БИЗНЕС ӨРӨГ нэвтрүүлэг ээлжит дугаараараа тун удахгүй Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаа гаргах гэж байгаа Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруултай ярилцлаа.
Богд банк сүүлийн гурван жилд ашгийн үзүүлэлтээ жил бүр хоёр дахин нэмж чаджээ
Арилжааны банкуудын эзэмшлийн төвлөрлийг задалж, олон нийтийнх болгох хууль өнгөрсөн хавар батлагдсанаас хойш хамгийн түрүүнд Богд банк Монголын хөрөнгийн бирж дээр IPO гаргахаа зарлалаа. Хамгийн түрүүнд гарч байгаа нь илүү боломжийг олж авна гэсэн таамаг бий. Хувьцаагаа нээлттэйгээр санал болгох ажлаа их богино хугацаанд амжууллаа?
IPO-ийн хувьд бид олон нийтийн компани болъё гэж хууль батлагдахаас ч өмнө шийдчихсэн байсан. Богд банк байгуулагдаад зургаан жил гаруй болж байна. Тэр үеэсээ л бид олон нийтийн компани болох ёстой юм байна гэж зорилго тавьсан. Тэгж байж л цар хүрээгээ тэлэх, харилцагч нартаа илүү их өгөөж өгөх, илүү олон харилцагчдын баазыг бүрдүүлэх боломжтой. Анхнаасаа бэлдээд явж байсан болохоор дотоод дүрэм журам, компанийн засаглал, санхүүгийн тайлан зэрэг бэлтгэл ажлыг хангах гайгүй байлаа. Бусад банкууд бараг шахалтаар нээлттэй болох гэж байгаа.
Монголын хөрөнгийн бирж идэвхжиж, олон компаниуд IPO хийж хувьцаанд итгэх итгэл сэргэж байна. Хөрөнгийн бирж дээр нээлттэй компани гээд ноогдол ашиг тараадаг эсэх нь тодорхойгүй, ёс төдий компаниуд бий. Одоо ч гэсэн IPO хийж байгаа компаниуд хувьцаагаа гаргахаасаа өмнө том компаниудтай тохирчихсон байдаг, жижиг хувьцаа эзэмшигчдэд боломж олгодоггүй гэж шүүмжлэл их өрнөдөг?
Бид IPO -өө зарласны долоо хоногийн дараагаас л саналууд ирж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар бид босгох гэж байгаа мөнгөнөөсөө хэд дахин их хэмжээний санал авсан байна.
Мэдээж орж ирсэн саналуудаа хуваарилаад өгөх амархан. Гэхдээ бидний зорилго бол аль болох олон хүнд хувьцаагаа хүргэе, жижиг хувьцаа эзэмшигчдийг оруулж ирэх. Хөрөнгийн зах зээлд чанартай компани орж ирж байж өрсөлдөөн үүснэ. Чанартай компаниудын нэг жишээ бол манай банк мөн гэж хэлж чадна. Банк зохицуулалттай зах зээлд үйл ажиллагаа явуулдаг. Ил тод, ёс зүй өндөр, соёлтой, дотоод засаглалаараа сайн. Бид банкны уламжлалт системээр бус илүү дэвшилтэт байдлаар ажилладаг. Тиймдээ ч олон нийтийн өмч байдлаар, санхүүгийн үйлчилгээ хүссэн бүх харилцагчдад хүрч чадах институцийн соёлоор ажиллаж байна. Оюутан залуус ч 20 мянган төгрөгөөр ч гэсэн хувьцаа авах боломжтой.
Саяхан крипто зах зээл дээр шинэ трэндүүд бий болж, гүйлгээ болон эргэлдэж байгаа тоог харахад хөрөнгийн биржээс хамаагүй өндөр байна. Тэнд маш их арилжаа хийж байна. Гол нь крипто бирж дээр арилжаа хийхэд койноо зарж борлуулахад хялбар, цаг хэмнэдэг, жижиг хувьцаа эзэмших боломжтой, гүйлгээний дүнгээс бага шимтгэл авдаг зэрэг нь татах гол хөшүүрэг болж байгаа. Монголын хөрөнгийн биржийг идэвхжүүлэх, өрсөлдөхүйц болгох ямар боломж байгаа вэ?
Санхүүгийн зах зээлд шинэ шинэ технологийн шийдлүүд нэвтэрч, маш хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад зардал сайн буурч байна. Одоо манай хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржийг харахад нэг арилжаа хийхэд санхүүгийн зохицуулах хорооны шимтгэл, биржийн шимтгэл байна. Дээр нь үнэт цаасны брокерын шимтгэл байна. Дээр нь төлбөр тооцооны хадгаламжийн компанид гээд таван компанид шимтгэл төлдөг юм.
Таван компанийн шимтгэл нийлээд хамгийн багадаа 0,8-1,5 хувийн шимтгэл болж байгаа юм. Тэгэхээр нэг хувьцаа аваад л нөгөө үнээрээ зарахад гурван хувийн алдагдал хүлээнэ гэсэн үг. Энэ бол урт хугацаандаа тогтвортой бизнес биш. Хөрөнгийн биржийг бизнес гэж үзэхэд энэ өөрчлөгдөх ёстой. Зардлын хувийг багасгах хэрэгтэй. Явж явж зардал бүр 0.1 хувьд хүрч байж бодит зах зээл рүүгээ орж, сонирхлыг татна гэсэн үг. Дагаад хөрвөх чадвар нэмэгдэнэ гэсэн үг. Хэрэв шимтгэл нь багасчих юм бол хүмүүс нэг арилжаанд ороод гурван хувь алдана гэж санаа зовохгүйгээр хэд хэдэн удаа арилжаа хийчихнэ шүү дээ. Гүйлгээний тоо ихэснэ. Нөгөө талаараа хөрөнгийн зах зээл, арилжаа хөрвөх чадвар өндөр байхаар олон тоглогчид орж ирнэ. Гаднын хөрөнгө оруулагчид ч ирнэ. Жинхэнэ мөнгөний урсгал орж ирнэ. Крипто зах зээл яагаад сонирхолтой байна вэ гэхээр энэ асуудлыг л шийдчихсэн гэсэн үг. Маш энгийн аргаар маш шимтгэл багатайгаар дундын брокер, олон зуучлагчгүйгээр тухайн бирж дээр дансаа нээгээд л, өөрийнхөө банкны дансаа холбоод л арилжаанд орчихдог. Тэгэхээр энэ зорилго руу манай хөрөнгийн зах зээлийнхэн ажиллах ёстой.
Нөгөө талаар бид хөрөнгийн зах зээлийг дэмжихийн тулд өөрсдөө бас банкныхаа хувьд зөвхөн хувьцаа гаргах биш арилжааны хөрвөх чадварыг нэмэгдүүлэх үүднээс арилжаан дээр зээл олгох ч юм уу, богино хугацаанд арилжаа хийх боломжууд дээр зээл олгодог байх хэрэгтэй.
Зах зээл дээр юу ажиглагдаад байна вэ гэхээр илүү шинэ технологийн чиглэлийг нэвтрүүлдэг, инновацлаг компаниудыг зах зээл илүү өндрөөр үнэлж байна.
Банкны хувьцаа эзэмшиж, хөрөнгө оруулах гэж байгаа тохиолдолд ямар гурван гол хүчин зүйлийг харгалзаж үзэх хэрэгтэй вэ?
Тухайн компани юм уу банканд хөрөнгө оруулахдаа гол харах зүйл нь
Нэгдүгээрт санхүүгийн үзүүлэлтүүд:
- Тухайн банкны ашигтай ажиллагаа хэр зэрэг байна.
- Жилд хэдэн хувийн өсөлт үзүүлж байна.
- Чанаргүй зээл нь хэдэн хувийг эзэлж байна. Энэ гурван үзүүлэлтүүдээс цаад компанийн засаглал нь ямар байна гэдгийг шууд харуулчхаж байгаа юм.
Хоёрдугаарт, тухайн банкыг үйл ажиллагааг нь явуулж байгаа баг, гүйцэтгэх удирдлага хэн бэ гэдгийг харах хэрэгтэй. Бизнесийн ёс зүй нь харагдана.
Гуравдугаарт, байгууллагын алсын хараа, ойрын зорилгыг нь харах нь чухал. Уламжлалт банкны аргаар ажиллавал хэр зэрэг өсөх билээ, уламжлалт бус шинэ технологи дээр суурилсан аргаар явж байна уу гэж харвал зүгээр.
Банкууд зардал өндөр байгаа учраас зээлийн хүүгээ өндөр тогтоодог гэж ярьдаг. Зардлыг технологи нэвтрүүлж шийдэж байгаа олон жишээг би банкан дээрээ дурдаж болно. Манай банк зардлаа багасгахын тулд ATM машинуудыг олноор оруулж ирж тавьдаггүй. Дөрөв, тавхан л ATM машин байгаа. Харилцагчаа сая таван зуугаас арав хүртэлх сая төгрөгийн данс манайд нээвэл бусад банкны ATM-ээс бэлэн мөнгө авахад тэр зардлыг чинь бид төлчихье гэсэн үйлчилгээ нэвтрүүлж ажиллаж байна. 40-50 сая төгрөгийн ATM –ийн зардал гаргаж байснаас энэ зардлаа апп-аа хөгжүүлж хэрэглэгчдэд хялбар болгох хэрэгтэй юм.
Ярилцлагын дэлгэрэнгүйг дээрх линкээр үзнэ үү.