Эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн боловсролын талаар ярилцаж, зөвлөгөө өгөх нь хамгийн чухал. Тухайн үед хүүхэдтэйгээ ярилцаагүй, хүүхдэдээ мэдээлэл өгөөгүйн улмаас хүүхдүүд алдаа гаргах нь бий. Тиймээс бид эцэг эхчүүдэд зориулан шилжилтийн насны хүүхэдтэйгээ бэлгийн боловсролын талаар хэрхэн зөв ярилцах тухай АШУҮИС-ын Өрхийн анагаах ухааны тэнхимийн ахлах багш, доктор М.Ундрамаас тодрууллаа.
АШУҮИС-ын Өрхийн анагаах ухааны тэнхимийн ахлах багш, доктор М.Ундрам:
“Одоо үед эцэг, эхчүүд, хүүхдүүдийн харилцаа харьцангуй нээлттэй болсон. Энэхүү харилцаагаа илүү сайжруулахын тулд хүүхдийнхээ насанд нь тохирсон мэдлэг өгч, ярилцах хэрэгтэй. Шилжилтийн нас эрэгтэй, эмэгтэй хүүхдэд харилцан адилгүй боловч, ихэнхдээ 10 настайд нь өсвөр нас эхэлдэг. Өсвөр насанд бие махбодь болон сэтгэцэд эрчимтэй өөрчлөлт явагддаг. Хөгжил явагдаж байгаа үед нь гэхээсээ илүү өсвөр нас эхлээгүй үед нь тухайн насанд гарч болох өөрчлөлтийн талаар мэдлэг олговол илүү тохиромжтой. Ингэх нь тухайн хүүхэд аливаа асуудалтай тулгарахдаа өмнөх мэдлэгээ ашиглан даван туулахад хүндрэл багатай байх болно.
Өсвөр насанд гарч ирдэг гол өөрчлөлт нь биеэс эвгүй үнэр үнэртэх, энэ нь суга, умдгийн үстэй холбоотойгоор бий болдог. Эцэг эхчүүд өсвөр насны хүүхдийн бэлгийн бойжилт, ирээдүйд болох сэтгэл зүйн байдалтай холбоотой хамгийн гол үүргийг хүлээдэг чухал хүмүүс. Тэдэнтэй хэн илүү ойр дотно байж болж байгаа асуудлаа нээлттэй ярина төдий чинээ ирээдүйн өсөлт хөгжил эрүүл, зөв явагдана.
0-6 НАС
Хүүхдүүд 0-2 насанд бэлэг эрхтнээ танин мэдэж, хүйсийн ялгааг анзаарч эхэлдэг гэдгийг судлаачид хэлдэг. Хүйсийн ялгааг мэдэрч буйг бид охин хүүхэд аавдаа, хөвгүүд ээждээ илүү сайн ханддаг гэдгээр нь мэднэ. Харин 3-6 насандаа янз бүрээр шээж үздэг. Охид хөвгүүдийг дуурайн зогсоогоороо бие засах зэрэг нь биемахбодио танин мэдэж буйн нэг жишээ юм. Хэдийгээр балчир жаахан нас мэтээр эцэг эхчүүдэд санагддаг ч 2 насандаа хүүхдүүд өөрийн бэлэг эрхтний талаар төсөөлөлтэй болдог.
Хүү, охин чинь тантай харилцан ярилцах хэмжээнд хэл яриа нь хөгжөөгүй байгаа ч энэ нь түүний тархи таны хэлснийг ойлгож, тогтоож авах болоогүй гэсэн үг биш гэдгийг нэн түрүүнд сануулъя. Бие эрхтнүүдийнх нь нэршлийг зөвөөр нэрлэж хэвшүүлэх, тайлбарлаж өгөхөөс эхлээрэй. Энэ насандаа хүүхдүүд эрэгтэй, эмэгтэй ялгаагүй гэртээ, тэр ч бүү хэл олон нийтийн газар ичимдэг эрхтнээрээ оролдох тохиолдол их байдаг. Энэ тохиолдолд хүүхдээ бусдын өмнө ичээж, шүүмжлэн загнахын оронд олон нийтийн газар ийм үйлдэл хийх нь тохиромжгүй гэдгийг тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй.
6-9 НАС
Энэ насны хүүхдүүдэд бэлгийн бойжилт, мөн чанартай нь холбоотой маш олон асуудлууд гарч ирдэг. Зарим хүүхдүүдэд 6-9 насанд нь бэлгийн бойжилтын эхэн үеийн шинж тэмдэг илрэх нь ч бий. Бэлгийн бойжилт нь үеийнхнээсээ түрүүлж эхэлсэн хүүхдүүд биеэ бусдад харуулахаас ичиж эхэлдэг. Охид ээжийнхээ дэргэд хүртэл хувцсаа солихоос ичиж, өөрийн гэсэн орон зай дутагдаж буй мэт мэдрэмж төрж, хэрэв түүнийг нь ойлгохгүй, өөрийнх нь хүслийг хүлээн авахгүй бол бухимдаж стресстдэг байна.
Бэлгийн бойжилтын талаар анхан шатны мэдээллийг өгөх нь тохиромжтой. Хүүхдийнхээ асууж буй асуултыг хаалттай, хориотой сэдэв гэж “таслан зогсоох”-ын оронд тайлбарлаж байх хэрэгтэй. Тэд танаас хүүхэд хаанаас ирдэг вэ? Секс гэж юу вэ? Гэсэн гүнзгий асуултуудыг асууж ч мэднэ. Танай гэр бүл хүүхдүүддээ багаас нь бэлгийн бойжилтын талаар нээлттэй ярилцдаг, илэн далангүй, шударга гэр бүл бол энэ асуултад торолгүй хариулж хүүхдэдээ зөв ойлголт өгч чадна гэдэгт итгэлтэй байна.
9-12 НАС
Ихэнх хүүхдийн бэлгийн бойжилт энэ насанд эхэлдэг. Хөвгүүдэд үс ургаж, бэлгэ эрхтэн нь хөвчирч, нойтон зүүдэлж эхэлдэг бол охидын хөх ургаж, анхны сарын тэмдэг нь ирдэг. Энэ үед зарим хүүхдүүдийн хувьд аймшигт мангас болох батгашилт буюу арьсны асуудалтай тулгардаг. Зан араншин бол хувьд өөрчлөгдөж илүү ичимхий, хаалттай болох нь бий. Мөн бусдад сэтгэл алдарч, дурлаж, үерхэж эхэлдэг.
Хүүхдүүд тань бэлгийн бойжилт гэж юу болох? Биед нь ямар ямар өөрчлөлтүүд гарч эхлэх? Уг өөрчлөлтийн үр дүнд бие, физиологи болон сэтгэл санаа нь хэрхэн өөрчлөгдөх? Бэлгийн замаар дамжих халдвар / БЗДХ / гэж юу болох? Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох нь ямар муу нөлөөтэй? Жирэмслэлт гэхчлэн бүхий л сэдвээр ярилцахад хангалттай сайн ойлгох насанд хүрчээ. Тиймээс энэ талаар аав нь хүүтэйгээ, ээж нь охинтойгоо ярилцаж хэвших нь ирээдүйд гарах олон эрсдэлээс сэргийлэх, гэр бүлийн нандин харилцааг авч үлдэх олон давуу талтай.
13-19 НАС
Дааврын өөрчлөлт өсвөр насныхны сэтгэл зүйг тогтворгүй болгодог, эцэг эхчүүд хүүхдүүдтэй харилцахад улам хэцүү болдог нас. Өөрсдийгөө ч яагаад байгааг бүрэн ухаараагүй хүүхдүүдтэй нандин хирнээ ичмээр, бас хамгийн ихээр сонирхож буй сэдвийнх нь талаар ярилцана гэдэг амаргүй даваа болдог. Тэд том болж байгаагаа илүү ихээр анзаардаг бөгөөд ганцаараа байхыг эрмэлзэж, бусдад уруу татагдах эрсдэлтэй болж эхэлдэг. Томоогүй зангаар тамхи татах, согтууруулах ундаа уух, эрсдэлтэй алхам хийх нь энэ насныхны хувьд хамгийн онцгой үе нь гэж хэлж болно.
Мэдээж энэ маш чухал бөгөөд маш хэцүү үе гэдэгтэй хүн бүр л санал нийлэх биз. Тэд илүү хаалттай, дотогшоо болсон нь харилцааг хүндрүүлдэг. Гэхдээ л та энэ үед маш сайн найз, зөвлөх байх шаардлагатай юм. Хэрвээ та өмнө хүүхэдтэйгээ бэлгийн амьдрал, бэлгийн бойжилтын талаар хангалттай сайн ярилцдаг байсан бол энэ үеийг та 2 ажрах юмгүй давчихна. Гэвч эцэг эхчүүд бидний ихэнх нь ингэж ярилцдаггүй “хаалттай” гэхээсээ илүү ичимхий бүлгийнхэн байдаг. Гэхдээ л энэ насанд нь хүү, охинтойгоо БЗДХ болон хүсээгүй жирэмслэлт болон түүний хор уршиг, жирэмснээс хамгаалах арга хэрэгслийн талаар ярилцах ёстой. Одоо эсвэл хэзээ ч гэсэн үгийг энэ насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд сануулах нь зөв болов уу. Өдийг хүртэл түүнтэй хамт байж, өсгөж хүмүүжүүлж байсан учир эцэг эхчүүд хүүхдийнхээ онцлогийг бодолцож, тохиромжтой цагийг олж зөв мэдээлэл өгөх юм бол хүүхэд тань танд үлдсэн насан туршдаа талархах болно.
Орчин үед хүүхдийн амьдарч байгаа орчин илүү таатай болж байна. Мөн хоол тэжээлийн аюулгүй байдал хангагдаж байгаа учраас хүүхдийн өсөлт хөгжилд эерэг өөрчлөлт гарч байна. Энэ нь зөвхөн Монголд гарч байгаа өөрчлөлт бус дэлхий дахинд хүүхдийн бэлгийн бойжилт хурдан явагдаж, урагшилсан. Үүнийг муу зүйл гэж харахгүй байна. Тухайн үед эцэг, эхчүүд өөрсдөө мэдлэгтэй байх хэрэгтэй. Миний хүүхдийн бие махбодид өөрчлөлт гарч, үс ургана, хөх, түнх томорно гэдгийг мэддэг байх нь зүйтэй. Анхны шинж тэмдэг илэрснээс хойш тухайн хүүхдийн өсвөр нас эхэлчихжээ гэж үздэг. Зөвхөн бие махбодийн өөрчлөлтөөс гадна сэтгэл санааны хувьд асар өөрчлөгддөг. Жишээ нь, эцэг эхийнхээ үгнээс гардаггүй хүүхэд байсан бол өсвөр насанд найз нөхдийн холбоо хамаарал нэмэгдэж эхэлнэ. Үүнд, эцэг, эхчүүд тухайн зүйлийн талаар мэдлэгтэй, зөвлөж ярилцдаг, зөв дадал руу нь чиглүүлсэн байхад асуудлыг өөрөө даван гардаг.