Гэрийн тэжээвэр амьтан болон гудамжны нохой, муурын эрх хэрхэн зөрчигдөж байгааг харуулсан зургийн үзэсгэлэн боллоо. Ерөнхийдөө Монгол улс 120 жилийн турш нохойг буудаж устгаж байгаа. Нэг нохойг 12 мянган төгрөгөөр буудаж устгадаг. Гэсэн ч нохой муурын тоо нэмэгдсээр байгаа юм. Тэгэхээр энэ асуудалд Тэжээвэр амьтны эрхийн төлөө сан болон "Азтай Савар" ТББ хамтраад Монгол улсад амьтны эрхийг хамгаалах хуулийн төслийг санаачлан танилцуулж байна.
Энэ талаар "Гаднын оронд эзэнгүй нохой муурыг түр байлгадаг байр байдаг. Тэр нь өөрөө хуулийн зохицуулалттай учраас зохион байгуулалттай байдаг гэсэн үг. Гэтэл манай Монголд хууль байхгүйн улмаас амьтан түр байлгах байр байгуулах боломж байдаггүй. Эрхийг нь хамгаалсан байгууллагууд албан ёсоор үйл ажиллагаагаа явуулах боломж байхгүй. Гэрийн тэжээвэр амьтныг хариуцсан ямар нэгэн улсын нэгж газар, агентлаг юу ч байхгүй. Аль нэг яаманд харьяалагддаггүй. Энэ нь өөрөө тодорхойгүй байдлыг үүсгээд байна. Жил бүр нохой муурын үржил хаах зохицуулалтыг хийгээгүйгээс болоод нохой, муур гудманд төрж л байдаг. Том болоод буудуулна, дахиад төрж л байдаг буудуулж л байдаг. Нөгөө талдаа Нийслэлийн хэмжээнд гэхэд л нэг жилд 1,5-1,8 тэрбумыг зөвхөн нохой устгахад зарцуулж байна гэдэг чинь тодорхой хэмжээнд ямар ч үргүй зардал гаргаж байна. Буудсан амьтдаа булаад хөрсний бохирдол үүсгээд байгаа юм. Эздийн хариуцлага байхгүйгээс болоод нохойд уруулах, тодорхойгүй эрүүгийн хэрэгт ч хамаарч болох зүйлс болоод тэр нь ямар ч зохицуулалтгүй байна. Тийм учраас энэ хууль маань хэрэгжиж амжилттай болсон тохиолдолд үүсээд байгаа хүнд нөхцөлүүдийг шийдвэрлэх, цаашдаа олон хүн амьтанд тустай тийм хууль болно гэж бодож байна" гэж “Тэжээвэр амьтан эрхийн төлөө сан”-ийн зохицуулагч Э.Бүжинлхам хэллээ.
Монгол улс эзэнгүй нохой, муурыг албан ёсоор бүртгэж тооллого хийдэггүй бөгөөд холбогдох албан тушаалтнуудын тойм тоонуудаас харахад нийслэлийн хэмжээнд 320 мянга орчим эзэнгүй нохой, муур байдаг гэсэн албан бус тоо бий. Буудаж устгасан нохойн сэг зэмийг шууд хөрсөнд булдгаас үүдэн тухайн газрын ойр орчмын хөрс бохирдож, гүний ус бохирдох, хорт хий агаарт тархах төрөл бүрийн амьтны халдварт өвчин хөрсөнд нэвчдэг байна.
"Амьтад амьдрах эрхтэй" хуулийн төслийн танилцуулгад УИХ гишүүн Б.Энхбаяр "Жишээлбэл би хувьдаа урьд өмнө нь энэ асуудлыг анхаарч байгаагүй. Би гэрийн тэжээвэр амьтан тэжээдэггүй. Муур, нохойтой хүмүүсийн л асуудал гэж хувьдаа бодож явдаг байсан. Тэгээд “Азтай савар” ТББ-ын залуучуудын хийсэн судалгааны үр дүнтэй танилцаад хуулийн эрх зүйн зохицуулалт шаардлагатай гэдэг үндэслэлийг сонсоод үүнийг шийдэх ёстой асуудал байна гэж үзсэн. Жилдээ 80, 90 мянган муур, нохойг устгаж байна гээд Улаанбаатар хотын төсвөөс хэдэн тэрбумыг гаргаад дийлэхээ больчихсон. Ийм олон хүндрэлтэй асуудлууд байгаа юм. Миний хувьд энэ асуудал руу орж хууль санаачилъя гэж байгаа юм" гэв.
Нэг нохойд үржил хязгаарлах мэс засал хийхэд нохойн хүйс, нас, биеийн жин, хээлтэй эсэх зэргээс шалтгаалан хэрэглэгдэхүүн болон бусад зардал гардаг. Хувийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдэд эр нохой 80-250 мянга төгрөг, эр нохой 150-400 мянган төгрөг болон түүнээс дээш байх тохиолдол байдаг. Үржил хаах мэс засад орсноор нохой дахин хээлтэх боломжгүй юм. Ингэснээр замбараагүй нохойн үржил, тоо толгой буурах жил бүр гаргадаг үргүй зардал ч багасаж нохойш буудаж устгадаг харгислалыг зогсоох боломжтой юм.
"Устгалын тал дээр сумны асуудал хүндрэлтэй. Устгаж байгаа гол багаж зэвсэг хэрэглэл байж байдаг. Тэгэхээр сум сүүлийн жилүүдэд маш өндөр үнэтэй болчихсон. Нохой устгах үйл ажиллагаанд нэлээн хүндрэл учирлаа гэдгийг устгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүс хэлж байна. Нөгөө талаас шашин шүтлэг гэдэг юм уу хүмүүсийн бодол ухамсар талаасаа нохойг устгаж байгаа хүмүүс энэ ажлаа орхих үзэгдлүүд ажиглагдаж байна. нохойг бид бүртгэлжүүлэх ёстой юм байна. Үржлийг хязгаарлах ажиллагааг бид маш сайн хийх ёстой. Нохой тэжээгч эздийг мэдээллээр хангах, мэдлэгжүүлэх, ухамсартай, ойлголттой болгох ёстой юм байна. Эдгээрийг зохицуулсан хууль эрх зүйн хариуцлага хүлээлгэх зохицуулах журамтай болох ёстой юм байна гэдэг гол зорилт дээр төвлөрөөд ажиллаж байгаа" гэж Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны хог хаягдлын удирдлага зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун ярилаа.