Хүмүүс бид өдөр тутамдаа ямар нэгэн байдлаар стресст өртөж байдаг. Тэгвэл стресс гэж юу вэ? Хэрхэн стрессээ шийдэж болох арга замын талаар Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн их эмч, сэтгэл зүйч Ж.Гантулгатай ярилцлаа.
Стресс гэж чухам юу вэ?
Хүн биологийн амьтан. Ямар ч биологийн амьтанд илэрдэг амиа хамгаалах урвал хүнд ч илэрдэг. Тэгэхээр стрессийг хүний өөрийгөө хамгаалах зан үйл, хариу урвалын нэг хэлбэр ч гэж үзэж болох юм. Өөрөөр хэлбэл хүний өдөр тутмын болон амьдралын явцад тохиолдох олон янзын зүйлс, бэрхшээл, мэдээлэлд өгөх хүний бие махбодийн болон оюун санааны хариу үйлдэл гэж үзэж болно. Эерэг болон сөрөг стресс гэж бий. Мөн өөрөөс хамаардаг, хамаардаггүй стресс гэж байна. Тийм учраас огт ямар ч стрессгүй амьдарна гэж байхгүй. Харин эерэг сөрөг стрессийн баланс хэвийн байх нь чухал. Эерэг стресс нь их байх тусам сайн. Нийгэмд сөрөг стресс давамгайлаад байгаа нь стресс бол сөрөг л зүйл гэсэн ойлголтыг үүсгэчихээд байгаа.
Өөрөөс болон өөрөөс хамаарахгүй стресс гэж юу вэ?
Хандлагын тухай ойлголт одоо яригдана. Эерэг болон сөрөг хандлага. Замын түгжрэлийг чи бид хоёр яаж ч зохицуулж чадахгүй байна шүү дээ. Тийм учраас эерэгээр хандаж дасан зохицож хүлээж авах нь та стрессдэхгүй байх энгийн арга юм. Хүмүүс харсан үзсэн бүхэндээ өөнтөгч хандах нь буруу. Бусдыг ойлгох, уучлах сэтгэл хэрэгтэй. Амьдрал нь асуудал үүссэн хүн магадгүй гудамжинд явж байгаад чамтай таарч гэж бодъё. Ингэхдээ санаандгүй чам уруу муухай харсан мэт санагдах, чамайг шүргэх нөхцөл үүсч. Үүнд чи уурлах хэрэггүй юм. Асуудалтай яваа хүнийг чи дагаж уурлах хэрэг юу байна? Энэ бүхэн чиний сэтгэл зүй, эрүүл мэнд, санхүү, ажлын бүтээмжид муугаар нөлөөлнө. Хүн өөрийнхөө сэтгэлийг засч явах хэрэгтэй.
Стресстэй байгаагаа хэрхэн мэдэх вэ?
Ууртай болно. Сэтгэл зовно, сэтгэл санаа тогтворгүй болно. Эргэлзэнэ, өөртөө итгэлгүй болох, гэмших, гутрах, ганцаардах шинжүүдээр мэдэж болно. Бие махбодийн хувьд гарын алга хөлөрнө, даралт ихсэж зүрх дэлсэнэ, хүзүү нуруугаар хөшиж амархан ядарна, толгой өвдөх, хоолны дуршил буурах, нойр хулжих, амьсгал бачуурах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.
Удаан хугацаанд стресстэх нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?
Их стрессдэхээр нойргүйдэж эхэлдэг. Унтсан ч нойрноосоо ханамж авахаа больдог. Ингэснээр ажлын бүтээмж эрс буурч аливаа зүйлд төвлөрөхөө болино. Ингээд мэдрэл сульддаг. Үүнийгээ хүмүүс өөрийгөө залхуу болсон гэж андуурдаг. Гэх мэтчилэнгээр энгийн зүйлүүдэд түүртээд сэтгэл санаа нь тогтворгүй болоод удаан хугацаанд явахаар бие махбодид нөлөөлдөг гэж үздэг. Бидний ойлголтоор наад зах нь ходоодны шархлаа, цөсний чулуу үүсэх нөхцөл бүрдэнэ. Хорт хавдрын эрсдэлт шалтгаанд хүртэл стресс багтаж байна. Сөрөг стрессээс өөрийгөө хамгаалж, хурдан хугацаанд зөв тайлж хэвшээгүйгээс чанаргүй амьдрал үргэлжилж эхэлдэг.
Тайвшрах энгийн ямар арга байдаг вэ?
Тайвшрах энгийн дасгалд амьсгалын дасгал ордог. Гүнзгий амьсгалан гурван секундэд аваад, гурван секундэд бариад, гурван секундэд аажмаар гаргах. Энэ дасгалыг өглөө оройд болон бухимдсан үедээ хийж хэвших хэрэгтэй. Мөн бодлоо эерэг зүйлд төвлөрүүлэх. Эдгээр нь богино хугацаанд, тэр дороо өөрийгөө тайвшруулах арга гэж хэлж болно.
Хүмүүс ихэвчлэн стрессээ хэрхэн тайлдаг вэ?
-Судалгаа гэхээсээ илүү ажиглалтаар архи, пивоор стрессээ тайлж байгаа нь элбэг харагдаж байна. Тэр дундаа санаа зовоосон нэг асуудалд согтууруулах ундаа хэрэглэж сэтгэлээ засч стрессээ тайлж байгаа нөхцөл байдал түлхүү ажиглагдсан. Өнөөдөр архи согтууруулах ундаанд мансуураад сэтгэл зүйн асуудлаа мартагнаж болох ч маргааш нь асуудал улам бүр нэмэгдэнэ. Мэдээж стрессээ зөвөөр тайлж байгаа хүмүүсийг үгүйсгэж болохгүй. Ялангуяа сүүлийн үед зөв хандлага гарч байгаа нь сайшаалтай. Явган аялал, иог, фитнесс гэх мэт.
Мөнгөтэй холбоотой стресс их байдаг энэ талаар яривал?
-Эдийн засгийн хямрал бүх хүнд сөрөг үр дүн өгч байдаг. Ажил хийгээд авсан цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байна гэдэг стресс. Олон гэр бүл ийм асуудалтай байна гэдэг нийгэм стресстэй байх үндсэн шалтгаан болно. Үүнийг биднээс шалтгаалж байна эсвэл бусдаас шалтгаалж байна гэж хэлэхэд хэцүү. Нэг хүнд ноогдох орлогын хэмжээ нь өндөр улс орнуудын хүмүүсийн аз жаргалын индекс өндөр байдаг. Ингээд бодохоор улс орны бодлогын асуудал гэж хэлж болохоор. Гэхдээ л хүмүүс дор бүрнээ санхүүгийн боловсролтой байх нь гэр бүлээрээ сэтгэл зүйн хувьд тайван байх нэг нөхцөлийг бүрдүүлнэ.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн голлох шалтгаан юу вэ?
-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд стрессийн шалтгаант сэтгэцийн эрүүл мэндийн тасаг гэж бий. Манайхны нэрлэдэгээр архаг ядаргааны тасаг, бие болоод сэтгэл зүйн ядаргаанд орсон хүмүүс голдуу хэвтдэг. Энэ тасагт ихэвчлэн ажлын хэт ачаалал, дарамтанд орсон хүмүүс хэдэн зуугаараа дугаарлан хэвтэж эмчлүүлж байна. Манай эмнэлэгт физик, эмийн, сэтгэлзүйн гэсэн гурван эмчилгээ хийлгэдэг. Ихэнх нь ажил амралт байхгүй ажилласан гэдэг үндсэн ганц тайлбартай. Эмчилгээнд орчихоор хүмүүс нүд нь сэргээд л ирдэг. Гарахдаа одоо ч ажлыг маналзуулаад өгнө дөө гэдэг юм. Үнэндээ шууд л дайраад маналзуулаад эхэлж бас болдоггүй. Ажил амьдрал, эрүүл мэндээ зохицуулахгүй бол жилийн дараа эргээд л хэвтэх гээд хүрээд ирдэг юм.
Стресст өртөж буй хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна энэ талаар таны бодол?
Манай төвийн сүүлд хийсэн судалгаагаар стресстэй холбоотой эмгэг 1990 онтой харьцуулахад арав дахин нэмэгдсэн гэсэн тооцоо гарсан. Стресст орсон хүмүүс юманд хэт мэдрэг болчихдог. Энгийн үед анзаардаггүй гэрэл хурц санагдана, зурагтны дуу чимээнд түүртэнэ, унтсан ч амраагүй юм шиг сэрнэ. Хамгийн гол нь өчүүхэн төдий зүйл дээр уурлаж бухимдаж эхэлдэг. Хэт ачаалалтай хүмүүст шөнийн 12 цагаас хойш битгий ажиллаарай гэж зөвлөмөөр санагддаг. Шөнийн нойрыг 6-8 цаг авчихаад байхад ядрах мэдрэмж төрөхгүй. Хэвтэн эмчлүүлдэг хүмүүсээс хэзээ спортоор хичээллэж байсан бэ гэж асуухаар арван жилийн өмнө гэх нь энүүхэнд. Спортоор хичээллэнэ дээ гэж бодохоос илүүтэй төлөвлөх хэрэгтэй. Намайг дунд сургуульд сурч байхад хүүхдүүд хичээлээ хийгээд олон цаг суулаа, нойргүй хонолоо гэвэл ямар мундаг юм бэ гэж боддог байлаа. Харин одоо эсрэгээрээ. Өдөртөө багтааж ажлаа хийж чадаагүй цагийн менежмент муутай нэгэн байна даа л гэж дүгнэнэ. Хөндлөнгөөс харсан хүн ингэж л болохгүй юм шүү гэж бодох жишээний. Ажлын байран дээр ч адилхан ингэж стресс, хэт ачаалал авахгүйн тулд цагийн менежментээ сайн хийж сурах хэрэгтэй.
Спортоор хичээллэснээр стресст өртөх магадлалыг бууруулдаг гэсэн энэ үнэн үү?
Хүний оюуны бүтээмж бие махбодитой салшгүй холбоотой учраас спортоор хичээллэх нь стрессээс ангижрах тустай. Спортоор хичээллэдэг хүн сэтгэцийн эмгэгт өртөх магадлал бага байдаг. Хүн гүйж харайж байхдаа ядардаг ч оюун санаагаа маш сайн амрааж чаддаг. Нэгэнт өөрийгөө сэргээх аргаа мэдчихсэн бол долоо хоног тутмын төлөвлөгөөндөө түүнийгээ оруулчих хэрэгтэй. Хүмүүсийг өөртөө цаг зарцуул, спортоор хичээллэ гэхээр дэндүү олон босгыг өөртөө тавьчихдаг. Гүйлтийн сайн пүүз авна, үнэтэй фитнес төвд явна гэсээр хойшлуулдаг. Уг нь шийдвэр гаргаад өөрт ойрхон фитнес төвөөрөө үйлчлүүлэхэд л болно. Хүний амьдралыг хоолны жор гээд төсөөлье л дөө. Тэгвэл тэр олон жор болох спорт, ном, аялал, хоббиноос хүн хүссэнээрээ сонгож амьдралаа сонирхолтой болгож болно. Эсвэл цэвэр агаарт гарч байгалийн сайхныг мэдэрч алхан найз нөхөдтэйгээ ярилцаж болно. Энэ мэтээр өөрөө өөртөө сонирхолтой хэлбэрээр цаг гарга. Толгойгоороо дүүрэн “тэгэх юмсан” гэсэн бодлоор амьдралаа өнгөрөөхөд цаг хугацаа хайран. Шинэ ном авсан хүний 70 хувь нь эхний 15 хуудсыг л уншдаг гэсэн судалгаа байдаг. Шалтгаан нь энгийн, унших цаг хугацаа алга гэдэг. Тэгвэл яагаад банкинд дугаарлаж суухдаа уншина гээд номоо цүнхэлчихэж болно шүү дээ.
Ер нь стрессийг хэрхэн даван туулах вэ?
Хүн унтах цагтаа унтаж, зөв хооллож, сэтгэлээ нээж ярилцах хэрэгтэй. Ходоодны хэрэгцээ хоол, харин сэтгэл зүйн хэрэгцээ ярих. Дотроо уур бухимдал, дургүйцэл, элдэв сэтгэл хөдлөлөө хадгалахгүйгээр нээлттэй сайхан ярилцах нь чухал байдаг. Тийм учраас хүмүүс хов базаж суулаа гэж ярьдаг. Энэ нь заавал хэн нэгнээ муулахаас илүүтэй сэтгэл санаагаа уудлах нэг хэлбэр. Магадгүй тухайн асуудлаар ярилцах боломжгүй бол бас нэг арга санал болгомоор байна. Та цаас аваад сэтгэлдээ байгаа бүх таагүй дурсамжаа бичээд үзээрэй. Гомдож яваа хүн тань таны бичсэн үгсийг олж харахгүй учраас айж ичилгүйгээр сэтгэл дотроо онгойлгон бич. Таагүй зүйлс бичсэн тэр цаасаа шатаах эсвэл урах арга хүнийг маш сайн тайвруулдаг. Хүнтэй ярилцсан мэт дотор онгойлгох шидтэй. Магадгүй хэсэг хугацааны дараа асуудал гарч ирвэл мөн л энэ аргаа хэрэглэж болно. Сонирхолтой нэг судалгаа хэлэхэд бүжгийн спортоор хичээллэх болон бүжиглэж стрессээ тайлах нь хамгийн таатай гэж үздэг байна. Яагаад гэвэл бүжиг нь оюун санаа болон биеийг стрессээс чөлөөлж байдаг байна. Энгийнээр бол стресс гэдэг бол булчингууд их чангарч, хүчдэлийн байдал байгаа үзэгдэл. Үүнийг бүжиг суллаж тайвшруулдаг.
Эцэст нь та уншигчидад хандаж юу гэж зөвлөх вэ?
-Хүн нэг минут хямраад эргэж тайван байдалд орохын тулд 20 минут зарцуулдаг. Тиймээс аливаа зүйлийг сайн сайхнаар хүлээж авч сурах хэрэгтэй. Бүгдийг шүүмжлээд байвал та өөрөө л зовох болно. Мөн өөрөөс чинь шалтгаалахгүй хүндхэн нөхцөлд дасан зохицох хэрэгтэй. Гэх мэтийн сэтгэлээ засах, барих арга барилыг эзэмших нь та, таны гэр бүл, эргэн тойронд чинь сайн сайхныг л авчирна. Стрессдсэн хүний ажлын бүтээмж муудаж, эргэн тойрныхонтойгоо эв учраа ололцохдоо муу болдог. Өөрийн зүгээс шалтгаалах дээрх энгийн зүйлсийг хийснээр стресс гэж зүйлийг та мэдрэхгүй, тайван амгалан амьдрах боломжтой гэж зөвлөмөөр байна.