Маргаашийн ЖДҮ форумд оролцож буй илтгэгчдийн хэлэлцүүлгээс…
Ковидийн дараа үүсч буй шинэ эдийн засаг болон бизнесийн нөхцөл байдал, хэрэглэгчийн зан төлөвт бизнесүүд хэрхэн дасан зохицож шинэ боломжийг нээх агуулгын хүрээнд ярилцлаа.
Илтгэгчид:
- Зангиа Портал ХХК-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Б.Түвшинтулга
- Аксиом Инк ХХК-ийн захирал, багш Б.Нандин-Эрдэнэ
- Best хөтөлбөрийн засаглал хариуцсан зохицуулагч П.Амармэнд
- НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга, стратегийн зөвлөх Ц.Оюунжаргал
- Интерактив БИАИ ХХК-ийн үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал Ч.Чимэддорж
- Хөх Үүр Тур ХХК үүсгэн байгуулагч Г.Чойжамц
ХЯМРАЛЫГ АШИГЛААД ӨСӨЛТ ХИЙХ БОЛОМЖТОЙ
Аксиом Инк ХХК-ийн захирал багш Б.Нандин-Эрдэнэ:
-Ковидтой нүүр тулаад хоёр жил болчихлоо. Ковидийн дараах хямрал гээд л хөөсрөөд байна. Хямралд хамгийн эхэнд өртдөг зардал бол маркетингийн зардал шүү дээ. Хямралын дараа шинэ нөхцөлд дасан зохицоход маркетингийн зардлаа хямарч байна гэсэн хандлагаасаа болоод танасан байх ёстой юу? Энэ асуудал дээр арга барил хэлэхгүй юу?
-Хямрал нь тухайн компани хэр үр ашигтай байгааг л шалгадаг. Нөгөө талдаа хямрал өөрөө өөрчлөлтийг шаарддаг. Энэ их хямрал сорилыг даваад гарсан компаниуд цаашид илүү хөгжих байх. Цохиулаад унаж байгаа байгууллагууд цаашид угаасаа хөгжих боломжгүй байсан гэж харж болно. Өөрөөр хэлбэл ковидийн нөхцөл байдал шалгалт болж байгаа гэсэн үг.
Мөн энэ цар тахлын үе бидний өөрчлөлтийг хурдасгаж байгаа болохоос биш шалтгаан болж байгаа гэхэд хэцүү. Дижитал шилжилт гэдэг зүйлийг компаниуд хийх л ёстой байсан. Магадгүй арван жилийн дараа хийгдэх байсан үйл явцыг хоёр жил болгож хурдасгасан. Боловсролын салбарт гэхэд л анх интернет үүссэн цагаас эхлээд боловсрол интернет дээр суурилах ёстой гээд л ярьдаг байсан. Хэн ч хийгээгүй. Үүнийг өнөөгийн нөхцөл байдал хийж байна гэсэн үг.
Маркетингийн зардлын хувьд зарим компаниуд илүү хямралыг ашиглаад өсөлт хийж болно. Жишээ нь цахим худалдааны платформууд маш сайн өсөлт хийгээд уламжлалт бизнесүүдийг гүйцэд түрүүлэх боломж гараад ирж байна шүү дээ.