1990-ээд онд л иргэд сүү авахаар дугаарлаж байсан дүр төрхийг түүх болон үлдсэн гэрэл зургаас бид харж болно. Тэгвэл цар тахалтай нүүр тулснаас хойш иргэд шинжилгээ өгөх, нөөцийн мөх авах, шатахуун авах гэж хонон өнжин дугаарлах болсон. Харин өнгөрсөн өдрүүдэд шахмал түлштэй золгох гэсэн иргэд түлш борлуулдаг цэгийн гадаа ажил, албаа тасдан хэдэн цагаар дугаарлав.
Угтаа жил бүрийн намар хүйтний эрч чангарахад түлшний асуудал сөхөгддөг гэдгийг салбарын сайд байтугай Самбуу өвгөн ч андахгүй.
Хотын байруудын халаалт есдүгээр сарын 15-нд ирсэн. Харин гэр хорооллын иргэд аравдугаар сар гарч гадаа хасах градустай хонож байхад даарч, зутрахгүйн тулд олдоц муу байгаа түлшиндээ дугаарлах нь зүйн хэрэг.
“Дайнаа ирэхэд дариа нухна” гэгчээр цагийг нь тулгаж хийдэг энэ мэт асуудлыг салбарын сайд нь шийдэхийн оронд дулаан хонохоор түлш авахаар дугаарласан иргэдээ хомсдол үүсгэлээ гэх.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өчигдөр "Сүүлийн үед дараалал үүсэж байгаа шалтгаан бол борлуулалтын цэг цөөрсөнтэй холбоотой. Энэ жилийн хувьд түрээс, төлбөрийг 50 хувь хөнгөлсөнтэй холбоотой хэрэглээ өсөж байна. Сая есдүгээр сарын сүүл, аравдугаар сар гараад цочмог хүйтэрснээс хэрэглээ өслөө. 2021 оны долоодугаар сарын 1-нээс 2022 оны дөрөвдүгээр сарын 1-н хүртэл сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувийн хөнгөлөлт үргэлжилнэ. Иргэд шахмал түлшний хөнгөлөлт зохиомол хэрэглээг үүсгээд байна” гэдэг мэдээлэл хийв.
Уучлаарай Б.Тавинбэх сайдаа, иргэд чинь дулаан хонох гэж л дугаарлалт үүсгэсэн. Өнгөрсөн жил ч гэсэн сайжруулсан шахмал түлшийг хөнгөлөлттэй үнээр олгож байсан. Цаг, уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулан хөрсөн дээрээ цочир хүйтэрнэ гэдгийг ч мэдээлж байсан.
Салбар хоорондын уялдаагүй, нөөцөлсөн түлшээ борлуулалтад эрт гаргаагүй алдаагаа ард түмэн рүүгээ чихэх юм уу. Түлш борлуулах цэг цөөрснийг мэдэж байсан байж яагаад эртхэн арга хэмжээ авч болоогүй юм бэ. Нэг удаад иргэдэд долоо хоног хэрэглэх зургаа хүртэлх шуудай түлш өгдөг байсан бол өнгөрсөн өдрүүдэд хоёроос дээш тоогоор түлш өгөхгүй хязгаарлалт тогтоосонд ч иргэд бухимдалтай байсан. Түлш борлуулах цэгүүдээ эхнээс нь тогтвортой, бүрэн хүчээр нь ажиллуулж болдоггүй юм уу. Заавал хэл ам дагуулж, хомсдол үүсгэн байж нэмэх хэрэг юунд байна. Нэгэнт л төлөвлөсөн түлш борлуулах цэгүүдтэй ч нэг нэгээр нь нэмэх чинь иргэдэд хүртээмжгүй байна.
Асуудал үүсэх бүрд аргыг нь олоод шийдээд явахаасаа илүүтэй ард түмнээсээ өө хайдгаа хэзээ болих юм бэ дарга, сайд нараа.