“Dale Carnegie Training”-ийн Монгол дахь анхдагч салбарыг үүсгэн байгуулагч, “JCI” ТББ-ын сургагч багш Э.Чинзоригтой зорилго, хувь хүний төлөвлөлт болон сайн дурын ажлын тухай сонирхолтой ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
Та өөрийгөө танилцуулахгүй юу? Хувь хүний сургалт гэж юу вэ?
Монголд Дайл Карнегийг үүсгэн байгуулсан анхдагч багш гэж хэлж болно. Дайл Карнегийн сургалт нь хүнд яг өөрийгөө олох би өөрөө яг юу хийж чаддаг, миний хамгийн сайн хийж чадах зүйл юу вэ? Өөрийгөө эерэгээр харах өөртөө итгэлтэй болох мөн хэзээ ч таньж мэдээгүй байсан давуу талаа олоход нь хүмүүст тусалдаг. Товчхондоо манай сургалт хүнд өөрийнх нь таниагүй байсан давуу талыг олоход нь туслаад тэр хүний амьдралын чанар, амжилтад хүрэх замыг нь л хурдасгаж өгдөг гэсэн үг.
Өөрийгөө олно гэдэг нь юу гэсэн үг вэ?
Эхлээд хүн өөрт нь ямар давуу тал байгааг олох хэрэгтэй. Би юуг сайн хийж чаддаг вэ? Би юунд дуртай вэ? Ер нь амьдралдаа юунд зорьдог вэ? Миний амьдрал хаашаа чиглэж байна гээд хүн чинь өөрийгөө хайна даа. Зарим хүмүүсийн өөрийгөө хайж байгаа энэ аялал нь 30 жил 50 жил заримынх нь 20 жил магадгүй хоёр гурван жил ч байх магадлалтай. Аль нь ч байж болно. Одоо тэгэхээр хүн өөрийгөө таниад мэдчихлээ гэж төсөөлье. Өөрийгөө таниад мэдчихсэн тохиолдолд өөрийн хийж буй зүйлийнхээ хамгийн нөлөөлөл өндөртэйгөө ихэвчлэн сонгодог. Тэр нь чадахгүй байгаа зүйлээ орлоно гэсэн үг шүү дээ. Заавал цалин ихтэй ч юм уу улс төрийн шинжтэй байх албагүй. Чадаж байгаа зүйл нь жишээ нь хоол сайн хийдэг бол бусад бүх хүмүүсээс илүү хийнэ гэсэн үг. Сайн болон дуртай зүйлээ хийж байгаа юм чинь тэр зүйлээрээ хүн бусдын чадахгүйг хийж эхэлдэг. Тэгэхээр хүн хамгийн сайн хийж чаддаг зүйлээрээ нийгэм дотроо ч юм уу хэн нэгэнд ямар нэгэн байдлаар тусалж эхэлдэг. Нэг ёсондоо бусад хүнд эрэлт хэрэгцээтэй болно гэсэн үг. Иймээс өөрийгөө олно гэдэг нь хамгийн сайн хийж чаддаг хирнээ хамгийн дуртай, өндөр чадамжтай тухайн зүйлээ олох юм.
Хүмүүс заримдаа буруу сонголт хийдэг. Үүнээсээ болоод сонгосон сонголтондоо сэтгэл хангалуун биш байх тохиолдол гардаг. Тэгвэл хэрхэн өөрийгөө таньж мэдэн зөв сонголт хийж өөртөө сэтгэл хангалуун байх вэ?
Хувь хүний буруу зөв сонголт гэж байдаг. Тэр хүн тухайн үеийн өөрийнхөө хамгийн сайн гэж бодсон сонголтоо хийдэг. Тэгэхээр ерөнхийдөө зөв сонголт хийхэд хэцүү. Зөв сонголт хийж байна уу гэдгээ мэдэхэд бүүр хэцүү шүү дээ. Ямар ирээдүйг хардаг биш эсвэл бурхан багш биш. Тэгвэл хамгийн амархан өөрийнхөө хүсэж байгаа замыг олох арга бол тухайн зүйлийг хийгээд үз. Үнэхээр өөрт чинь таалагдаж байвал үргэлжлүүл таалагдахгүй байвал зогсоо. Аа гэхдээ шууд зогсоовол энэ амьдрал юм чинь цалин мөнгө нь яах юм тээ тэгэхээр ажлаа буюу тухайн зүйлээ хийнгээ байнга өөрийнхөө дуртай зүйлийг хайж эрэлхийлж байх хэрэгтэй. Тэгээд хийж үзээд болж байвал тухайн дуртай зүйл чинь аюулгүй болох үед өмнөх ажлаасаа хариуцлагатайгаар гараад тухайн зүйлээ хийх ч юм уу тасралтгүй турших л зүйл шүү дээ.
Тэгвэл хүн дуртай зүйлээ олтлоо туршиж үзээд л яваад байна гэсэн үг үү?
Зөвхөн дуртай зүйлээ бас биш шүү дээ. Дуртай мөртлөө чадахгүй бол яах юм. Мэргэжил сонголт байлаа гэхэд түүндээ дуртай байх нэмэх нь хамгийн сайн хийж чаддаг байх ёстой гэсэн шалгуур заавал хамт байна.
“Хүн өөртэйгөө тэмцэж эхэлсэн бол өөрийгөө хэн болохыг мэдэж эхэлж байна гэсэн үг” гэж Дайл Карнеги хэлсэн байдаг. Тэгвэл хэрхэн өөрийгөө ялан дийлэх вэ? Жишээ нь сул талаа ч юм уу?
Ямар ч сул талыг давж болно. Бүх хүн чадна дээрээс нь залхуу хүн гэж байхгүй. Харин ганц л хариулт байгаа. Ямарваа нэг зүйлийг чадахгүй байна гэдэг нь тухайн зүйл тэр хүнд шаардлагагүй, хэрэггүй хийснээрээ цаана нь ямар үр ашигтайг ойлгохгүй байгаа тохиолдолд хэн ч байсан шантардаг. Зорилгогүй аялал сонирхолгүй шүү дээ. Харин хаана очих нь тодорхой болчихсон яг үүнийг хийсний дараа би юунд хүрэх вэ ямар боломж байна вэ? Ерөнхийдөө хаана хүрэх гээд байгаагаа харчихсан хүнд ямар ч ажил амархан байдаг. Тэгэхээр зорилгогүй болоод хүсэлгүй байгаа тохиолдолд хамгийн амархан ажил ч гэсэн залхуутай санагдана. Тэгвэл эсрэгээрээ хүрэх зам, зорилгоо мэдчихсэн хүнд ямар ч хүнд хэцүү даваа амархан санагддаг.
Зорилго тодорхойлох арга гэж байдаг уу?
Зорилго өөрөө сонин газраас гарч ирдэг. Миний зорилго тэр гээд л энэ тэнд бичээстэй байдаг бол гоё. Дэлгүүрт зорилго зардаг бол бүр ч гоё. Мэдээж тийм юм байхгүй гэдгийг бүгд мэднэ. Тиймээс хүн зорилгоо олохоосоо өмнө өөрийнхөө үнэт зүйлсийг олох шаардлагатай. Үнэт зүйлс гэхээр хүмүүс сайн ойлгодоггүй. Яг үнэт зүйл гэж юу юм, би ч хэн юм гээд. Үнэт зүйл хүн болгонд байгаа. Тэгэхээр амьдралдаа үнэ цэнэтэй гэж үзэж байгаа зүйлс дундаасаа хамгийн чухлаа эхлээд олох хэрэгтэй. Тэр нь юу ч байж болно магадгүй зарим нэг хүний хувьд мөнгө зарим хүний хувьд нөхөрлөл, алдар хүнд, гэр бүл гэх мэт. Харин тухайн хүн хамгийн гэдэг юмаа олоод тэр нь хэрвээ үнэн юм бол түүнийхээ төлөө тэмцэх яг энэ зам л өөрөө зорилго нь байдаг.
Нийгэмдээ хувь нэмэр оруулахыг та юу гэж боддог вэ?
Хувь хүнийхээ хувьд аль хэдийнээ хийгээд эхэлчихсэн гэж бодож байгаа. Тэгэхээр нийгмийг ганц хүн нэг хоёрын гурваа гээд өөрчилчихдөг юм биш. Гэхдээ би угаасаа нийгмийг өөрчилж чадахгүй гээд хойшоо суугаад байна гэсэн үг ч биш. “JCI” байгууллагын нэг гоё үг байдаг юм. “Бүх зүйл болохгүй байна гэж нийгмийг харааж суухаар нэг ч гэсэн чүдэнз асаа” гэж тэгэхээр ганц хүн мянга тийчлээд явахгүй шүү дээ. Харин дэлхийн бүх хүн нэг хоёрын гурваа гэвэл нийгэм маш хурдан өөрчлөгдөнө. Мэдээж энэ нь хэцүү. Би хувьдаа нийгэм болохгүй байна гээд лоозон бариад явахгүй ч өдөр бүр Дайл Карнегийн хичээл зааж байгаа энэ ажлаа маш сайн л хийгээд байвал нэг өдөрт 15 магадгүй 20 хүний сэтгэлд амжилтад хүрч чадна гэсэн итгэл найдварыг өгөөд байгаа бол энэ чинь нийгмийнхээ төлөө асаагаад байгаа нэг чүдэнз гэж үзэж болно. Эргээд бодоход би хичээл заагаад долоон жил болжээ. Энэ хугацаанд арван дөрөв, тав орчим мянган хүнд хичээл заасан байдаг. Мэдээж бүгдэд нь лаа асаасан гэж хэлэхэд хэцүү. Заримынх нь лаа унтарчихсан ч байж мэднэ. Гэхдээ тодорхой хувьд нь итгэл найдвар өгөөд өөрчилж чадсан л бол энэ нь миний нийгэмд хувь нэмрээ оруулж байгаа нэг хэлбэр гэсэн үг. Тэгэхээр лоозон бариад жагсана гэхээсээ илүү чадаж байгаа зүйлээ л сайн хийчих юм бол энэ нь бас миний нийгэмдээ оруулж байгаа хувь нэмэр биш гэж үү.
Гадаадын улс орнуудад сайн дурын ажлын талаарх ойлголт харьцангуй өргөн цар хүрээтэй байдаг бол манайд саяхнаас л хөгжиж байгаа шүү дээ. Тиймээс сайн дурын ажил хийх гэж буй залууст ойлголт болоод зөвлөмж хэлж өгнө үү?
Хүн өөрөө ямар нэгэн юманд суралцаж, өөрийгөө хөгжүүлье гэвэл хамгийн ойрхон боломжоосоо эхэлж ашиглаарай гэсэн зөвлөмж байдаг. Бизнест ч адилхан. Бизнест юу гэдэг вэ гэхлээр гар хүрэх модны жимсийг түрүүлж ид гэдэг. Алсад байгаа зүйлд хүрэх гэж байгаа бол урд байгаа зүйлээ битгий гол гэсэн санаа юм. Тэгэхээр оюутан залуучуудад юу л байна цаг хугацаа байна. Үүнийгээ л сайн ашиглаж чадвал хүн маш их зүйлсийг суралцах боломж байдаг. Мэдээж сургуульд тодорхой хэмжээнд заана. Гэхдээ сайн дурын ажил хийхэд хүүхэд маш олон юмыг сурдаг. Тэр дундаа хүнтэй харилцаж сурна, ажил хийж сурна, даалгавар аваад амжилттай гүйцэтгэж сурна. Сайн дурынх учир дийлэнхдээ цалингүй байдаг. Энэ ажил нь тухайн сайн дурын арга хэмжээнд оролцуулж байгаа хүн нь оролцож байгаа оюутан сурагчдад ур чадвар, мэдлэгийг олгоно. Нэг ёсондоо үнэгүй юм зааж өгч байна гэсэн үг. Түүнийх нь хариуд нөгөө хүн нь цалин авахгүйгээр бие биендээ тавь тавин хувь туслах хэлбэртэй явдаг энэ харилцааг сайн дурынх гэнэ. Хүн гэхдээ насаараа сайн дурын ажил хийхгүй шүү дээ. Хэзээ нэгэн цагт өөрөө чадвартай болоод ирэх үедээ энэ чадвараа үнэлүүлээд хөдөлмөрийн зах зээл дээр ажилтан болж болно. Тэгэхээр сайн дурын ажлын үндсэн шинж нь зүгээр нэг цагаа нөхцөөгөөд хийх юм нь олдохгүй байгаа эсвэл уйдаад сууж байхаар гээд хийдэг ажил биш. Ийм хүн байхыг ч үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ яг урдаа тавьсан зорилготой ирээдүйдээ ийм юманд хүрчих юмсан гэсэн хүнд сайн дурын ажил илүү үнэ цэнэтэй байдаг. Тэгвэл тэнд хүн зүгээр нэг цагийг өнгөрөөхгүй шүү дээ. Энэ ажлыг хийнгээ ийм хүмүүстэй харилцаатай байя, ийм зүйл хийгээд сурчихъя гэх ч юм уу зорилго нь тодорхой болоод ирнэ л гэсэн үг.
Зорилгынхоо төлөө явж буй залууст алдаа гаргах үе зөндөө байдаг шүү дээ. Тэгвэл та эдгээр залууст хандаж урмын үг хэлэхгүй юу?
Алдаа гэж байхгүй. Алдаанаас айгаад эргэлзээд юу ч хийгүй байвал энэ чинь өөрөө хамгийн том алдаа. Хийгээд үзвэл алдчихвал яанаа гэдэг бодол өөрөө алдаа байхгүй юу. Хийж үзээд алдвал тэр л биз дээ. Алдчихлаа гэж бодвол тухайн хүнд сургамж болж байна гэсэн үг. Дахиж алдаагаа давтахгүй байх тэр буруу замыг танин мэдэж байгаа нь ухаарал юм. Хэрвээ хийж үзээд оночих юм бол амжилт шүү дээ. Харин юу ч хийхгүй байгаа мөртлөө алдаагүй байна гэж бодвол энэ нь өөрөө цэвэр алдаа. Ухаарсан ч юмгүй, хийж үзэж мэдлэг, туршлага авсан ч юмгүй байвал залуу насны хайран амьдрал биз дээ. Тиймээс оролдоод л үз.