Монгол улс таван хошуу малынхаа ашиг шимийг эртнээс хүртэж ирсэн малч ард түмэн ч орчин цагт сүү, цагаан идээ, таргаа импортоор авдаг. Тухайлбал эцэг эхчүүд, хүүхдэдээ импортын иогуртыг өдөр тутамдаа өгөх нь бий. Хүүхдийн хоол мэт болсон энэ хүнсэнд гэвч хүүхдэд хэрэгтэй шим тэжээл, амин дэм байдаг уу? Эсвэл хүүхдэдээ хор идүүлж байна уу? Үүнийг тодруулахаар бид Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Туултай уулзлаа. Бид түүнд гадуур нийтлэг зарагддаг хоёр иогуртны саван дээрх орц найрлагыг харуулж, хүний биед шим тэжээлтэй орц найрлага бий эсэхийг тодрууллаа.
Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Туул:
“Энэхүү иогуртанд тарагт агуулагддаг ашигтай бичил биетийн хэмжээ багассан байна. Мөн үйлчлэл нь буурсан. Учир нь ашигтай бичил биетийг дарангуйлж байдаг хүнсний нэмэлт бодис агуулсан байгаа юм. Энэ нь хүүхдийн гэдсэнд ороод ашигтай бичил биетийг үүсгэж, хүүхдийн дархлааг сайжруулж, өсөлт хөгжлийг дэмжиж чадахгүй. Тиймээс импортоор ирж байгаа иогуртыг хүүхдэдээ хэрэглүүлэхгүй байх хэрэгтэй. Жишээ нь, энэхүү бүтээгдэхүүнд Е1422, Е1412 гэхчлэн хүнсний нэмэлт бодис агуулсан. Түүнчлэн Е330,Е331 бодис нь хадгалах хугацааг уртасгах үйлчилгээтэй.
Хүнсний нэмэлт бодис болох Е1422,Е1412 нь чихэр, жимс, шүүсний чихэрлэг амтыг хүчтэй болгох өнгөлөгч бодис юм. Е330 болон Е331 нь үл исэлдүүлэгч, исэлдэлтийг удаашруулах антиоксидантууд агуулдаг. Е412 нь зохих бие бүтцийг хадгалах тогтворжуулах бодис. Түүнчлэн Е160 нь будагч бодис агуулдаг химийн элемент.
Үүнд сахарын агууламж их байна. Сахарын агууламж нь 100 грамм бүтээгдэхүүнд 5 хүртэлх грамм сахар байвал бага гэж үздэг. 5-10 грамм байвал дунд зэрэг, анхаарал татахуйц . 10 граммаас дээш байвал сахарын агууламж өндөр байдаг. Энэхүү бүтээгдэхүүнд 100 грамм бүтээгдэхүүнд 9.5 грамм байгаа нь өндөр хэмжээнд орно”
Бидний иогуртаны орц найрлагын шалгахад тарагт агуулагддаг ашигтай биет багатай, хүнсний нэмэлт ихээр агуулагдсан байв. Тэгвэл энэ нь хилээр хэрхэн давж, ямар шалгалтын дараа бидний гар дээр ирдэг талаар НМХГ-ын Хүнсний чанар стандарт, хяналтын улсын байцаагч Л.Долгормаагаас тодруулснаа хүргэе.
Хүнсний чанар стандарт, хяналтын улсын ахлах байцаагч Л.Долгормаа: Иогурт, сүү сүүн бүтээгдэхүүнд зөвшөөрөл байхгүй. Харин импортолж оруулж ирэхэд нь хяналт тавьдаг. Импортолж байгаа гүний хяналтад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын экспортын хяналтын хэлтэс хянаж ажиллаж байна. Ихэвчлэн Оросын холбооны улсаас иогурт импортлогддог. Бичиг баримтыг нь хянадаг. Иогурт нь эрсдэлтэй сүү сүүн бүтээгдэхүүн гэж явдаг учраас тухайн газар чанарын зохистой дадал хэрэгжүүлсэн эсэхийн шалгадаг. Энэ нь ISO хэрэгжүүлсэн үйлдвэр мөн үү? Чанарын үйлдвэрлэлийн тогтолцоог хэрэгжүүлсэн эсэхийн тогтоодог. Чанарын гэрчилгээ, анализад орц найрлага, тогтворжуулагч хэрэглэсэн эсэх нь байдаг.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар ийнхүү импортоор ирдэг иогурт, сүү сүүн бүтээгдэхүүнд зөвшөөрөл байхгүй, импортоор орж ирэхэд нь л хяналт хийдэг гэв.
Тэгвэл иргэд тараг худалдан авахдаа орц найрлага, эрүүл мэндийн шаардлага хангасан эсэх талаар хэрхэн ач холбогдол өгдгийг асуулаа.
Иргэд:
“Сүүлийн үеийн ихэнх иогуртууд химийн бодис, хугацаа уртасгагч агуулдаг болсон. Одоо гэр иогуртыг хэрэглэдэг болсон”
“Мэдээж цагаан идээ болохоор хүнд хэрэгтэй зүйлс байна. Гэвч химийн найрлагатай болж, хугацааг нь уртасгаж хор, нөлөөтэй зүйлс их болсон. Сайн зүйл нь багассан”
Ийнхүү бидний өдөр тутамдаа өөрсдөө хүүхдэдээ авч өгч хэрэглэдэг импортын хоёр ч тарагны хүний биед хэрэгтэй, ашигтай амин дэм байгаа эсэхийг судлахад ийм хариу гарав. Тиймээс уншигч, үзэгч та идэж буй хүнсээ зөв сонгож хэрэглэх шаардлагатай болж байна.