УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Б.Бат-Эрдэнээс Хөрөнгө оруулалтын хуулийн тухай болон УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох асуудлаар байр суурийг нь сонслоо.
-Хөрөнгө оруулалтын тухай хууль дээр УИХ-ын гишүүд төслөө бүрэн хараагүй, уншаагүй гээд эргэж буцах асуудал гаргаад байна. Энэ нь УИХ-ын гишүүний ёс зүйд хэр нийцтэй вэ. Хуулийн төсөл санаачилсан хүн танилцуулсан төслөөсөө өөр төсөл өргөн барьсан тохиолдлууд гарчээ. Ёс зүйн байнгын хороо энэ асуудалтай холбоотой ямар арга хэмжээ авах вэ?
-Дүрмээр зохицуулсан тусгайлсан зүйл байхгүй. Энэ нь яах аргагүй УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой. Бид тангараг өргөхдөө нийт иргэн, улс орны эрх ашгийг илэрхийлж ажиллана гэдэг. Тиймээс УИХ-ын ёс зүйтэй холбоотой олон асуудал яригдаж байгаа. Гэхдээ та бүхэн мэдэж байгаа. Хуучин Ёс зүйн дэд хороо байхдаа ч одоо Ёс зүйн байнгын хороо болсон ч яг одоо дүрмээр нарийвчлан зохицуулагдаад ийм асуудлыг ингэж шийднэ гэсэн зүйл байхгүй. Шинэ УИХ-ын ёс зүйн гишүүний дүрэмд ард иргэдээсээ уучлал хүсдэг заалтыг л оруулья гэж байгаа. Тэрийг би оруулж чадах уу, үгүй юу мэдэхгүй. Одоо УИХ-ын гишүүд чинь УИХ-ын ёс зүйн дүрмийг өөрчлөөд биднийг чангалах гээд байна гээд бүгдээрээ эсэргүүцэж байгаа. Тэрийг ИХ-д өргөн барьсан. УИХ-аас ажлын хэсэг гарсан, тэгээд зохицуулалтыг нь хийнэ.
Яг одоо бодит байдал дээр хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх дээр би үгээ хэлсэн. Наадах чинь хэдэн жилийн өмнө 2014 онд УИХ-аар орж ирээд босго даваагүй. Яг үүнтэй адилхан зүйл оруулж ирээд зүтгүүлээд унасан. Яг үүнтэй адилхан хуулийн төсөл байна наадхаа анхаарч үзээч гэж хэлсэн. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай асуудлыг ярих юм бол үүнийгээ цогцоор нь авч үзээч ээ. Зүгээр нэг оршин суух визтэй холбоотой асуудлыг та нар оруулж ирж болохгүй. Өнөөдрийн байгаа бодит байдал бол гадаадын хөрөнгө оруулагчдын хууль эрх зүйн зохицуулалт дутуу байна гэхээсээ илүү энэ хуулиа хэрэгжүүлэхгүй байна. Бүх шатанд ажил хариуцаж байгаа хүмүүс авлига нэхдэг, хүнд суртал гаргадаг. Тэр байтугай, төрийн хамгийн дээд албан тушаалтан Ерөнхийлөгчөөс эхлээд хууль, хяналтын байгууллагынхантай хуйвалдаад гадаадын хөрөнгө оруулсан олон байгууллага, иргэнийг хохироосон асуудал хэвлэл, сайтуудаар гадаад, дотоодгүй зарлагдаад байгаа биз дээ. Англи, БНСУ-ын иргэнийг хохироолоо л гэнэ. Ийм зүйлсээ та нар болиоч ээ, үүнд хариуцлага тооцооч гэдэг зүйлийг би хэлээд байгаа юм.
-Танай байнгын хороо шүдгүй арслан шиг ямар ч хариуцлага тооцохгүй юм уу?
-Тийм шүү дээ. Үнэн. Ямар ч хариуцлага тооцох зохицуулалт байхгүй. Угаасаа парламентын засаглалтай улс орнууд чинь тийм байдаг юм байна. Харин 2009 онд УИХ-ын гишүүн байхдаа би шахаж байж Д.Дэмбэрэл гуайг УИХ-ын дарга байх үед УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг арай гэж анх батлуулсан. Тэр үеэр олон улсын парламентчдын зөвлөгөөн энд болоод олон улсын парламентын хүмүүс “Танайх яаж УИХ-ын ёс зүйн дүрэмтэй болсон юм бэ. Бид баталж чадахгүй олон жил болж байгаа. Манай улсад огт байхгүй” гэдэг зүйл хэлж байсан.Та нар хаваржин Ц.Анандбазартай холбоотой, бусад гишүүдтэй холбоотой асуудлыг бараг Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хороо гишүүдийг авчраад хариуцлага тооцоод байх юм шиг яриад байсан. Өнөөдөр хариуцлага тооцох ямар ч юм байхгүй. Одоо шинэ батлагдах УИХ-ын ёс зүйн дүрмээр хамгийн эхний ээлжинд үнэхээр ёс зүйн алдаа гаргасан бол иргэд, сонгогчдоосоо уучлалт хүсдэг ганцхан заалтыг оруулья гэж бид үйлээ үзэж байгаа.
-Ес зүйн байнгын хороо одоо бэлэг тэмдэг төдий байгаа гэж ойлгож болох уу?
-Угаасаа тийм байгаа юм чинь.