Цар тахалтай холбоотой онлайн залилан нэмэгдсэн гэж мөрдөн байцаах албанаас мэдээлсэн. Энэ төрлийн гэмт хэрэгт мөнгөн дүнгээс үл хамааран хариуцлага хүлээлгэх, мэдэгдэх шаардлагатай юм байна. Тэгвэл онлайнаар бараа бүтээгдэхүүн захиалаад хохирсон иргэнтэй холбогдлоо.
Та ямар газраас бүтээгдэхүүн худалдаж авсан бэ?
Би интернетээс “Содон бараа” гэсэн хаяг нэлээн олон төрлийн хувцасны сонголттой зурагнуудыг оруулж байсан учраас тэрийг хараад кет захиалсан. Онлайн захиалгынхаа хүнтэй утсас болон чатаар давхар холбогдоод захиалсан кетийнхээ төлбөрийн 50 хувийг явуулсан. 7-14 хоногийн бараа ирнэ гэж анх хэлсэн. Тэгээд 14 хоногийн дараа бараа ирчихлээ үлдэгдэл төлбөрөө шилжүүлнэ үү гэхээр нь мөнгөө шилжүүлсэн. Хоёр хүний утасны дугаар өгөөд түгээлтийн хийдэг. Маргааш орой гэхэд хүргээд өгчих байх гэсэн. Би өөрөө хөдөө орон нутагт байдаг болохоор хотод байдаг тосож авах боломжтой хүнийхээ дугаарыг өгсөн. Яриад л энд тэнд явж байна хоёр цагийн дараа очих байх гэсэн. Би ч ажилтай байсан болохор марчихсан. Тэгээд маргааш өглөө нь асуусан чинь ирээгүй, залгаагүй гээд дахиад нөгөө дугаар руугаа залгасан чинь түгжрэлээс болоод амжсангүй ээ гэлээ. Одоо яг хүргэж өглөө гээд нөгөө хоёр хүргэлтийн дугаар, өөрийнх нь дугаар бүгд намайг блок хийсэн. Фэйсбүүкийн чатандаа хүртэл блоклосон.
Та бараа бүтээгдэхүүн захиалахдаа тухайн сошаил хаягаа хэр сайн судалсан бэ? Бусад хүмүүс бараа бүтээгдэхүүн хүлээж авлаа гэсэн сэтгэгдэл байсан уу?
Нээх судлаагүй. Өмнө нь бас ганц нэг онлайн захиалгаар юм авч байсан болохоор тэгнэ гэж санаанд ороогүй. Хөөцөлдөөд цагдаагаар явах чинь кетийнхээ үнээс илүү зардал болоод явна. Бөөн чирэгдэл, асуудал болно гээд л хаясан даа.
Энэ талаар "2020 онд цахим төрлийн залилах гэмт хэрэг улсын хэмжээнд 765 бүртгэгдсэн байдаг. 2021 он гарснаас хойш 8 сарын байдлаар энэ тоо 776 болсон байгаа. Тэгэхээр он дуустал өсөх магадлалтай. Шинээр хэрэгжсэн хуулинд хохирлын хэмжээ шаарддаггүй. Юу гэсэн үг вэ гэхээр 10, 20, 50, 100 мянган төгрөг ер нь хэдэн ч төгрөг шилжүүлээд алдсан нь хамаагүй үнийн дүнгээс үл хамааран энэ нь залилах гэмт хэрэг. Тэгэхээр иргэд бага үнийн 10, 20, 50 мянган төгрөг гээд орхиж байгаа тохиолдлууд гарч байгаа. Үүнийг ингээд орхилгүйгээр цагдаагийн байгууллагад мэдэгдэж тухайн этгээдийг яаралтай олж тогтооход мөрдөн шалгах ажиллагаанд нэмэртэй байдаг" гэж Мөрдөн байцаах албаны залилах гэмт хэргийн мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ц.Отгонням хэллээ.
Цаашид иргэд та бүхэн бараа бүтээгдэхүүн худалдан авалт хийх гэж буй цахим хуудас (website)-аа мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, найдвартай эсэхийг сайтар нягтлаарай. Сүүлийн үед бусдын нэрийг барьж, хуурамч хаяг нээн хэрэглэгчдийг хуурах тохиолдол элбэг болсон. Тиймээс худалдан авалтаа баталгаажуулахаас өмнө тухайн цахим хуудсын талаарх мэдээллийг цуглуулах нь кибер гэмт хэргээс сэргийлэх эхний алхам юм шүү.
Төлбөрийн аюулгүй байдлаа хянах
Цахим хуудасны найдвартай байдлыг шалгахаас гадна төлбөр, тооцооны аюулгүй байдалд анхаарах нь зүйтэй юм. Хэрэглэгчид худалдан авалт хийх бүрдээ өөрсдийн картын мэдээллийг оруулах нь тийм ч тохиромжтой үйлдэл биш. Учир нь, худалдан авалт хийсэн онлайн дэлгүүрт таны картын мэдээлэл хадгалагдсан байдаг. Түүнээс гадна аливаа асуудал үүссэн тохиолдолд мөнгөө буцааж нэхэмжлэх эсвэл төлбөрийн баримтаа авахад хүндрэл үүсэх эрсдэлээс сэргийлж, урьдчилан лавлаж асуухаа мартуузай.
Хүргэлтийн үйлчилгээнд анхаарах
Цахим худалдааны гол онцлог нь хэрэглэгч дэлхийн хаанаас ч, хэзээ ч бараа бүтээгдэхүүнээ захиалан авах боломжтой. Энэ нь маш том давуу тал боловч бид хүргэлтийн үйлчилгээг зайлшгүй харгалзан судлах шаардлагатай. Ихэнх онлайн дэлгүүрүүд бараагаа тодорхой хугацааны дараа таны гарт хүргэж өгдөг. Ингэхдээ буруу хаягаар очих, замдаа төөрөх, хугацаанаасаа хожимдох зэрэг олон эрсдэл үүсэх магадлалтай. Тиймээс хэрэглэгч захиалсан барааныхаа хүргэлтийн үйл явц, аюулгүй байдалд санаа тавьж, хаяг болон хугацаагаа сайтар нягтлаарай.
Хүргэлтийн үйлчилгээнд анхаарах
Цахим худалдааны гол онцлог нь хэрэглэгч дэлхийн хаанаас ч, хэзээ ч бараа бүтээгдэхүүнээ захиалан авах боломжтой. Энэ нь маш том давуу тал боловч бид хүргэлтийн үйлчилгээг зайлшгүй харгалзан судлах шаардлагатай. Ихэнх онлайн дэлгүүрүүд бараагаа тодорхой хугацааны дараа таны гарт хүргэж өгдөг. Ингэхдээ буруу хаягаар очих, замдаа төөрөх, хугацаанаасаа хожимдох зэрэг олон эрсдэл үүсэх магадлалтай. Тиймээс хэрэглэгч захиалсан барааныхаа хүргэлтийн үйл явц, аюулгүй байдалд санаа тавьж, хаяг болон хугацаагаа сайтар нягтлаарай.
Буцааж болох эсэхийг урьдчилж тодруулах
Та худалдан авсан бараагаа буцаах тохиолдолд хэнд, хэрхэн хандах, нэмэлт шимтгэл төлөх эсэхээ урьдчилж мэдэх нь чухал юм шүү. Зарим тохиолдолд аливаа бараа хүргэлт болон буцаалтын явцад замдаа эвдэрч, гэмтэх нь ч бий. Тиймээс нөхөн төлбөр болон буцаах тээвэрлэлтийн зардлын талаар нарийвчлан судлаарай.
Хэрэглэгчийн сэтгэгдлийг унших
Худалдан авагчид хамгийн найдвартай, найрсаг харилцаатай, баталгаатай онлайн дэлгүүрээр үйлчлүүлэхийг хүсэх нь тодорхой. Тиймээс хэд хэдэн цахим хуудасны үйлчилгээг харьцуулан судалсны эцэст сонголтоо хийх нь зүйтэй. Юун түрүүнд өмнөх хэрэглэгчдийн сэтгэгдлийг унших нь хамгийн эхний чухал алхам юм. Ингэхдээ тухайн сэтгэгдлүүд жинхэнэ, хуурамч эсэхийг нягталж, ямар хаягаас юу бичсэн байгааг орж хараарай. Хэрэглэгчдийн сэтгэл ханамж нь онлайн дэлгүүрийн маркетингийн чухал хэсэг юм шүү.