Энэ Засгийн газар ажлаа авахдаа л ковидийн цар тахлын хүндхэн үеийг даван туулах нь ойлгомжтой байсан учраас багаа чамбай бүрдүүлэх нь зүйн хэрэг байлаа. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бүрдүүлсэн кабинет чих халууцуулах нь ихсэв.
Коронавирусийн халдварын тархалт ихсэн хот хөдөөгүй халдвар авсан болон нас барсан иргэдийн тоо статистик төдий л болон дөжрөв. Эрүүл мэндийн сайд дорвитой арга хэмжээг хэрэгжүүлэхээсээ илүүтэй иргэд тархалт тэлэн шинжилгээний цэг, эмнэлгүүдийн ачааллыг нэмсэн хэмээн хэдэнтээ хэлсээр сүүлдээ эрүүл мэндийн салбар таазандаа тулсан ачаалалтай ажиллаж байгаа гэх болов. Хамгийн их санхүүжилт авч ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид урамшуулал, нэмэгдлийг цаг хугацаанд нь өгөөгүй хэмээн жагсаал, цуглаан хийсэн ч салбарын сайд нь ажлаасаа халшран боловсон хүчингүй болж байгаа асуудлаа олон улстай жишин ковидийн нөхцөл байдалтай холбон тайлбарласаар л. Өдгөө улсын байтугай хувийн эмнэлэгт нь ор олдохгүй, эрүүл мэндийн салбарын хариуцлагагүйн улмаас амиа алдсан иргэдийн асуудал ч ковидийн хүндрэл гэх ганцхан үгэнд дарагдсаар л.
Ковидийн хүндрэлтэй зэрэгцэн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэн шатахууны хомсдолд ч оров
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар хил хаагдан барааны үнэ тэнгэрт хадсан асуудалд өнөөдрийг хүртэл дорвитой арга хэмжээ авч чадсан эсэхийг хэн хүнгүй л хэлэх биз. Хилийн боомт дээр Шадар сайд, Ерөнхий сайд, салбарын сайд нь очиж ажилласан ч өнөөдрийг хүртэл асуудал дагуулсан өнөөх л бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийг урд хөршөөс болж гацсан хэмээн тайлбарласаар. Дотоодын зохицуулалтаа дорвитойхон хийсэн бол урд хөрш ч ийнхүү монголын тээвэрчдэд хатуурхах байсан гэж үү.
Л.Халтар сайд Дарханы замыг ч өнөөдрийг хүртэл бүрэн гүйцэтгэж дуусгаагүй. Дарханы замын асуудлыг мөн л өнөөх ковид, цар тахалтай холбон гаднаас авах ажиллах хүч ирээгүй зэрэг олон ч шалтаг, шалтгааныг тоочсон.
Бодлогын хүрээнд салбар хариуцаж ажиллаж байгаа зарим сайд нарын алдаагаа ард түмэн рүү чихэх нь хэрээс хэтийдлээ
Саяхны жишээ гэхэд д Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сайжруулсан шахмал түлшинд дугаарласан иргэдийг буруутгасан. Тэрбээр өвөл болохоор иргэд даардгийг мартсан гэж хэлж болно. Н.Тавинбэх сайд гэр хорооллын иргэдэд хангалттай хэмжээний шахмал түлш борлуулах цэг гаргалгүй, тав, арваар нь нэмэх хооронд иргэд л эрэлт үүсгэлээ гэх утга бүхий мэдээллийг хийсэн. Сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг болоод хэдэн жилийг ардаа үдсэн ч өнгөрсөн жилийн хөнгөлөлт энэ жил үргэлжилж байгаа нь эрэлт өсгөсөн. Иргэд түлш нөөцлөхөөр цэгүүдийн нөөц хүрээгүй хэмээн мэдээлсэн байдаг. Гэвч бодит байдал дээр нэг айлд хоёрхон шуудай шахмал түлш олгож байсныг салбарын сайд нь мэдээгүй л байв.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт хариуцлага тооц гэж буй ч Ерөнхий сайд багаараа ажиллах байр, сууриа хадгалсаар байгаа.
Өнгөрсөн долоо хоногийн бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийн гишүүддээ хандан “Би багаараа ажиллана. Хариуцлагын асуудлыг ярьж буй ч түр зуурын хүндрэл гэж харж байна. Асуудлын ард гарна. Сайд нараа сугалах бодолгүй байна” гэж хэлжээ.
Түүний энэхүү байр суурь бүлгийн бусад гишүүдийн дургүйцлийг ч хүргэн хариуцлагагүй сайд нартаа хариуцлага тооцож чадахгүй засгаа унагаах эрсдэлийг үүсгэлээ гэх бор шувуу хэдийнээ нисээд байна. Шатахууны хомсдлын асуудлаар ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон АМГТГ-ын дарга Х.Хэрлэнд хариуцлага тооцож чадахгүй тус газрын дэд дарга Ц.Эрдэнэбаярыг албан тушаалаас нь огцруулсан болоод асуудлыг намжаасан.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын сайд нарыг сонгох, чөлөөлөх эрх нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээний асуудал юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээ ажлаа хурдтай, хариуцлагатай хийж чадахгүй байгаа, кабинетаа муухай харагдуулж байгаа сайд нараа явуулья аа.
Засгийн газраа тэр чигээр нь унагааж байснаас дөрвөн сайдаа явуулаач ээ. Багаараа л ажиллана хэмээн гүрийх хэрэггүй, Ерөнхий сайдаа.