Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр салбарын 15 хууль тогтоомжийг судлан үзэхэд зөвхөн хоёр Засгийн газрын тогтоолд хүүхдийн тоглоомын талбайн талаар дурдагдсан боловч түүнд тавигдах шаардлага, хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоогүй. Яг ийм байдлаар тоглоомын талбайд тавигдах ямар нэгэн стандарт шаардлага манай улсад 2017 он хүртэл байгаагүй гэсэн үг. Харин 2018 онд хүүхдийн тоглоомын талбайн стандартыг гаргаж 2019 онд MNS:6539 стандартыг баталсан. Гэсэн ч нийслэлд байгаа нийт тоглоомын 52 хувь буюу талаас дээш хувь нь 18 жил болж, зарим тоглоомны ашиглалтын хугацаа дуусаж, тоног төхөөрөмж эвдэрч гэмтэх магадлал өсөж байна. Стандарт шаардлага баталсан ч хуучин тоглоомоо сэргээн засварладаггүй, шинэ тоглоомын талбай барьсан ч стандартын бус байдаг учраас хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд байх эрхээ эдэлж чадахгүй бэртэж гэмтсээр байгаа юм.
Энэ талаар тоглоомын талбайн стандарт боловсруулсан мэргэжилтнээс тодруулахад “Хүүхдийн насны ангиллаар ангилсан бүсүүдтэй байх ёстой. Тэгэхгүй бол 12 настай хүүхдийн тоглоом дээр бага насны хүүхэд тоглож өндрөөс унаж гэмтэх, эсвэл том насны хүүхдүүд багачуудад зориулсан тоглоомыг эвдэх зэрэг асуудал байдаг учраас эхний ээлжинд насаар нь ангилж өгсөн. Балчир хүүхдэд 80 см-ээс өндөр авирах тоног төхөөрөмж байж болохгүй, пүрштэй тоглоом, шат зэрэг байж болохгүй. Савлуур хүүхэд бүрэн суугаад бүсэлхийгээр нь бэхэлдэг байх гэх мэт шаардлагуудыг насны онцлогоос хамаарч стандартад оруулж өгсөн” гэж Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга хэллээ.
Бидний очсон Баянгол дүүргийн тоглоомын талбайн хувьд насны ангиллаар бүсчилсэн тоглоом ганц ширхэг ч байхгүй хуучирч муудаад, борооны усанд идэгдэж зэвэрсэн төмөр гулсуур, хэзээ салж унах нь мэдэгдэхгүй дасгалын хэдэн төхөөрөмж, ямар ч бэхэлгээгүй ганц ширхэг өнгийн гулсуур байлаа. Стандартад заасны дагуу ногоон байгууламж багадаа 30 хувь байж, хогийн цэгээс 100 метрийн зайд, машин замаас 6 метрийн зайтай барьж байгуулах ёстой. Хоёр алхаад хогийн цэг, нэг алхаад л машин зам руу орох эрсдэлтэй хангалттай хашлага ч байхгүй толгой дээрээс ямар зориулалттай нь мэдэгдэхгүй төмөр утас унжсан байв.
Оршин суугчдын зүгээс тоглоомын талбайд сэтгэл хангалуун бус байдаг гэдгээ хэллээ. “Хүүхдүүд зөндөө л гэмтдэг байсан. Одоо жишээ нь тэр эргэдэг тоглоом дээр гэхэд хөл гараа хавчих ч юм уу тиймэрхүү тохиолдол байсан. Тоглоомын талбай ер нь хангалтгүй. Зай багатай хүүхдүүд тоглосон ч гэсэн их л бохир орчин байдаг” гэв. Харин хүүхдээ тоглуулж байсан иргэн нүд салгахгүй харж байлаа. Тэрбээр “Хүүхдүүдэд зориулж тоглоомын талбай гаргах ёстой. Гэхдээ зориулж гаргадаггүй. Байгаа талбайгаа ашиглаж л гаргадаг. Эд нар чинь хамаагүй жижигхэн хоёр гуравхан тоглоом тавиад л болчхож байгаа. Тийм болохоор стандартын гэж хэлж чадахгүй” гэж ярилаа.
Манай улсад 0-14 насны 967 мянга гаруй хүүхэд бий. Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс тоглоомын тоног төхөөрөмжөөс гэмтэж тусламж авсан хүүхдийн тоог гаргажээ. Тоглоомын талбайн стандарт батлагдах үед 6-11 насны 572 хүүхэд, 2-5 насны 303 хүүхэд, 6-23 сартай 18 хүүхэд бэртэж гэмтсэн гэх тоон үзүүлэлт гарсан байна. Хүүхдүүд тоглоомын талбайд хэн нэгний хараа хяналтгүй орхисон тоглоомоос болж бэртэж гэмтэнэ гэдэг харамсалтай. Стандартын шаардлага хангасан тоглоомын талбай Улаанбаатар хотын хэмжээнд 10 хуруунд багтахуйц цөөхөн байдаг бол стандартын шаардлага хангаагүй тоглоомын талбай зуугаар тоологдохоор байна.
Тоглоомын талбайн гадаргууг хатуу бетон, асфальт зэрэг хатуу ирмэгтэй, арзгар гадаргуугаар хийхийг хориглодог. Мөн нэвчүүлсэн мод, модны зомгол, хүүхэд амархан бохирдох гадаргуугаар хийхийг зөвлөдөггүй. Тоглоомын талбайн гадаргууг резин, элс, голын хайрга, дахин боловсруулсан резин, хиймэл зүлэг, резинэн хавтангаар хийх ёстой байдаг. Гэвч бидний очсон тоглоомын талбайн гадаргуу эсрэгээрээ бетоноор хийгдэж зарим хэсэгтээ цемент нь нураад шороотойгоо холилдож гүйхэд л их хэмжээний тоос босож байлаа.
Баянгол дүүргийн хорооноос эвдрэл гэмтэлтэй тоглоомуудаа хэрхэн арчилж, сэргээн засварладаг талаар асуухад санал асуулга аваад улсын төсөвт суулгадаг гэлээ. Энэ асуудлыг Баянгол дүүргийн тамгын газар, хот тохижилт шийддэг гэв.
Юутай ч стандартад заасны дагуу тоглоомын талбайн ашиглалт, арчилгаа үйлчилгээг тухайн хүүхдийн тоглоомын талбай байрлаж буй газар эзэмшигч нь хариуцна. Тоглоомын талбайн тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй байдлыг сардаа хоёроос доошгүй удаа шалгаж, үл тохирохыг нь тухай бүрд нь арилгуулах арга хэмжээ авах ёстой байдаг аж. Иймээс иргэд та бүхэн хүүхдийнхээ аюулгүй тоглож наадах, бие бялдраа хөгжүүлэх тоглоомын талбайд анхаарлаа хандуулж хяналт тавих, хариуцсан эзэнтэй нь хариуцлагатай хандаж байхыг анхааруулж байхгүй бол хүүхдүүд тоглох ёстой тоглоомын талбайнхаа хохирогч нь болсоор л байх вий.