Лантуун дохио ТББ болон "Пластик центр", "Өнгө нэм" байгууллагууд хамтран Баянзүрх дүүргийн 12-р хороонд хог хаягдлыг дахин боловсруулж тоглоомыг талбай барьж байна. Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлж хог хаягдлын дахин ашиглаж нийгэмдээ бүтээн байгуулалт хийж буй эдгээр байгууллагуудын хувьд хог хаягдал олох нь өөрөө асуудал болоод байгаа юм. Учир нь хогоо ялгаж ангилаад хандивлах иргэд байгаа ч ангилахгүй иргэд нь илүү их байна гэлээ. Эдгээр байгууллагуудын хувьд хүйтний эрч чангарахаас өмнө ажлаа дуусгахаар зорин ажиллаж байна.
Энэ талаар төслийг гүйцэтгэж буй “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн У.Ганбаяраас тодруулахад “Пластик центр дээр цуглардаг гялгар уутны түүхий эдийг “Өнгө нэм”, “Лантуун дохио” хоёр хамтарч цуглуулаад эргээд “Пластик центр”-ээс түүхий эддээ гаргадаг төсвийг хүүхдийн тоглоомын талбайн төсөв рүү төвлөрүүлж байна. Хүүхдийн аюулгүй орчин бол яах аргагүй чухал. Хүүхдүүдэд хөгжиж, сурч боловсрохоос гадна тайван амгалан, хамгаалагдсан тухтай орчин чухал байдаг. Гэр хорооллын дунд хүүхдэд зориулсан тоглоомын талбайнууд сүүлийн жилүүдэд харьцангуй баригдаж байна. Гэхдээ дутмаг байсаар л байна. Тэгэхээр яг энэ дутмаг байгаа нөхцөлд боломжтой жишиг тоглоомыг талбайг гялгар уутыг ашиглаад бүтээж болдог шүү. Хог хаягдал ийм үнэ цэнэтэй. Ангилбал баялаг болно гэдэг утгаараа өөрсдийн хийж буй ажлаараа харуулж байна. Тэгэхээр бид хогийг ч, хүчирхийллийг ч “ЗҮГЭЭР БИТГИЙ ХАЯ” гэдэг агуулгын хүрээнд ажиллаж байна.
Гялгар уут цуглуулах ажил амар ажил биш байна. Иргэдийн оролцоо маш чухал. Зарим иргэд өөрсдөө ангилаад, цэвэрлээд аваад ирдэг. ААН байгууллагууд үйлдвэрлэл дээр гардаг гялгар уутаа бөөн бөөнөөр нь цуглуулаад хандивлах гээд ер нь хүн бүхний оролцоотой байж бүтэх ажил. Хог хаягдал гэдэг харахад их байдаг хэрнээ цагаа тулахаар их хэмжээгээр олддоггүй юм байна. 10 сарын 15 гэхэд бүтээн байгуулалтын ажлаа дуусгахаар зорин ажиллаж байна. Энэ төслийг гурван байгууллага маань урт хугацаандаа хэрэгжүүлнэ гэж харж байгаа. Тэгэхээр ядаж жилдээ нэг удаа энэ бүтээн байгуулалтуудыг хийгээд явъя гэсэн бодолтой байна” гэж ярилаа.
Харин “Өнгө нэм” ТББ-ын тэргүүн Н.Амгалан-Эрдэнэ “Хог хаягдал, орчны бохирдол, хүүхдэд ээлгүй орчин гэсэн гурван том асуудал бидний дунд байгаа. Тэгэхээр энэ асуудалд бид хувь нэмэр оруулахаар гурван байгууллага маань хамтраад ажиллаж байна. Пластик центр компанийн хувьд гялгар уутыг дахин боловсруулаад 100 хувийн битүүмжтэй нүхэн жорлонгийн доторлогоо хийдэг компани. Хувь хүн, иргэний хувьд та өөрийн хэрэглээд үлдсэн гялгар уутаа цуглуулаад сүлжээ дэлгүүрүүдэд байрлуулсан “Зүби” саванд хийхэд манай аянд шууд нэгдэнэ гэсэн үг. ААН байгууллагууд манай аянд нэгдэхдээ өөрсдийн бараа бүтээгдэхүүний сав баглаа боодлын гялгар уутнуудаа цуглуулаад манай аяны хүрээнд тээвэрлэлт хийлгээд аянд маань хувь нэмрээ оруулах боломжтой” гэлээ.
Тоглоомын талбайн дэргэдэх хуучин нүхэн жорлонг сольж оронд нь дотор талыг гялгар уутыг дахин боловсруулж хийсэн, бохирдлыг хөрсөнд нэвчихээс сэргийлсэн нүхэн жорлонг суурилуулсан байв. Энэ төсөл цаашид 3-5 жилийн хугацаанд үргэлжилнэ. Иймээс иргэд та бүхэн энэ хугацаанд хогоо ангилж хэвших юм бол цаашид илүү олон тоглоомын талбайг гэр хороололд барих боломж бүрдэж байгаа юм.