Засгийн газрын тэтгэлэг гэнэт зогссон нь хүсэл мөрөөдөл дүүрэн өдөр шөнөгүй хичээлээ давтаад дэлхийн топ гэгдэх их сургуулиудад тэнцсэн хүүхдүүдэд ямар хохирол учруулсан талаар, гадагшаа сурахаар төлөвлөж буй ХҮМҮҮС юун дээр анхаарах зөвлөгөөг АНУ-ын Калифорнийн Берклигийн Их Сургуулийн оюутан Б.Долгормаатай ярилцаж, тодрууллаа.
Сайн байна уу? Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Сайн байна уу? Намайг Басбаярын Долгормаа гэдэг. АНУ-ын “University of California Berkeley” их сургуулийн нэгдүгээр курсэд сурдаг. Миний одоогийн сурч байгаа их сургууль Калифорни мужийн их сургуулиудын “Berkeley” дэх салбар сургууль юм.
Одоо ямар сургуульд, ямар мэргэжлээр сурч байгаа вэ?
Манай сургуулийн алдартай мэргэжлүүд гэвэл компьютерын шинжлэх ухаан, инженерийн мэргэжлүүд байдаг. Тийм ч утгаараа компьютерын шинжлэх ухаан болон нийгмийн эрүүл мэнд гэсэн мэргэжлээр хосолсон байдлаар сурдаг. Америкийн сургуулиудын нэг зүйл нь заавал нэгдүгээр курсээсээ ямар нэг мэргэжлээр сурсан байх ёстойгоо мэдсэн байх албагүй. Тийм болохоор одоогоор энэ хоёр мэргэжлээр сурахаар шийдсэн. Манай сургууль 1868 онд үүсгэн байгуулагдсан. Калифорни мужийн улсын сургуулиудаас хамгийн анх үүсгэн байгуулагдсан сургууль. Саяхан FORBES-ээс гаргасан АНУ-ын их сургуулиудын нэгт орсон. Дэлхийн номер нэг улсын сургууль гэж явдаг. Манай сургуультай 110 гаруй Нобелийн шагналтнууд холбоотой байдаг. Ерөнхийдөө манай сургуулийн оюутнууд хүссэн мэргэжлээрээ судалгаа шинжилгээ хийх боломжтой.
Яагаад энэ мэргэжлийг сонгон суралцаж байна вэ? Таны мэргэжлийн давуу тал, онцлог нь юу вэ?
Эмч болно гэж боддог, мөрөөддөг байсан. Хоёр дахь сонирхсон мэргэжил минь компьютерын ухаан байсан. АНУ-ын нэг сонирхолтой зүйл нь бакалавраа үзэж төгсчхөөд түүний дараа анагаахын сургуульдаа өргөдлөө явуулаад дөрвөн жил сураад хоёр жил резидент эмч хийгээд нийтдээ 10 жил сурч байж эмч болдог. Компьютерын чиглэл ямар ч салбар уруу хувирах боломжтой. Компьютерын ухаан бол тухайн компьютерт юу хийхийг хүсэж байгаагаа команд өгөөд үр дүнг нь авч байгаа гэсэн үг. Энэ нь шинэ мэдээлэл, мэдлэг үүсгэж байдаг. Бидний өдөр тутмын амьдрал дахь ямар ч асуудлыг шийдэж болно. Мэргэжил сонголтдоо маш их эргэлзсэн. Багаасаа математик, шатар, логик, тооцоолол тоотой холбоотой зүйлд дуртай байсан учраас компьютерын чиглэлд ч мөн адил дуртай. Мэргэжлээ сонгохдоо өөрөөсөө би үүнийг хийх үнэхээр дуртай байна уу? Олон цаг хийгээд суухад ядрахгүй, дуртай байж чадах эсэхээ өөрөөсөө асуух хэрэгтэй санагдсан.
Хэлний онооноос эхлээд, ярилцлага гээд олон үе шатыг дамждаг байх. Ер нь бэлдэж байхдаа таны ойлгосон зүйл юу вэ?
Гадаадын их сургуулиудын өргөдлийн процессууд нь хүн болгонд өөр өөр байдаг. Миний явсан зам зарим хүмүүст таарахгүй байж магадгүй. Одоо хүртэл суралцаад явж байгаа учраас мэдэхгүй зүйлс ч мөн их байгаа. Гадаадад сурна гэдгээ мэддэг байсан. Сурна гэж их боддог. Тийм ч учраас их зүйл хийхийг хичээсэн. Америк, Канад, Английн их сургуулиудад өргөдлөө явуулахад зөвхөн Монголын залуучуудтайгаа биш тухайн улс болоод дэлхийн бүх хүүхдүүдтэй өрсөлдөж байгаагаа санах хэрэгтэй. Зарим нь хоёр гуравдугаар ангиасаа эхлээд зорилгоо тавьчихсан эцэг эхчүүд нь багаас нь анхаардаг их бэлдсэн хүүхдүүд байдаг. Цаг хугацааны тал дээр жаахан эрт эхэлж, мэдээллээ илүү авчихсан байсан бол гэж боддог. Ялангуяа Монголд эцэг эхчүүд, хүмүүс өндөр төлбөртэй сургуульд хүүхдээ явуулах юм бол сайн сургуульд орчихно гэж бодоод байдаг. Тэр сургуулийнх нь төлбөр их байх тусам манай хүүхэд илүү сайн боловсрол авна гэж боддог. Тэр нь нэг талаараа үнэн. Нэг талаараа үгүй. Тухайн сургуульд орохын тулд ямар шалгалт өгөх ёстой вэ? Ямар процесстой энэ нь хэрхэн яаж явагддаг, шийдвэр гаргаж байгаа хүмүүс нь юу хардаг зэрэг тэрийгээ ойлгож судлаагүй байж өндөр төлбөртэй сургуульд өгчихсөн ингээд л болоо гээд бодчихсон байдаг. Энэ бол үнэхээр буруу. Улсын сургуульд сураад гадаадын томоохон их сургуулиудад орох боломжтой шүү дээ.
Магадгүй үүнийг эртхэн мэдэж байсан бол гэж бодогдсон зүйл байв уу?
Аль болох эрт л эхэлж их мэдээлэл авах нь чухал. Интернетэд бүх юм байгаа хэрэгтэй мэдээллээ олоод эрт бэлдэж эхлэх хэрэгтэй. Сайн эрэл хайгуул хийх нь чухал гэж би хувьдаа бодож байна. Өргөдлийн процессыг даван туулж байгаа хүмүүс миний найзуудаас харахад сэтгэцийн эрүүл мэнд аягүй дордсон байдаг. Яагаад гэвэл бэлдэж байх хугацаандаа маш их шалгалт өгдөг. Яагаад гэвэл зарим дээр нь унана, гутарна. Маш их эсээ бичнэ. Эсээнүүдээ бичиж байхдаа яагаад үүнийг хийгээд байгаа билээ. Би ер нь хаашаа явж байгаа билээ гээд философийн асуултууд өөрөөсөө их асуудаг. Үүнээсээ болоод сэтгэл гутралд орчих гээд байдаг. Гэр бүл эргэн тойрны хүмүүсийн хүлээлт хүн болгон л сайн оноо авч сайн сургуульд орж эцэг эхээ баярлуулж бусад хүмүүсийн бахархлыг төрүүлэхийг хүсэж байгаа. Үүний зэрэгцээ энэ нь дарамттай хүсэлтийг нь гүйцэлдүүлэх зэргээр мэдрэгддэг. Их сургуулийн өргөдлийн процесс бидний амьдралын жижигхэн хэсэг гэсэн үг. Тэгэхээр зарим сургуульд тэнцэнэ, зарим сургуульд тэнцэхгүй. Тэнцэхгүй байлаа гээд энэ нь чи муу гэсэн үг биш. Бие, сэтгэцийн эрүүл мэндээ алдагдуулахгүй баланстай авч явах нь чухал. Ямар нэгэн юм болохгүй байх юм бол эцэг эх найзуудтайгаа ярих зэргээр тухайн асуудлыг том асуудал болохоос өмнө жижиг дээр нь шийддэг байгаарай.
Гадаадад сурах бодолтой олон залуус байдаг. Гэхдээ ихэнх залуучууд хэлний мэдлэг тааруу би ийм тийм гээд голоод хойш суух хандлагатай байдаг. Тэдгээр залууст өгөх зөвлөгөө?
Хэлний мэдлэгээсээ болоод, бололцоо байхгүйгээсээ болоод гадаадад сурч чадахгүй гэдэг нь ташаа ойлголт. Хэлний мэдлэг, шалгалтын оноо тааруу байвал дээшлүүлж болно. Өөрийгөө сайжруулах боломж бий. Гадаадын Америкийн бакалаврын шалгуурт цөөхөн хэдэн шалгуур байдаг. Хамгийн эхнийх нь шалгалтын оноонууд орно. Энэ нь IELTS, TOEFL. Гэхдээ хүмүүсийн ташаа ойлголт нь IELTS, TOEFL -ийн оноо аваад л болчихдог гэсэн ойлголт байдаг. Яагаад энэ шалгалтуудыг өгдөг вэ гэхээр нэг ёсондоо тэр хүүхэд хичээлдээ очоод ямар нэгэн асуудалгүй ойлгож чадна гэсэн баталгаа л байдаг. Түүнээс биш англи хэлэндээ сайн байлаа гээд шууд сургуульд орчихдог гэсэн үг биш. Зүгээр л шалгууруудын нэг. Ерөнхийдөө бол IELTS, TOEFL том шалгуур биш учраас эрт өгөөд эртхэн замаасаа гаргасан дээр гэж бодож байна. Миний хувьд 11-р ангийн эхэнд энэ шалгалтаа өгөөд дахиж энэ шалгалтыг өгөх шаардлагагүй болсон гэсэн үг. АНУ-руу өргөдлөө явуулж байгаа бол SAT гэж томоохон шалгалт байгаа. Энэ нь нэг үгээр ЭЕШ гэсэн үг. Судалж үзээд маш сайн бэлдэхгүй бол долоо хоногийн дотор бэлдээд өгчихдөг шалгалт биш. Энэ шалгалтын төрлүүд нь хүүхдүүдийн сургуульд орох магадлалыг нэмэгдүүлдэг. AP, A level, IB гээд гурван ахлах сургуулийн программ байдаг. Энэ программуудаа үзэж дуусгаад шалгалтууд өгдөг. Энэ шалгалтууд нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Бүх мэдээллүүд интернетэд байдаг учраас хайгаарай гэж зөвлөмөөр байна.
Өөр ямар зүйлсийг мэдэж байх шаардлагатай вэ?
Энэ шалгалтуудын оноонуудаас гадна ахлах сургуулийн дүнгийн хуудас их чухал. Тиймээс ялангуяа 9-12-р ангийнхаа дүнг аль болох сайн байлгаарай. Хичээлээс гадуурх ажил нь ганц хоёр сайн дурын ажил хийгээд болчихдог зүйл биш. Маш их хөдөлмөр ороод өөрөө хүсээд тухайн сургуульд ороход надад ийм зүйл чухал шүү би ийм зүйлийг эрхэмлэдэг шүү гэдгээ харуулах зорилготой хэсэг. Тийм учраас хичээлээс гадуурх хийдэг зүйлс тухайн хүний дуртай, чухалчилдаг зүйлс байхыг илүүд үздэг. Энэ бүх шалгуур нь тухайн өргөдлөө явуулж байгаа хүнийг бүх талаас нь харуулах зорилготой юм. Өргөдлөө бичиж эсээ сайн дурын ажлуудаа жагсааж бичихдээ үнэн зөв бичих нь чухал. Өргөдөл шалгаж эсээ уншиж буй хүмүүс хэдэн арван мянган хүний эсээ уншиж шалгадаг учраас хэн нь өөрийгөө дөвийлгөж хэн нь шударгаар бичсэн байна вэ гэдгийг ялгаж чаддаг. Тиймээс үнэнчээр эсээгээ бичиж өөрийгөө илэрхийлэх нь чухал.
Засгийн газрын тэтгэлгийн шалгуур юу вэ? Таны хувьд анх засгийн гзрын тэтгэлэгээр явсан уу?
Засгийн газрын тэтгэлэг гэхээсээ илүү би засгийн газрын зээл гэж хувьдаа бодож байгаа. Монгол улсын иргэн нь өөрийнхөө хөдөлмөрийг үнэлүүлээд дэлхийд топ 100 сургуульд ороод, сургуульдаа тэнцэж сургалтын төлбөр, мөнгөн тусламж аваад сурлагаа гүйцэлдүүлсний дараа Монголдоо буцаж ирж ажиллаж амьдраад улсдаа хувь нэмрээ оруулах ийм үйл явц л гэж би ойлгодог. Миний мэдэхээр засгийн газрын зээл 2013 оноос хойш хэрэгжиж байгаа. Энэ жил журамд нь өөрчлөлт гарсан байналээ. Үүнээс өмнө бакалавр, магистр, докторын сурагч нь дэлхийн топ 100 сургуулийн 2 том жагсаалт байдаг. Times Higher Education, ARWU гэсэн хоёр том жагсаалтын эхний 100д орсон сургуульд тэнцсэн байх ёстой. Энэ топ 100 сургуульд тэнцсэний дараа дахин шалгаруулалтад ярилцлага эсээгээ өгөөд энэхүү зээлд хамрагдах боломжтой байдаг. Ийм журамтай байсан. Харин 2021 онд засгийн газрын зээлийг энэ жилийн сурагчдад өгөөгүй. Мөн саяхан журамд нь өөрчлөлт оруулсан. Ямар өөрчлөлт орсон бэ гэвэл математик, англи хэлний ЭЕШ-даа 800 оноо авсан хүүхдүүдийг нэг жил бэлдээд топ 100 сургуульд орсны дараа тухайн зээлийг өгнө гэсэн журам оруулсан. Үүнээс цааш энэ журмаар явагдах байх гэж бодож байна.
Цар тахлын улмаас олон залуучууд тэтгэлэггүйгээсээ болоод явж чадаагүй гэж байсан энэ талаар яривал?
Миний хувьд энэ жил засгийн газрын зээлээр сурах журамд өөрчлөлт орсон нь надаас гадна олон хүүхдүүд дэлхийн топ-100, 10, 20 гэх мэт сургуульд тэнцсэн ч энэ жил засгийн газрын зээл зарлагдаагүйн улмаас сургуульдаа сурч чадаагүй, татгалзсан хүүхдүүд маш олон байгаа. Манай сургуулийн хувьд Times Higher Education-ий жагсаалтад долдугаар байранд, ARWU-ийн жагсаалтад тавдугаарт ордог. Гэтэл саяхан шинээр батлагдаж байгаа журам амьдралаас хол, өргөдлийн процесс их, сургуулийн өргөдлийн процесс яаж явагддаг талаар ямар ч мэдлэггүй хүмүүс энэ журмыг баталсан юм шиг санагдсан. Засгийн газрын тэтгэлгийг саяхныг болтол дарга нарын, баячуудын хүүхдүүд авдаг гэсэн мэдээнүүд гарсан. Яг хэрэгтэй хүмүүст нь хүрч амжаагүй байхад нь ирээдүйн төлөө зориулах ийм хөтөлбөр зээлийг зогсоож байгаад миний хувьд харамсалтай байна. Маш олон хүмүүс үүнээс болж боломжоо алдаж байгаа. Ийм журам батлахдаа сайн уншаад баталж байгаасай гэж бодож байна. Жишээ нь сая баталсан математик англи хэлд өндөр оноо авсан хүүхдийг нэг жил бэлтгээд топ 100 сургуульд тэнцсэн хүүхдүүдэд зээл өгнө гэдгээ дахиж харж үзээсэй. Зөвхөн математик, англи хэлэндээ сайн байгаад тэр сургуулиудад орж чадах уу? Дахиад нэг жил бэлдээд л дэлхийн топ 10 сургуульд орж чадах уу? Засгийн газрын зээлтэй холбоотой журмууд анхнаасаа батлагдахдаа их сонин буруу байдлаар батлагдсан гэсэн үг. Дэлхийн топ 100-н сургуулиудын нэгэнд орсон залуусын дунд дахиад шалгаруулалт явуулдаг. Энэ нь нээлттэй ил тод биш. Дэлхийн топ эхний таван сургуульд орсон хүүхдийг жишээлбэл топ 50-д орсон хүүхэдтэй яаж харьцуулаад байгаа нь мэдэгдэхгүй. Боловсролын зээлээр сурчхаад гадаадад үлдлээ гээд яриад байдаг. Зээлийн журмаа чангатгаад шинэчлээд буцаад эх орондоо ирэх байдлаар өөрчилж яагаад болохгүй байгаа юм бэ? Дэлхийн топ сургуулиудад тэнцэхийн тулд өдөр, шөнөгүй хичээж сая нэг тэнцсэн байхад засгийн газрын тэтгэлэг нь гэнэт зогсох, сүүлд хожимдож мэдээ нь гарч байгаад маш их харамсалтай байна.
Цар тахлаас шалтгаалан цахимаар сурч байсан. Сургуульдаа очоод суралцах нь илүү их боломж олгож байгаа байх. Очиж суралцаад хамгийн түрүүнд хэрэгжүүлж буй зүйлс юу байна?
Хэдэн зуун орны оюутнуудтай мөр зэрэгцээд сурч байгаа нь маш олон зүйлийг сурах харах өнцөг, мэдээлэл болон бусад боломжуудыг нээж өгч байгаа. Хүмүүс яагаад заавал гадаадад сурах, яагаад заавал хамгийн шилдэг их сургууль гээд байдаг вэ гэж би их бодож үзсэн. Хамгийн чухал зүйл нь ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж байгаа ямархуу тойрогт ороод сурч байгаа вэ гэдэг нь чухал. Жишээлбэл миний өрөөний хамтрагч охин мэргэжлийн теннисчин, хичээлдээ явж байхдаа л Google, Facebook-т ажиллаж байсан хүнтэй таарах, хоол идээд хажууд сууж байсан охин маань Берлинд хүний эрхийн төлөө жагсаал зохион байгуулахад тусалсан гэх мэт хэдэн мянган хүмүүсийн өөр түүх тэрийг сонсож үүнээс суралцаж өөр хүмүүстэй хамт байх нь надад их сонирхолтой санагдсан. Би Монголд ээж аавтайгаа амьдардаг байхдаа өөрийнхөө хэмжээнд биеэ даасан гэж боддог байсан. Гэтэл энд ирээд өөрийгөө ямар цагийн менежмент сул, өөрөө өөрийгөө хүчилж юм хийхдээ тааруу биеэ даагаагүй эрх байсан гэдгээ ойлгосон. Энд ирээд гэр бүлээ маш их санасан. Эцсийн эцэст өөрөө өөрийнхөө ээж байж эрт унт гэж хэлэх өөрөө өөрийнхөө аав болж эрүүл хоол идэж хичээлдээ цагтаа явж цагтаа эрт унтаж, эрт сэрж өөрийгөө дайчилж авч явах нь чухал юм байна. Энэ нь амьдралын маш том хэсэг гэдгийг ойлгосон.
Сургуульд нь Монгол оюутнууд хэр их байдаг вэ?
Манай сургуульд 40 гаруй мянган оюутантай. Үүнээс 15 нь Монгол оюутан байдаг. Цөөхөн ч гэсэн монголчуудтайгаа нэг сургуульд сурч байгааг минь надад азтай санагдсан. Өдөржингөө англиар ярьж байгаад 5 хан минут ч гэсэн Монголоор ярих нь сэтгэл сэргээмээр гоё байдаг. Манай Беркли дэх Монголчууд 10 сарын 9, 10-д морин хуурын фестиваль зохион байгуулна. Монголын түүх соёлоо таниулах, морин хуур хөгжмийг олонд сурталчлах зорилготой. Энд ирээд Монголынхоо түүх соёлыг илүү их эрхэмлэж, нандигнадаг болсон.
Цаашдын зорилго тань юу вэ? Ярилцлагын төгсгөлд хэлэхийг хүссэн зүйл байна уу танд?
Мэдээж ирээдүйд хийж бүтээхийг хүссэн төлөвлөсөн маш олон зүйл байгаа. Амьдрал л юм чинь тэр төлөвлөгөөнүүдэд өөрчлөлт ороод чиглэлээ өөрчилж ч магадгүй. Манай ээж аав хүн боловсролтой, баян, мөнгөтэй байж болно гэхдээ эцсийн эцэст заавал хүн л байгаарай гэж надад маш их захидаг. Тийм болохоор амьдралдаа хаана ч очсон хэзээ ч юу ч хийж байсан тэр захиасыг нь мартахгүй гэж боддог.