөг, найз нөхөд маань ойр зуурын бүх юманд туслаад өгдөг яах уу ийх үү гээд л, ингэж явсаар байгаад надад харин ч маш сайхан ажиллах боломж гарч ирсэн. Ажилдаа илүү их улайрсан. Check.mn гэдэг сайтыг жинхэнэ өөрийнхөө хөдөлмөрөөрөө босгож байна.
Таны шүүмжлэлтэй ханддаг зүйл?
Өнөөдөр Монголын нийгэм өөрөө их сонин. Эмэгтэйчүүд хүүхэдгүй юм шиг ажиллаж, ажилгүй юм шиг хүүхдээ өсгөхийг шаарддаг. Яах аргагүй ингэдэг. Хүүхдэдээ 100% анхаарал хандуулдаг их сайн ээж байх гэсэн чинь ажил орхигдчихдог. Хүүхдүүдийг хэн тэжээх вэ, хэн хайрлах вэ, хэн хэрэгцээг нь хангах вэ. Тэгэхээр яах аргагүй чадахаас өөр арга байхгүй. Магадгүй маш олон эмэгтэйчүүд хүүхэдгүй юм шиг ажиллаад ажилгүй юм шиг хүүхдээ өсгөх энэ хоёрын хооронд үнэхээр завгүй амьдарч байгаа.
Ярилцлагын төгсгөлд та юу гэж хэлэх вэ?
Хүүхэд хэзээ ч хэрүүлтэй, хүчирхийлэлтэй гэрт аз жаргалтай байж чадахгүй. Тийм болохоор хүүхдээ бодоод, элэг бүтэн амьдрал гээд өөрийгөө, үр хүүхдүүдээ хүчирхийлэл дунд бүү байлга. Хайр хүчирхийлэл хэзээ ч нэгэн зэрэг орших боломжгүй. Юу ч болсон намайг түшиж тулж байдаг ганц сайхан найзтай. Тэр найздаа баярлалаа гэж хэлэх байх. Намайг гэр бүл салалтын дараа ч гэдэг юм уу эсвэл гарааны бизнесээ эхлүүлж байх тэр бүх цаг үед миний ард чи л чадна. Чи л чадахгүй бол өөр хэн чадахын юу гэсэн үг юм бэ яг л чи чадна гээд зогсож байдаг. Хүн тийм найз нөхөд байхад өөрөө маш сайхан. Өнөөдөр манай Check Media агентлагийг бүрдүүлээд хамт явж байгаа цаашид бас олон кино, клип олон ангит кино зэрэг зорилтот төслүүдийг хэрэгжүүлээд явж байгаа гэж хэлсэн. Цаашдаа илүү олон төслүүд дээр хамтдаа ажиллах уран сайхны кино хүртэл хийнэ дээ гэдэг ийм сайхан дүүрэн хүсэл мөрөөдлөөр надтай хамт жигүүрлээд явж байгаа хамт олондоо баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байх. Дүү нар, ээж, аавдаа баярлалаа. Хэрвээ энэ хүмүүс байгаагүй бол би хэчнээн тас тас инээдэг, би чадна гэж хэлж чадах ч гэсэн хүн л юм чинь амьдралд нугарах л байсан байх.