2020 онд болсон “Улаанбаатар” олон улсын XII кино наадмын тэргүүн шагналыг найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө” кино хүртсэн билээ. Энэхүү уран бүтээл албан ёсоор өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийн үзэгчдийн хүртээл боллоо. Энэхүү уран бүтээлийг онцлон хүргэж байна.
Ж.Жамъянсүрэн “Хөхөө” киногоо 2018 онд хийжээ. Гэсэн ч “хав дарсаар” өнгөрсөн 2020 оны дөрөвдүгээр сард л цөөн кино шүүмжлэгч, судлаач, үзэгчдийн дунд кино үзлэгээр хүргэсэн байна. Хоёр жилийн өмнө бүтээгдсэн ч нээлтээ ч хийгээгүй байгаа уг бүтээл “Улаанбаатар” олон улсын кино наадмын хүрээнд үзэгчдэд нэг л удаа толилуулагдсан нь ийнхүү кино сонирхогчдын ярианы халуун сэдэв болж байсан юм.
Киноны постер зураг, нэрийг нь хараад л хамгийн түрүүнд хөхөө шувууны домог сэтгэлд буусан. Харин чухам энэхүү домог кинонд хэрхэн дүрслэгдэх нь сонихон байлаа.
Монгол ахуйн сэдэвтэй кинонд ихэвчлэн тал, нуга ногоон байгаль, адуу мал гардаг бол Г.Жамъянсүрэн энэ бүхнийг Ховдын Үенчийн хавцалд буусан ганц айлаар төлөөлүүлэн харуулсан нь өвөрмөц бөгөөд киноны хийцийг энгийншүүлэх хэрнээ үйл явдлын өгүүлэмжийг илүү тодотгож өгчээ. Монгол гэрт үзэгчдийг бүрэн тухлуулж үйл явдалд автуулан монгол ахуйг байгаагаар нь дүрсэлсэн сцен бүр үнэ цэнэтэй байлаа. Нас дээр гарсан эмгэн хэвтэрт ухаангүй удсан болохоор Дашдорж хотоос ах, эгч нараа дууджээ. Эмгэн таван хүүхэдтэй. Том охин Цэрмаа бол сумын төвд амьдардаг, уулгамч зантай олон хүүхдэд дарагдсан ижийтэйгээ хамт өтөлж яваа нэгэн. Удаах охин Сувдаа хотод эрдмийн мөр хөөж, ээждээ зурагтаар л дүрээ харуулдаг бол том хүү Лхагвадаш хотод эрх мэдэлтэй хүний охинтой гэрлэсэн, даргын цүнх баригч. Үүнийгээ ч нуудаггүй. Бага охин Уянга Солонгос яван солонгос хүнтэй гэрлэжээ. Харин бага хүү Дашдорж эхнэр Туул, охин Хулангийн хамт хөгшин эхийгээ тойглон малчин эцгийнхээ галыг сахин нутагтаа амьдарч байгаа гүндүүгүй малчин эр.
Найруулагч нэг айлын таван хүүхдээр одоогийн нийгмийн нийтлэг байгаа таван өөр дүр төрхийг төлөөлүүлэн хатуухан гэхдээ хэтрүүлэггүйгээр харуулжээ.
Кино нүдний урлаг, нүдээр тоглож, нүдээр харуулж, нүдээр ярьдаг гэдэг. Тэр ч утгаар энэ бүтээл маш бага, оновчтой харилцан яриатай болсон нь үзэгчдэд харилцаа үүсэх, эрэгцүүлж бодох хугацааг өгчээ. Сүүлийн үеийн ихэнх монгол кинонд ажиглагддаг хиймэл, хоосон, дүр эсгэсэн, зогсолтгүй харилцан яриа энд байсангүй. Тиймээс л найруулагч Ж.Жамъянсүрэн киноны хэлийг театрын хэлнээс ялгаж оновчтойгоор харуулсан санагдлаа. Гавьяат жүжигчин Т.Борхүү, гол дүрийн малчин эрд тоглосон Ц.Цэрэнболдыг магтахгүй байхын аргагүй. Тэдний хэлсэн үг бүр үнэ цэнэтэй, үнэн байсан. Мөн үйл хөдлөл харцаараа ярьж байсан нь өнөөгийн кинонд үгүйлэгдэж байсан тэр л орон зайг нөхжээ. Найруулагч Ховдын Үенч сумын хавцлыг зүгээр ч нэг сонгоогүй байх гэлтэй. Киноны гол утга санаа нь ч байж мэдэх, өтөл нас, хүн чанар үгүйлэгдсэн тэр л орон зай, мэдрэмжийг хавцлын гундуухан шаргал өнгө нь өөрөө үзэгчдэд хүүрнэн байлаа. Мөн киноны хөгжим нь зүрх дэлсэн огцомдсон зүйлгүй харин ч хонь майлах, ботго буйлах, данхны таг хангинах зэргээр энгийн дуу чимээг оруулсан нь сэтгэлд маш ойр дотно бууна.
Ах нь дүүдээ “Чи мал шиг амьдарч байна”, хотод төвхнөсөн дунд охин ач охиноо буруу эрхлүүлсэн хэмээн ээжийгээ зэмлэж “Хүнээ л байна даа” гэж загнаж байгаа ч үнэндээ хэн нь мал шиг амьдарч, хэн нь хүнээ байгаад байгааг үзэгчдээр өөрсдөөр нь бодуулахаар тооцож урласан нь найруулагчийн маш оновчтой шийдэл байлаа. Энэ мэт киноны үг үйлдэл бүр өөр хорондоо уялдаа холбоо өгүүлэмжтэй, далд утга санаатай нэгийг бодуулахаар болжээ.
Бидний монголчууд хэзээнээсээ нүүдэлчид, гэтэл суурин газрын соёл иргэншил рүү юунд тэгтлээ хүсэн тэмүүлнэ вэ. Малчны хотоос хотод суурьшсан дүрүүдээс энэ бүхнийг хариултыг харж болохоор.
Киноны төгсөлд бага хүү бууриа сэлгэн тэмээ, үхэр тэрэг хөлөглөн нүүдлэх нь нүүдэлчин монгол ахуй биднээс алсран одож буй мэт уйтай байлаа.
Зохиолыг нь домогт суурилан бичсэн гэдэг талаас нь харвал үрдээ гомдсон өвчтэй ээжийн үхэл нь хөхөө шувуу далавч урган нисэн одож байгаа зүйрлэл гэлтэй. Ингэснээрээ бас үхэл бол төгсгөл биш шилжилт, хөөрхий ээж үр хүүхдэдээ гомдож энэ л нийгмийн өөрчлөлт дунд орхин оджээ гэсэн санааг давхар илэрхийлжээ гэж мөхөс ухаандаа ойлголоо.
“Хөхөө” киноны гол дүрийг бүтээсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Борхүү, жүжигчин Ц.Цэрэнболд, А.Цэгмид, П.Баярмагнай, А.Баярцэцэг, Э.Сансар нар үүргээ төгс гүйцэтгэжээ. Тэр ч утгаар энэ кино баг, зохиол, жүжигчид, зураг авалт, хөгжим, үзэгчидтэй харилцаа үүсгэн нэгийг бодогдуулах шилжилтийн сцен гээд өөлөх зүйл олдсонгүй.
“Хөхөө” киноны зохиолыг Ж.Жамъянсүрэн ОХУ-ын нэрт зохиолч Валентин Распутиний “Последний срок” буюу “Сүүлчийн амьсгал” туужаас сэдэвлэж, хөхөө шувууны домогт суурилан бичжээ. Ингэхдээ зохиолч Валентин Распутиний эхнэрээс албан ёсны зөвшөөрөл авсан байна. Харин одоо “Хөхөө” киног харахад яагаад ч орос зохиол байхааргүй монгол ахуй нэвт үнэртсэн бүтээл болж чаджээ.
Ж.Жамъянсүрэн 1994 онд дунд сургуулийн сурагч байхдаа ОХУ-ын нэрт зохиолч Валентин Распутиний “Последний срок” буюу “Сүүлчийн амьсгал” туужийг уншчихаад аавдаа “Ааваа би энэ зохиолыг заавал кино болгоно” гэж хэлж байсан гэдэг. Аав нь тэр үед “Наадах чинь айхтар кино болно доо” хэмээн хүүгээ урамшуулж байжээ. Тэрээр кино хийхсэн гэсэн бодлоо тээсээр 2015 онд “Айлаас эрэхээр авдраа уудла” гэгчээр “Хөхөө” шувууны домгоор яагаад бичиж болохгүй гэж хэмээн сэтгэж кино зохиолоо бичсэн гэдэг. Одоо тэр аавынхаа төсөөлөлд хүрсэн “айхтар” бүтээлийн эзэн болжээ. “Хөхөө” хүлээлтийг давж Монголын кино урлагт чангаар донгодлоо.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ. Дугаар 455